Хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өглөө

  • 2014 оны 04 сарын 16

Цэргийн албан хаачийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг хэрэгжихгүй байгаагаас хохирч байгаа тухай өргөдлийг иргэдээс Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн.

Өргөдлийг судлах явцад хуулийн хэрэгжилтийг хянан шалгах шаардлага гарсан тул Байнгын хорооны 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 03 тоот тогтоолоор Цэргийн албан хаачийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн биелэлтийг хангах арга хэмжээ авах, холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар судлан дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсэг болон дэд хэсэг 2014 оны 01 дүгээр сарын 21, 4 дүгээр сарын 11-ний өдрүүдэд тус тус хуралдаж, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг хэрэгжихгүй байгаа бөгөөд ингэснээр иргэнд хохиролтой байна гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлтийг гаргалаа.

Байнгын хорооны 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн холбогдох заалтыг боловсронгуй болгох талаар судалж Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлөөр хэлэлцэн Байнгын хороонд танилцуулахыг Засгийн газарт чиглэл болгох нь зүйтэй гэж үзэв.

Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлийг "Хавсралт файл" хэсгээс татаж авна уу.

Хавсралт файл