Өргөдлийн хариу

Өргөдлийн дугаар Нэр бүхий 23 иргэний өргөдөл
Товч утга Бэлчээрийг менежментийг сайжруулах болон орон нутагт бэлчээрийн асуудлаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, үлийн цагаан оготныг устгах арга хэмжээ авах
Өргөдлийн дэлгэрэнгүй

Үлийн цагаан оготныг устгах арга хэмжээ авах санал

Сүүлийн жилүүдэд үлийн цагаан оготно тархалт хүрээгээ тэлж Монгол орны 17 аймгийн  109 (УЦУОШГ-мэдээгээр) сумын нутаг дэвсгэрт буюу нийт 113 сая га бэлчээрийн талбайн 40 сая га талбайд тархаад байна. Үлийн цагаан оготно хүрээгээ тэлснээр бэлчээрийн сөл шимтэй ургамлаар хооллон бэлчээрийн ургамлыг 90 хувь хүртэл сүйтгэж мал аж ахуйд ноцтой аюул учруулах боломжтой.

Үлийн цагаан оготнотой тэмцэх ажлын хэсгийн зүгээс үлийн цагаан оготны тархалтаараа харилцан адилгүй Архангайн аймгийн Өгийнуур сум /Тархалтын голомт нутаг/, Завхан аймгийн Баянтэс сум  /Дунд зэргийн тархалттай/, Архангай аймгийн Эрдэнэмандал сум /бага тархалттай буюу үлийн цагаан оготно шинээр орж ирж байгаа/ зэргийг сонгон авч арга зүй боловсруулж байна. 

Архангай аймгийн Өгийнуур сум: Өгийнуур сум нь 1950-иад оноос хойш үлийн цагаан оготны голомт нутаг байсаар ирсэн. Тиймдээ олон жил дараалан устгалын ажлыг янз бүрийн аргаар хийсэн. 1990-ээд оноос өмнө устгалын ажлыг улсаас ихээхэн хэмжээний хөрөнгө, хүч гарган хийдэг байсан учир үр дүн сайн байсан байна. Тухайлбал 1970 онд авиа химийн аргаар, 1980 онд авиа химийн аргаар, 1997 онд маш бага га талбайд авиа химийн аргаар, 2004 онд авиа химийн аргаар, 2007 онд энгийн механик аргаар, 2009 онд 60 га талбайд авиа химийн аргаар, 2012, 2014 онуудад микробиологийн аргаар тэмцэж ирсэн. Гэсэн хэдий ч үлийн цагаан оготны тархалт буурахгүй харин ч хүрээгээ тэлэн нам дор газраас өндөрлөг газарлуу шилжиж байна. Эдгээр олон устгалын ажил үр дүнгүй болсон шалтгаан 1) тархалтын голомтыг бүрэн хамарч чадаагүй 2) төрийн байгууллагын уялдаа холбоо сул байдгаас устгалын ажил зохих арга зүйн дагуу заасан хугацаанд хийгдээгүй 3) малчдын оролцоог хангаагүй гэх мэт шалтгаанаас үүдэн устгалын ажил үр дүнгүй болж байлаа. Архангай аймгийн Өгийнуур сумыг сонгон авсан нь өөрөө их эрсдэл дагуулж байгаа хэдий ч бид устгалын ажлыг тал бүрийн оролцоотой гүйцэтгэх тухайлбал малчдын байгууллага байгуулан малчид, төрийн байгууллагын оролцоог хангаснаар үр дүнд хүрэх бололцоотой гэж үзлээ.

            Завхан аймгийн Баянтэс сум: Завхан аймаг нь мөн үлийн цагаан оготны тархалтаараа улсдаа тэргүүлдэг аймгуудын нэг юм. Тиймээс 2014 онд Завхан аймаг энэ асуудлыг анхааралдаа авч 2014 оны 11 сард Үлийн цагаан оготнотой тэмцэх аяныг аймаг даяараа өрнүүлсэн. Үүний нэг жишээ бол Завхан аймгийн Баянтэс сум. Баянтэс сум нь 2000 оноос эхлэн үлийн цагаан оготны тархалт нэмэгдсэн. Нутгийн иргэд 2000 оноос хойш энгийн механик арга тэр дундаа шувууны суудал засан тэмцсэн хэдий энэхүү арга нь тодорхой үр дүнд хүрээгүй тул 2014 онд СБАХ дээр түшиглэн үлийн цагаан оготны устгалын ажлыг 11 сард буюу оготны ичээний үеэр зохион байгуулсан. Тиймээс бид дунд зэргийн тархалттай энэхүү суманд энгийн механик арга хэр үр дүнтэй байх нь вэ гэдгийг үзэхийн тулд Баянтэс сумыг сонгон авлаа.

            Архангайн аймгийн Эрдэнэмандал сум: Эрдэнэмандал сумын хувьд хил залгаа сумдаас үлийн цагаан оготно түрэн орж ирж байгаа сум. Тиймээс дөнгөж үлийн цагаан оготно орж ирж байгаа нутаг дэвсгэрт энгийн механик аргыг турших нь зүйтэй гэж үзсэн. Эрдэнэмандал сум нь засгийн газраас сонгосон жишиг сумын нэг тул устгалын ажлын үр дүнг түгээн дэлгэрүүлэхэд хялбар байх юм. 

Өргөдлийн хариу

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад бэлчээр ашиглалт, бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээрийг ихээр сүйтгэж буй үлийн цагаан оготныг устгах ажлыг зохион байгуулах талаар ажлын саналыг хүргүүллээ.