Өргөдлийн хариу

Өргөдлийн дугаар 6338, 7018
Товч утга Иргэн П.Норжмаа, Д.Оюунцэцэг нараас Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8 дахь заалтыг хэрэгжүүлэн сэтгэцийн эмгэгтэй хүний асрамжийн газрыг байгуулж өгөхийг хүссэн өргөдөл ирүүлсэн.
Өргөдлийн дэлгэрэнгүй

Улсын Их Хурлаас 2013 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан.

Уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8-д “Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар төрийн бүх шатны байгууллага тус тусын эрх хэмжээний хүрээнд… сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх ажлын байр бий болгож, сэтгэцийн эмгэгтэй хүний асуудлыг дэмжих төв болон тусгайлсан асрамжийн газрыг аймаг, дүүрэгт байгуулах үүрэг хүлээнэ” гэж заажээ.

Засгийн газрын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Сэтгэцийн эрүүл мэнд” үндэсний хоёр дахь хөтөлбөр батлах тухай 303 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд эрх зүйн чадамжгүй, асрах хамгаалагч шаардлагатай боловч асран хамгаалагчгүй сэтцийн эмгэгтэй өвчтөнүүдэд зориулсан асрамжийн газар байгуулах асуудлыг судлан шийдвэрлэх ажлыг 2011-2012 онд Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран тухайн үеийн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хариуцан гүйцэтгэхээр тусгасан.

Мөн Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2013 оны 02 дугаар тогтоолоороо Засгийн газарт Сэтгэцийн эмгэгтэй хүмүүст зориулсан асрамжийн газар байгуулах” асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг чиглэл болгосон байна.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 3340 хүнд асрамжийн үйлчилгээ шаардлагатай байгаа боловч Улаанбаатарт Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 200 хүн асрамжийн үйлчилгээ авч байна.

Өргөдлийн хариу

Иймд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилийг хангах ажлыг эрчимжүүлж, шаардлагатай хөрөнгийг төсөвт тусган ажиллаж биелэлтийг Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан тус Байнгын хороонд эргэн мэдэгдэх тухай 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 7/6308 албан тоотыг Засгийн газарт хүргүүлэв.