Туул голын бохирдлын асуудлаар 5846 иргэнээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, шийдвэрийн төсөл боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулга.

  • 2016 оны 11 сарын 25

  Өргөдлийн байнгын хороонд сүүлийн 2 жилийн хугацаанд Туул голын усан дахь бохирдлын хэмжээ аюултай түвшинд хүрч, цэнгэг усны загас жараахай устаж, голын урсац зарим үед тасалдаж байгаа тул Туул голыг хамгаалах арга хэмжээ авах, Туул голын сав газар, энгийн хамгаалалтын бүсэд элс, хайрга олборлож газрын хөрсийг эвдэж байгаа зогсоох, арьс ширний үйлдвэрүүд стандартын шаардлага хангаагүй бохир усыг Туул голд урсгаж голын усыг бохирдуулж байгаад хяналт тавих, нөхөн сэргээлт хийлгүүлэх, холбогдох хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангуулах асуудлаар нийт 5846 иргэнээс өргөдөл ирүүлсэн байна.

  Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 02 дугаар тогтоолоор Туул голын бохирдлыг бууруулах талаар тус Байнгын хороонд ирүүлсэн иргэдийн өргөдлийг судлан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат ахалж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Д.Дамба-Очир, Г.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Б.Энх-Амгалан нар ажиллав.

  Ажлын хэсгийн хүрээнд 2016 оны 11 дүгээр сард Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, Үйлдвэрийн урьдчилсан цэвэрлэх “Харгиа” байгууламж болон ойролцоох арьс ширний үйлдвэрүүд, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшин элс, хайрга, дайрга олборлон үйл ажиллагаа явуулж буй компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажлын хэсэг хуралдав.

Нэг.Туул гол, усны бохирдлын түвшин, шалтгаан нөхцөл /2016 оны 1-8 сарын байдлаар/

  Туул гол нь Хэнтий нуруунаас эх авч 704 км үргэлжлэн урсаж Орхон голд цутгадаг. Туул голын сав газарт Улаанбаатар хотоос гадна 5 аймгийн 37 сум, Монгол улсын нийт хүн амын 40 гаруй хувь, Улаанбаатар хотын нийт иргэдийн 95.7 хувь нь ундаалдаг байна. Монгол орны бусад голын сав газруудтай харьцуулахад хамгийн олон ус хэрэглэгчтэй, газрын доорх усыг хамгийн их ашигладаг сав газар юм.

  Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ахуйн бохир ус цэвэрлэх 7 байгууламжууд цэвэршүүлсэн бохир усаа Туул голд нийлүүлдэг. Үүнээс Төв цэвэрлэх байглууламжийн бохир усны цэвэрлэгээний түвшин хамгийн муу буюу жилийн дундаж түвшний 60-70 хувь байна. Ингэснээр байгальд нийлүүлэх хаягдал усны стандартаас1 3-11 дахин их бохирдолтой усыг Туул голд нийлүүлж байна. Налайх дүүргийн “Уу” булангаас Төв аймгийн Алтанбулаг сум хүртэл нийт 8 цэгээс авсан шинжилгээгээр хаягдал ус нийлж буй Сонгины гүүрийн ойролцоо исэлдэх чанар, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, химийн хэрэгцээт хүчилтөрөгч, шим бохирдлын үзүүлэлтүүд, гэдэсний бүлгийн савханцрын тоогоор их бохирдолтой ангилалд хамаарч байна.

   Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Туул голын хурдсын хүнд металлын бохирдлын судалгааг бараг хийгээгүй байна. Монгол Улсын Их Сургууль, Тайваны Үндэсний Их Сургуулийн судлаач эрдэмтэд хамтран 2013-2016 онд хийсэн Туул голын ёроолын хурдсын хүнд металлын бохирдлын судалгаагаар2 Туул голын ёроолд олон жилийн турш лаг, хүнд металлууд хуримтлагдсан бөгөөд эдгээр хүнд металлаар бохирдсон хурдас 2014, 2015 онуудад Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал ус нийлдэг хэсэг 6 цооногоос дээж авч судлахад хүн амын эрүүл мэндэд хортой хром, мөнгөн ус, никель, кадми, зэс, цайр, хөнгөн цагаан, төмөр, манган (Cr, Hg, Ni, Cd, Cu, Zn, Al, Fe, Mn) зэрэг хүнд металлуудын бохирдол маш өндөр, бохирдол ихтэй гарсан байна. Эдгээр хортой элементүүд нь Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэгдэж буй хаягдал усанд агуулагдах ёсгүй бөгөөд хүнд металлаар бохирдсон хурдас эргэж уусах, гүний усанд нэвчих замаар усны чанар, усны амьтдад сөргөөр нөлөөлдөг. Бохирдсон хурдас цаашид 80-120 жилийн турш усыг бохирдуулах үндсэн эх үүсвэр болдог байна. Цаашид хүнд металлын эх үүсвэрийн судалгааг нарийвчлан хийх, хамарч буй хүрээг тодорхойлох, бохирдсон хэсгийг цэвэршүүлэх, хүн амын болон мал амьтны биед хуримтлалын тандалт хийж, хордолтын түвшнийг тодорхойлох шаардлагатай талаар судалгаанд дурьджээ.

  Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар Туул голын дагуу аялал жуулчлал, амралт сувиллын 21, ноос, ноолуур боловсруулах 17 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа, орон сууцны хорооллууд баригдсан, Богд уулын дархан цаазат газарт зориулалтын бусаар газар олгосон зөрчлүүд тогтоогдсон тул эдгээр зөрчлүүдийг арилгах, ундны усны эх үүсвэр, Туул голын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байна.

  Туул голын бохирдлоос гадна гүний ус, хөрсний бохирдолд нөлөөлж байгаа нийслэлийн нутаг дэвсгэр дэх 183 000 нүхэн жорлон, 326 төвлөрсөн хогийн цэгийг цэгийг цэгцэлж хөрс, гүний усын бохирдлыг багасгах, хамгаалах шаардлагатай байна.

Хоёр. Туул голын бохирдолд голлон нөлөөлж буй хүчин зүйлс

  Туул голын бохирдолд Төв цэвэрлэх байгууламжийн ус цэвэршүүлэлтийн байдал, Үйлдвэрийн урьдчилсан цэвэрлэх байгууламж /Харгиа/, арьс, ширний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, хүнсний болон боловсруулах үйлдвэрүүд, авто угаалгын газруудыг хэрэглээнээс гарсан бохир ус нөлөө үзүүлж, стандартаар тавигдсан хэмжээнд хүрэхгүй бохир усыг хүрээлэн буй орчинд нийлүүлэн бохирдуулах нөхцөлийг бүрдүүлж байна.

  Түүнчлэн Туул голын бохирдлоос гадна голын усны урсац багасах, татрахад ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр алт, элс, хайрга, дайрга олборлож буй компаниудын үйл ажиллагаа нөлөөлж байна.

2.1.Төв цэвэрлэх байгууламжийн ус цэвэршүүлэлтийн байдал

  Төв цэвэрлэх байгууламж 1964 онд ашиглалтад орсон. Хоногт дунджаар 190 000- 210 000 м3 бохир усыг хүлээн авч механик болон биологийн цэвэрлэгээг хийж, 75 хувиар цэвэршүүлж, хэт ягаан туяагаар халдваргүйжүүлж Туул голд нийлүүлж байна.

  Байгууламж нь усны хэмжээний хувьд хүчин чадлаасаа 20 000-40 000 м3 их, бохирдлын хэмжээний хувьд 2-5 дахин их усыг хүлээн авч байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүлээн авч байгаа бохир усны хэмжээ болон бохирдол эрс нэмэгдсэн бөгөөд бохирдуулагч үйлдвэрүүд нь урьдчилан цэвэрлэгээ хийгээгүй өндөр бохирдолтой усыг төвлөрсөн шугаманд нийлүүлдэг, цэвэрлэх байгууламжид ирж байгаа болон цэвэрлэгдэн гарсан усны бохирдлын хэмжээг стандарттай харьцуулахад 2 дахин их байна. Лагийг бүрэн боловсруулах процессгүй бөгөөд хүнд металлын агууламжтай бүрэн усгүйжүүлээгүй лагийг задгай талбайд хатаадаг нь үнэр ялгаруулах гол эх үүсвэр болж байна.

