Өргөдлийн байнгын хорооны дарга Чингэлтэй дүүргийн сургуулиудад ажиллав

  • 2015 оны 05 сарын 04

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос 2014 оны 12 дугаар сард “Боловсролын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих талаар иргэдийн өргөдлийг байнгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэх, шийдвэрийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү ажлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч О.Баасанхүү өнөөдөр /2015.05.04/ Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 117, 37, 72, 57, 61 дүгээр сургуулиудын үйл ажиллагаатай танилцав.

Ажлын хэсэг 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын багш, ажилтнуудтай уулзсан уулзалтын үеэр сургуулиудаас гарсан санал хүсэлтүүдийг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд ажлын явц байдлын талаар дээрх таван сургуулийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 117 дугаар сургууль нь 640 хүүхдийн багтаамжтай хэдий ч 1240 орчим сурагчтай хоёр ээлжээр хичээллэж байна. Тус сургууль төв замын хажууд байрладаг учраас хүүхдүүд зам тээврийн осолд өртөх магадлал өндөр байдаг. Тиймээс хурд сааруулагчийг засварлах, гарцны цагаан шугам хийх шаардлагатай байгааг Өргөдлийн байнгын хорооны даргад танилцууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн 37 дугаар сургууль 1983 онд байгуулагдсан, 93 багштай, 1940 гаруй сурагчтай, хоёр ээлжээр хичээллэж буй. Тус сургуулийн хувьд ирэх хичээлийн жилээс нэгдүгээр ангид зургаан бүлэг хичээллэх төлөвтэй байгаа гэлээ. Мөн сургуулийн дээврийн засвар, сан техникийн засвар үйлчилгээний ажлуудыг хийсэн бөгөөд сургалтын орчинд шаардлагатай тохижилтын зарим ажлыг Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага шийдвэрлэж өгсөн байна. Түүнчлэн сургуулийн орчны гэрэлтүүлэг муу байгааг шийдвэрлүүлэхээр дүүрэг, хорооны удирдлагуудад хандаад буй юм.

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 72 дугаар сургууль нь 1800 гаруй сурагчтай, хоёр ээлжээр хичээллэдэг байна. Сургуулийн барилга 1979 онд баригдсан, дээвэр нь хуучирч муудсанаас жил бүр солих шаардлага тулгарч буй. Харин ерөнхий боловсролын 57 дугаар сургууль 920 хүүхдийн хүчин чадалтай ч 1400 гаруй сурагчтай бөгөөд сургууль байгуулагдсан цагаас хойшх 40 жилийн хугацаанд биеийн тамирын зааланд нэг ч удаа их засвар хийгээгүй гэлээ. Дээрх сургуулиудын өмнө тулгамдаж буй бэрхшээл нь 2010, 2011 онд Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын санхүүжилтээр тохижуулсан мэдээлэл зүйн танхимын компьютер ашиглалтын хугацаа дууссан, шинэчлэх шаардлагатай байгааг Байнгын хорооны даргад дуулгав.

Үүний дараа Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургууль нь 1975 онд бага сургуулийн зориулалтаар баригдаж, ангидаа галлагаатай хичээллэж байгаад 2006 оноос 750 хүүхдийн сургууль баригдаж ерөнхий боловсролын сургууль болон өргөжүүлжээ. Өглөө 07.30 цагаас 19.30 цаг хүртэл тасралтгүй хичээллэдэг байна. Гэвч номын сан, цайны газар, биеийн тамирын заалгүй. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид төгсөхдөө хими, физикийн туршилт хийж үзээгүй төгсдөг хэмээн тус сургуулийн захирал А.Мөнхчимэг хэллээ. Мөн тус сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлээд хоёр жил болж байгаа бөгөөд энэхүү барилга нь царцаагдсан барилгын жагсаалтад орсон тухай Байнгын хорооны даргад танилцуулав.

Байнгын хорооны дарга О.Баасанхүү, ажлын хэсгийн хүрээнд ерөнхий боловсролын таван сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Анхаарах ёстой асуудал олон байна. Тав зургаан жилийн өмнө Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын санхүүжилтээр байгуулагдсан мэдээлэл зүйн танхимын компьютерууд ашиглалтын хугацаа нь дууссан байна. Энэ асуудалд улс анхаарч чадахгүй байгаа. Тиймээс Өргөдлийн байнгын хороо, БСШУЯ болон холбогдох төсөл хөтөлбөрүүдтэй хамтран шийдвэрлэх талаар анхаарч буйг онцлов.

Ирэх долоо хоногт Өргөдлийн байнгын хороо Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, сургалтын орчны талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

Мэдээ мэдээлэл

Санал асуулга

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах “Ноён уул”-ыг ашигт малтмал олборлох зорилгоор ашиглахгүй хэвээр үлдээж, уул, усаа унаган төрхөөр нь хадгалж, дархан цаазат газар болгохыг хүсч байна.
Санал өгсөн: 409
Дэмжиж байна
81.9% (335)
Дэмжихгүй байна
17.1% (70)
Санал өгөх Үр дүн харах