ХИЛИЙН БООМТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ, ӨРГӨН МЭДҮҮЛЭХИЙГ ЧИГЛЭЛ БОЛГОСОН ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ 08 ДУГААР ТОГТООЛ

  • 2015 оны 05 сарын 12

Хилийн боомтын тухай хуулийн хэрэгжилт, боомтуудын үйл ажиллагааны талаар иргэд, төрийн байгууллагуудаас ирүүлсэн саналыг Байнгын хорооны 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн Засгийн газарт чиглэл өгөх тухай 08 дугаар тогтоолыг батлав.

Хилийн боомтын тухай хууль 2013 онд батлагдаж, хилийн шалган нэвтрүүлэх албаны чиг үүрэг Хил хамгаалах газраас Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт шилжсэнээр улсын хилээр нэвтрэх зорчигчийн баримт бичгийг шалгах, боомтоор нэвтрүүлэх үйл ажиллагаа шуурхай болсон ч аюулгүй байдлын буюу шалган нэвтрүүлэх хяналт суларсан байна.

Монгол Улстай хил залгаа хоёр хөрш орон болон олон улсын туршлагаас харахад хилийн шалган нэвтрүүлэх чиг үүргийг Хил хамгаалах байгууллага гүйцэтгэдэг туршлага түгээмэл байгаа бөгөөд тэдгээр нь харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах, хилийн аюулгүй байдлыг хангах бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчний хангалт, мэргэжлийн чадавхын хувьд ч давуу талтай байна.

Иймд хилийн боомтод аюулгүй байдлыг хангах болон хяналтын чиг үүрэг хэрэгжүүлж байгаа байгууллагуудын санал, судалгаа, бодит шаардлагыг үндэслэн, хилийн боомтын шалган нэвтрүүлэх чиг үүргийг Хил хамгаалах ерөнхий газарт буцаан шилжүүлэх, энэ чиглэлээр Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгов.

Тогтоол батлагдсанаар хил дамнасан зөрчлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах болон хяналтын чиг үүрэг хэрэгжүүлж байгаа байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, алдаа дутагдлыг арилгах ач холбогдолтой болсон.