Өргөдлийн хариу

Өргөдлийн дугаар 4037
Товч утга Mал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх талаар арга хэмжээ авч өгөх тухай
Өргөдлийн дэлгэрэнгүй

Өргөдлийн байнгын хорооноос иргэний өргөдлийг судлах хүрээнд Хууль зүйн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудыг оролцуулсан дэд ажлын хэсгийг 2 удаа хуралдуулж, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран Чингэлтэй дүүрэг дэх мал, махан бүтээгдэхүүн худалдан борлуулдаг “Хүчит шонхор” зах, Баянзүрх, Налайх дүүргийн дамжин өнгөрүүлэх пост дээр хяналт шалгалт хийж, үйл ажиллагаатай нь газар дээр нь танилцсан.

 

            Түүнчлэн “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг холбогдох бүх талуудыг байлцуулан зохион байгуулж, санал солилцсон. Мөн “Малчин” телевизтэй хамтран телевизийн шууд ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулав.

 

            Холбогдох яам, мэргэжлийн байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл, лавлагаа авах тухай 6 албан бичиг хүргүүлж мэдээлэл, лавлагаа хүлээн авсан.

 

21 аймгийн Засаг дарга нарт хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл ирүүлэхээр албан бичиг явуулснаас одоогийн байдлаар Баянхонгор, Говь-алтай, Дархан, Увс аймгууд мэдээлэл ирүүлээд байна.

 

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг Эрүүгийн хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулиар зохицуулж байна.

            2004-2013 онд Монгол Улсын хэмжээнд зөвхөн мал хулгайлах гэмт хэрэг нийт 16,261 бүртгэгдсэн нь бусдын эд хөрөнгийг хулгайлах нийт гэмт хэргийн 24.1 хувийг эзэлж байна.

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг анхан шатны нэгжид 21 аймгийн 330 суманд хэсгийн төлөөлөгч нар гүйцэтгэж байгаа бөгөөд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий цагдаагийн тасаг Дорнод, Хэнтий, Төв аймгуудад, цагдаагийн хэсэг Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дархан, Дундговь аймгууд, Багануур, Налайх дүүргүүдэд ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан жишиг нормативын дагуу аймгууд дахь цагдаагийн газар, хэлтсүүдэд офицер 425, ахлагч 150, нийт 575 орон тоо дутуу, нэмэх асуудал шийдэгдээгүй мөн сумдын хэсгийн төлөөлөгч мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн тасаг унаа, автомашинаар хүрэлцээ муутай байна.

                Орон нутагт цагдаагийн албаны үйл ажиллагааг дэмжих зорилгоор сайн дурын үүсгэл санаачилгыг дэмжих, тухайлбал цэргийн дүйцүүлэх алба хаагчдыг эргүүл хийх, шуурхай мэдээлэл дамжуулах үйл ажиллагаанд татан оролцуулах  боломжийн талаар авч үзэж болох ба энэ асуудлаар ХЗЯ, БХЯ-ны саналыг авсан болно.      

Өргөдлийн хариу

Байнгын хорооны 2014.10.29-ний өдрийн хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөв.