Өргөдлийн хариу

Өргөдлийн дугаар 51 иргэний өргөдөл
Товч утга Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дэлийн агуй, Хөвсгөл сумын Хутаг уул, Дэлгэрэх сумын Чандмань хар уул, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хүслэнтэйн дунд ус зэрэг газарт явуулж буй ашигт малтмалын үйл ажиллагаанаас эрх ашиг нь хохирч буй талаар
Өргөдлийн дэлгэрэнгүй

УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд Байгаль орчныг хамгаалах тухай, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, соёлын өвийг хамгаалах тухай, ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилттэй холбогдуулан иргэдээс дараах өрөгдлүүдийг ирүүлсэн байна. Үүнд:

1. Дорноговь аймгийн Айраг сумын 7 иргэнээс өргөдөл ирүүлж, Айраг сумын нутагт орших Цагаан дэлийн агуйн орчимд аж ахуйн нэгж, иргэд ашигт малтмалын /жонш/ олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа агуйн амыг дэлбэлж түүх, соёлын дурсгалт газрын байгалийн унаган тогтоцыг алдагдуулсан, тухайн орчны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанаас их хэмжээний тэсэлгээний дуу чимээ, тоос шороо үүсч байгаа нь хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй ундны усны хомсдол үүсгэж эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг алдагдуулж байгаа тул шалгаж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцон, учирсан гэм хорыг арилгуулах арга хэмжээ өвч өгөх;

2. Хөвсгөл сумын 19 иргэнээс Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны эрхэм сүлд тахилга бүхий онгон дархан шүтээн сахиус болж гурван жилд уг хошууныхан нэг удаа тахидаг байсныг одоогоор Хөвсгөл, Хатанбулаг сумдын иргэд уламжлал болгон тахин шүтэж байгаа Хутаг уулыг дэрлэн уул уурхайн компани ажиллах болсныг зогсоож, ховор ан амьтан, ус булаг, шандууд нь устаж, үгүй болох аюулд өртөөд байгаа тул байгаль, түүхийн дурсгалт газрыг цогцоор нь улсын тусгай хамгаалалтад авах, эртнээс хил манаж ирсэн малчдын бэлчээр ус, тахилгын өв соёлыг хадгалж авч үлдэх, хамгаалах талаар арга хэмжээ авах;

3. Дэлгэрэх сумын 5 иргэнээс нутгийн тахилгат хайрхан болох “Чандмань хар” хэмээх /цувран тогтсон толгодыг оролцуулан Ноён, Хатан, Хүү, Бэр толгой гэж домоглон нэрлэдэг/ уулын орой “Алтан овоо”-г ашиглаж /төмөр/ эхэлснээс хойш хүн, малын өвчин их гарч, хуурайшин тоосжилт ихсэж, малын бэлчээр, ус хомсдож байгаа, уулын баруун урд энгэрийн шар бууц хэмээх газарт гар аргаар алт олборлож, нутгийн иргэдийн шүтлэгтэй хайрханыг сүйтгэж байгаа үйл ажиллагааг зогсоож, улсын тусгай хамгаалалтад авч нөхөн сэргээх;

4. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 23 иргэнээс тус сумын Хүслэнтэйн аман гол хэмээх газар нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эпитот” ХХК-ийн нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарагдсан. Аймгийн тусгай хэрэгцээний газарт хамаарах хэсгийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 сарын 02-ны өдрийн хурлын 128 тоот тогтоолоор тусгай хэрэгцээнээс гарган “Эпитот” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгосон. Уг газрыг ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр ашиглуулах эсэх асуудлаар тус сумын иргэдээс авсан санал асуулгад 637 хүн оролцсоноос 533 иргэн буюу 83.7 хувь нь эсрэг санал өгсөөр байхад дээрх шийдвэр гаргасанд иргэд гомдолтой байна. “Эпитот” ХХК нь хүрэн нүүрс олборлон цахилгаан болон дулааны станц байгуулах төсөл хэрэгжүүлнэ гэж байгааг иргэд үндэслэлгүй бөгөөд рашаан ус ширгэх, байгалийн тэнцвэр алдагдаж, малчид нутаглах бэлчээргүй болох, шүтлэгт уул хайрхан сүйтгэгдэх эрсдэлд ороод байна. Иймд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж, малчдын амгалан тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх зэрэг өргөдлийг тус тус ирүүлсэн байна.

Өргөдлийн хариу

Байнгын хорооны 2014 оны 12 сарын 17-ны өдрийн 09 тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөв.