Өргөдлийн хариу

Өргөдлийн дугаар 5120
Товч утга Засгийн газрын "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай" 2011 оны 175 дугаар тогтоол хууль тогтоомжид нийцээгүй тул хүчингүй болгуулах тухай
Өргөдлийн дэлгэрэнгүй

Монгол Улсын Засгийн газраас ашигт малтмалын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн зарим сумдын нутагт 263730 га газрыг зам, гүний усны шугам хоолой, харилцаа холбооны дэд бүтцийн барилга байгууламж болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барихаар улсын тусгай хэрэгцээнд авч 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолыг батлан гаргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “Засгийн газар ашигт малтмалын асуудлаар тодорхой газрыг нөөц болон тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэх, эсхүл энэ талаарх саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд газрыг тусгай хэрэгцээнд авахад Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг дагаж мөрдөнө.

Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Монгол Улсын тусгай хэрэгцээний газрын зориулалтыг заасан бөгөөд Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т зааснаар Засгийн газар (1) шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт, (2) байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбай, (3) аймаг дундын отрын бэлчээр, улсын тэжээлийн сангийн хадлангийн талбай, (4) бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай гэсэн 4 зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар заасан байна.

Засгийн газрын 175 дугаар тогтоол нь газрыг тусгай хэрэгцээнд авах талаарх хуульд заасан эдгээр зориулалт, үндэслэлийн алинд ч хамаарахгүй байна.

Түүнчлэн Засгийн газрын 175 дугаар тогтоолд газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацааг тодорхой заагаагүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 14.1.4, 14.2-т “Тодорхой газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа 5 жилээс доошгүй байна” гэж заасныг зөрчиж байна.

Мөн уг тогтоолын 2 дахь хэсэгт улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрын нөхөх олговрыг зохих хууль тогтоомжийн дагуу тооцож олгох арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгасан ч нөхөх олговор олгоогүй, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хохироосон байна.

Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоол нь Газрын тухай хуулийн 16, 18 дугаар зүйлд нийцээгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 14.1.4, 14.2 дахь хэсгийг зөрчсөн байна. Иймд уг тогтоолыг хуульд нийцүүлэн өөрчлөх, эсхүл хүчингүй болгохыг Засгийн газарт чиглэл болгох нь зүйтэй гэж үзэв.

Өргөдлийн хариу

Байнгын хорооны 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолыг хуульд нийцүүлэн өөрчлөх, эсхүл хүчингүй болгохыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т чиглэл болгов. Тогтоолын биелэлтийг 2015 оны хаврын чуулганы хугацаанд багтаан тус Байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг даалгав.