  Улаанбаатар хотын бохирын шугам нийт 173 км урт үргэлжилдэг. Бохир усны шугамын насжилт өндөр болж, зарим хэсгүүдэд цоорсноор хурын ус, хөрсний ус ихээр орох болсон. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй хүнсний болон боловсруулах үйлдвэрүүд, авто угаалгын газрууд нь дундын цэвэрлэх байгууламж ажиллуулдаггүйн улмаас бохир усаа урьдчилан цэвэрлэлгүй шууд Төв цэвэрлэх байгууламжийн шугамд нийлүүлдэг нь цэвэрлэх байгууламжийн ачаалал, цэвэрлэгээний түвшинд нөлөөлж байна.

  Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих цэвэрлэх байгууламжийн зураг төсөл, ТЭЗҮ-ийн асуудлаар Засгийн газар, төрийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн бөгөөд Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барихаар боловсруулсан зураг төсөл, ТЭЗҮ-д үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий салбар дундын ажлын хэсэг байгуулж, 2016 оны 11 дүгээр сардаа багтаан уулзалт зохион байгуулахаар ажиллаж байна.

  Иймд төв цэвэрлэх байгууламжийн техник технологийн шинэчлэлийг өндөр түвшинд хийх, шинэчлэлийн асуудал хэт удааширалтай байгаа тул Засгийн газар олон нийтэд нээлттэй тендэр зарлан шинэчлэлийн ажлыг шуурхайлах чиглэлд ажиллах шаардлагатай байна.

2.2.Арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийн хэрэглээнээс гарсан бохир усны талаар

  Төв цэвэрлэх байгууламж нь зөвхөн ахуйн бохир ус цэвэрлэх тоноглол, зориулалттайгаар ашиглалтад орсон бөгөөд хоногт ирж байгаа 20 000-40 000 м3 ус нь үйлдвэрийн бохир ус буюу хэт бохирдолтой ус юм.

  Нийслэлд арьс, шир боловсруулах, ноос, ноолуур угаах, өлөн боловсруулах, архи, пиво, спирт үйлдвэрлэх, сүү, мах, хиам үйлдвэрлэх, машин угаах, цаас боловсруулах гэсэн 8 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 225 бохирдуулагч үйлдвэрүүд Төв цэвэрлэх байгууламжид хэт бохирдолтой ус нийлүүлж байна.

  Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт “Үйлдвэрийн хэрэглээнээс гарсан бохир усыг урьдчилан цэвэрлэх байгууламжаар зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл цэвэрлэсний дараа татан зайлуулах шугам сүлжээнд нийлүүлэх, технологийн хэрэглээндээ эргүүлэн ашиглана” гэж заасны дагуу үйлдвэрүүд хэрэглээнээс гарсан бохир усаа урьдчилан цэвэрлэх байгууламжаар зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл цэвэрлэсний дараа Төв цэвэрлэх байгууламжийн шугам сүлжээнд нийлүүлнэ. 

  Арьс, шир боловсруулах үйлдвэрийн усыг урьдчилан цэвэрлэх зорилгоор Үйлдвэрийн урьдчилсан цэвэрлэх байгууламж буюу “Харгиа” цэвэрлэх байгууламж нь нийслэлийн Хан-Уул дүүрэгт байгуулагдаж 1972 онд ашиглалтад орсон. Хоногт дунджаар 7000-8000м3 бохир усыг хүлээн авч механик цэвэрлэгээг хийж, Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж байна.

  “Харгиа” цэвэрлэх байгууламжийн орчимд арьс, шир боловсруулах үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн тоон мэдээлэл зөрүүтэй байгаа бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын өгсөн мэдээллээр 32 аж ахуйн нэгж арьс, шир боловсруулах үйл ажиллагаа эрхлэн явуулж байна.

  Арьс, шир боловсруулах үйлдвэрүүд шаардлагатай шүүлтүүрийг хэрэглэдэггүй, дутуу цэвэрлэсэн бохир усыг “Харгиа” цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг бөгөөд Харгиа цэвэрлэх байгууламжийн хаягдал ус нь “Бохир ус зайлуулах төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх үйлдвэрийн бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээ”3-нд заасан үзүүлэлттэй харьцуулж үзэхэд хромын шугаманд умбуур бодис 11 дахин их, биологийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ 3.3 дахин их, сульфидын хэмжээ 5.4 дахин их, сульфидийн шугаманд умбуур бодис 21 дахин их, химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ 8.8 дахин их, гарах хэсэгт умбуур бодис 5.6 дахин их гарсан байна.

