ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОСОН ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ 10 ДУГААР ТОГТООЛ

  • 2015 оны 06 сарын 03

Төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн талаар иргэдээс ирүүлсэн өргөдлүүдийг Байнгын хорооны 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны 10 дугаар тогтоол батлав.

Төрийн албан хаагчийг чөлөөлөх, томилох шийдвэр гаргахдаа Засгийн газар, төрийн байгууллагууд Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтууд болон Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг зөрчин шийдвэр гаргаж байна.

Түүнчлэн төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр чөлөөлсөн талаар Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан хэдий ч Засгийн газар, бусад төрийн байгууллагууд Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт, шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй байна. Улмаар албан тушаалтуудын буруутай шийдвэрийн улмаас улсын төсвөөс үр ашиггүй зардал гарч байна.

Тухайлбал, сүүлийн 2 жилийн хугацаанд төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас нийт 2.055.019.834 төгрөгийг төрөөс гаргуулахаар шүүхээс шийдвэрлэсэн байна. Мөн 2015 оны төсвийн тодотголд 5 тэрбум 378 сая гаруй төгрөгийг ажлаас чөлөөлсний тэтгэмжид олгохоор тусгасан байна. Мөн холбогдох байгууллагууд албан тушаалтны буруутай шийдвэрийн улмаас улсын төсөвт учирсан хохирлыг шүүхэд нэхэмжлэн буруу шийдвэр гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлэх, хариуцлага тооцох, төрийг хохиролгүй болгох хуульд заасан арга хэмжээг авч ажиллахгүй байна.

Мөн салбарын хууль тогтоомжоор 20 орчим хууль, эрх зүйн актаар 110 гаруй ажлын байрны 350 орчим албан хаагчийг томилох, чөлөөлөх эрхийг Засгийн газрын гишүүд буюу улс төрийн албан хаагч томилж, чөлөөлөхөөр заасан нь төрийн алба улс төрөөс ангид байх, ил тод, тэгш байх зарчмуудыг зөрчиж байгаа тул засаж залруулах шаардлагатай байна.

Иймд Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг чангатган хариуцлага тооцож, төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас нь чөлөөлсний улмаас төсөвт учирсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллах, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрүүдийг хүчингүй болгож, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт нийцүүлэх, төрийн алба улс төрөөс ангид байх зарчимд нийцүүлэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгов.

Уг тогтоол батлагдсанаар Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт сайжирч, хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох, улсын төсөвт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, төрийн албан хаагчийн эрх зөрчигдөхөөс хамгаалах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох ач холбогдолтой юм.