Өргөдлийн хариу

Өргөдлийн дугаар 6228
Товч утга Нийслэлийн 84 дүгээр сургуулийн багш ажилчид болох 158 албан хаагч, суралцагчдын эцэг эхчүүд болох нийт 2973 иргэнээс тус сургуулийн давхар нэмэх өргөтгөлийн төсвийг нэмэгдүүлэн сургуулийн дэргэд өргөтгөлийн барилга барих асуудлыг шийдвэрлүүлэхээр ирүүлсэн өргөдөл
Өргөдлийн дэлгэрэнгүй

Байнгын хорооны 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 тоот тогтоолоор баталсан Улсын Их Хурлын гишүүдийн хариуцах салбарын хуваарийн дагуу өргөдлийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан нар судалсан.

Өргөдлийг судлах хүрээнд:

  • 84 дүгээр сургууль дээр очиж газар дээр нь танилцсан /2015.02.28/

  • Сангийн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Нийслэлийн боловсролын газар зэрэг байгууллагын хариуцсан албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалт зохион байгуулсан /2015.03.23/

  • Өргөдөл гаргасан эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй 84 дүгээр сургууль дээр уулзалт зохион байгуулсан /2015.04.13/.

 

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн IX.1.1.153-д “сургуулийн барилгын өргөтгөл /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 84 дүгээр сургууль/ 1.300.000.000 /нэг тэрбум гурван зуун сая/ төгрөг” гэж заан батлагдсан байна. Гэвч 84 дүгээр сургууль нь 1989 онд ЗХУ-ын тусламжаар баригдсан, нэмэх тэмдэг хэлбэртэй барилга байгууламж бөгөөд экспертизийн дүгнэлтэд тус сургуулийн барилгын зүүнээс баруун тийш байрлалтай хэсгийн 2 жигүүрт хүчитгэл хийсний дараа давхарлах, харин хойноос урагшаа байрлалтай хэсэг дээр даац нэмэх боломжгүй гэжээ. Мөн 2014 онд 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгөөр дээврийн 3000 м2 талбайг засварласан байна.

Сангийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас лавлагаа мэдээлэл гаргуулан авсан:

  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1а/1442 тоот албан бичигт “сургуулийн эдэлбэр газарт өргөтгөлийн барилга барих гэхдээ сул чөлөөтэй байгаа газарт нь жишиг зургаар барих боломжгүй тул хүүхдийн тооны өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг онцгой анхаарч 480-640 хүүхдээр төлөвлөн шинээр зураг төсөл боловсруулан 2015 онд батлагдсан төсвөөр эхлүүлж, нэмж шаардагдах хөрөнгийг 2016 оны улсын төсөвт тусган шийдвэрлэх саналтай” гэжээ.

  • Сангийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 4-4/1154 тоот албан бичигт “боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь боловсролын салбарын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын төсөл, төлөвлөгөө боловсруулах үүрэгтэй” талаар дурдсан болно.

Өргөдлийн хариу

Өргөдлийн байнгын хорооны 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар тус 84 дүгээр сургуулийн одоо байгаа барилга дээр давхар нэмэх бус тус сургуулийн эдэлбэр газар дээр шинээр зураг төсөл боловсруулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2015 оны төсвийн тодотголд тусган барилгын ажлыг эхлүүлэх, шаардлагатай бол цаашид улсын төсөвт санхүүжилт нэмж тусган хэрэгжүүлэхийг Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т чиглэл болгов.