  Улсын Их Хурлаас 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоолын 2.5 дахь заалтад арьс, ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан.

  Энэ хүрээнд “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-нд Улаанбаатар хот дахь мал аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж, Эмээлт өртөөг түшиглэн Хөнгөн аж үйлдвэрийн парк, Хөдөө аж ахуйн түүхий эдийн бирж, ложистик, агуулахын аж ахуйг хөгжүүлсэн 3081 га нутаг дэвсгэр бүхий 14 000 орчим хүн амтай хот байгуулахаар төлөвлөжээ.

  Иймд стандартын шаардлага хангахгүй бохир ус нийлүүлж байгаа арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос нүүлгэх арга хэмжээг яаралтай авч, Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг түргэсгэх шаардлагатай байна.

2.3.Бусад үйлдвэрүүдийн хэрэглээнээс гарсан бохир усны талаар

  Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ноос, ноолуур угаах, өлөн боловсруулах, архи, пиво, спирт үйлдвэрлэх, сүү, мах, хиам үйлдвэрлэх, автомашин угаах, цаас боловсруулах үйлдвэрүүд бохир усаа урьдчилан цэвэршүүлэхгүйгээр стандартаар тавигдсан хэмжээнд хүрэхгүй бохир усыг Төв цэвэрлэх байгууламжид шууд нийлүүлж Туул голыг бохирдуулах нөхцөлийг бүрдүүлж байна.

  Эдгээр чиглэлийн үйлдвэрүүдийн хэрэглээнээс гарсан бохир ус нь умбуур бодис, хими, биологийн хэрэгцээт хүчилтөрөгч, фосфор, аммонийн азотын нормуудаас давсан бохирдолтой байдаг бөгөөд Үйлдвэрлэл, үйлчилгээний хэрэглээнээс гарсан хаягдал усыг хүрээлэн байгаа орчинд нийлүүлж байгаа ус бохирдуулагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хамаарах стандартыг4 ноцтой зөрчиж байна.

  Түүнчлэн Усны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, тооцоолох аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална” гэж заасны дагуу холбогдох журмыг одоог хүртэл батлаагүй байна.

  Журмыг батлаагүйгээс бохирдуулагч үйлдвэрүүд урьдчилан цэвэрлэгээ хийгээгүй, стандартаас давсан бохирдолтой усыг төвлөрсөн шугамд нийлүүлж байгаа төдийгүй эдгээр аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох боломжгүй байна.

  Иймд Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д заасны дагуу аж ахуй нэгжүүдийг хэрэглээнээс гарсан бохир усаа урьдчилан цэвэрлэх байгууламжаар зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл цэвэрлэсний дараа татан зайлуулах шугам сүлжээнд нийлүүлэх шаардлагыг тавьж ажиллах, Усны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, тооцоолох аргачлалыг яаралтай батлан гаргаж, мөрдүүлэх шаардлагатай байна.

2.4.Туул голын орчимд явуулж буй ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагааны талаар

  Туул голын сав газарт ашигт малтмалын хайгуулын 143, ашиглалтын 341 тусгай зөвшөөрөл олгогдсон байна.

2.4.1.Түгээмэл тархацтай ашигт малтмал /элс, хайрга, дайрга/-ын хайгуул, ашиглалтын талаар

  Хан-Уул дүүрэгт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 17, ашиглалтын 67 тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд эдгээрээс Туул голын энгийн хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрлийн тоон мэдээлэл зөрүүтэй байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Туул голын энгийн хамгаалалтын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байхгүй, уг бүсээс гадагш талбайд байдаг гэсэн мэдээлэл өгсөн бол НЗДТГ-аас Туул голын энгийн хамгаалалтын бүсэд 24 тусгай зөвшөөрөл байгаа, 19 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон, үлдсэн 5 тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас цуцлах шаардлагатай гэсэн мэдээллийг Байнгын хороонд өгсөн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Хан-Уул дүүрэгт 50 аж ахуйн нэгж Туул голын энгийн хамгаалалтын бүсэд хэсэгчлэн болон бүхлээрээ хамрагдсан талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаагаас 11 компани хайгуулын, 39 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж, 26 нь олборлолтын үйл ажиллагаа эхлээгүй, 23 нь олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Нийт 3414,9 га талбайг эзэлж байгаа бөгөөд 2013-2014 оны байдлаар олборлолтын үйл ажиллагаа явуулж 184,3 га газрыг эвдрэлд оруулснаас 67,4 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн, 116,9 га талбайд нөхөн сэргээлт хийгээгүй байна гэсэн мэдээлэл өгсөн.

  Туул голын ай сав газраас түгээмэл тархацтай ашигт малтмал /хайрга, дайрга, элс/ олборлох нь голыг бохирдуулах, голын урсац татрах гол хүчин зүйл болж байна.

  Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасан тул Туул голын энгийн хамгаалалтын бүсэд олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шаардлагатай байна.

  Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга ...тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагын дүгнэлт гаргасан... үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заажээ.

  Туул голын энгийн хамгаалалтын бүсэд олгогдсон тусгай зөвшөөрлүүд нь 2014 оноос өмнө Ашигт малтмалын газраас олгосон зөвшөөрөл байна.

  Иймд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт хэрэгжихгүй байгаа тул Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу нийслэлийн Засаг дарга хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлтийг үндэслэн Туул голын энгийн хамгаалалтын бүсэд олгосон болон нөхөн сэргээх үүргээс биелүүлээгүй эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг цуцалж, хуулийн хэрэгжилтийг хангах шаардлагатай байна.

  Мөн нөхөн сэргээлт хийгдээгүй талбайд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу дүүргийн Засаг дарга мөн хуулийн 27.1.7-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэн, нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулж хуулийн хэрэгжилтийг хангах шаардлагатай байна.

  Цаашлаад Туул голыг хамгаалах зорилгын хүрээнд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.3 дахь хэсэгт заасан усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй байна.

  Түүнчлэн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс олгодог байсныг 2014 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдсанаар аймаг, нийслэлийн Засаг дарга олгох, цуцлахаар заасан байна. Аймаг, нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлдэг тул тусгай зөвшөөрөл олгох, цуцлах бүрэн эрхийг хэрэгжүүлэх нь зарчмын хувьд зөрчилтэй байна.

2.4.2.Алтны хайгуул, ашиглалтын талаар

  Алт ашиглалтын 98, хайгуулын 15 тусгай зөвшөөрөл Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт олгогдсон бөгөөд дээрх хайгуул, ашиглалтын үйл ажиллагааны улмаас Заамар сумын бэлчээрийн нутгийг эвдэж сүйтгэн, ундны ус бохирдсоны улмаас иргэд 10-20 км хол газраас ундны усаа зөөвөрлөн хэрэглэж байгаа талаар өргөдөлд дурьджээ.

  Түүнчлэн дээрх тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон бусад бүртгэлгүй аж ахуйн нэгжүүд өөрийн талбайг хувь хүмүүст хууль бусаар дамжуулан түрээсэлж алт олборлуулдаг, ус ашиглах зөвшөөрөлгүйгээр даралттай усаар алт угаадаг, ус ашигласны болон бохирдуулсны төлбөр төлдөггүй зэрэг зөрчлүүд гаргадаг байна. Улмаар нөхөн сэргээлт хийлгүй байгаль орчинд хохирол учруулдаг, стандартын бус замаар тээвэрлэлт хийж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа мэдээлэл ирүүлсэн байна.

  Иймд Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт олгосон алтны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлагатай байна.

 

АЖЛЫН ХЭСГИЙН САНАЛ:

  Туул голын бохирдлыг бууруулах хүрээнд Усны тухай, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх саналтай байна.

1 MNS4943:2015 “ Хүрээлэн буй орчин, усны чанар, хаягдал усны ерөнхий шаардлага”

2 Туул голын ёроолын хурдсын хүнд металлын бохирдол, түүнийг арилгах технологийн судалгаа

3 Дэд бүтцийн хөгжлийн сайд, Байгаль орчны сайд, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1997 оны а/11/05/А/18 тоот хамтарсан тушаал

4 “Хүрээлэн буй орчин. Усны чанар. Хаягдал бохир ус. Ерөнхий шаардлага MNS 4943:2015”, “Хүрээлэн буй орчин. Усны чанар. Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал бохир ус. Ерөнхий шаардлага”

 

АЖЛЫН ХЭСЭГ