Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 22.1 дэх хэсгийн талаар Засгийн газарт чиглэл өглөө

  • 2014 оны 04 сарын 30

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Иргэн Б.Дэлгэрмаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Мэргэшсэн нягтлан бодогчид сар тутам мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгоно. Мэргэжлийн зэргийн нэмэгдлийг Засгийн газар тогтооно.” гэж заасан нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүнийг эрхэлсэн ажил, албан тушаал, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болох тухай хуулийн заалтуудыг зөрчиж байна гэж үзэж өргөдөл гаргасан.

Иргэний өргөдлийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Н.Батцэрэг нар Өргөдлийн байнгын хорооны 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 03 тоот тогтоолоор баталсан журамд заасны дагуу судлан дараах санал, дүгнэлтийг боловсруулан танилцуулаа.

Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтыг Сангийн сайдын тушаалаар байгуулагдсан шалгалтын комисс “Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт” ТББ-тай хамтран зохион байгуулж, Сангийн сайдын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 133 тоот тушаалаар баталсан “Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын журам”-ын 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар олгож байна. Мөн холбогдох шалгалтуудыг өгч 5 жилийн, цаашлаад хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээг үе шаттайгаар олгож байна.

Байнгын хорооноос холбогдох лавлагаа мэдээллийг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс гаргуулан авлаа. Улсын хэмжээнд нийт 3281 мэргэшсэн нягтлан бодогч байгаа бөгөөд төсөвт байгууллагад 1395, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид 460, аж ахуйн нэгжид 1426 мэргэжлээрээ ажиллаж байгаа нөхцөлд уг мэргэжлийн зэргийн нэмэгдлийг авах эрхтэй байна. Мэргэшсэн нягтлан бодогчдын 86.5 хувь нь нэмэгдэл авч байна.

Олон улсын нягтлан бодогчдын холбооны гишүүн 103 улсад энэ төрлийн нэмэгдлийг олгож байгаа бөгөөд Монгол Улс 1969 онд соёрхон баталсан Алагчлалгүй байх тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцид “тодорхой ажлын онцлогтой холбоотой тавигдах шаардлагад үндэслэн ялгаварлах, хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох үйлдлийг алагчлах хэмээх ойлголтод хамааруулахгүй” гэж заасан байна.

 

Байнгын хорооноос Монгол Улсын Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 258 тоот тушаалаар баталсан “Нэмэгдэл олгох тухай” журмын 2.1 дэх хэсэгт “Мэргэшсэн нягтлан бодогчийн мэргэшлийн зэргийн нэмэгдлийг доорх төрийн болон аж ахуйн байгууллагад ажиллаж буй мэргэшсэн нягтлан бодогч нарт олгоно...” гэж заасан нь ажил олгогчийн зүгээс тавигдах бодит шаардлагыг харгалзахгүй байна. Иймд дээрх журамд заасан нэмэгдлийг олгохдоо тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг харгалзах, мэргэжлээрээ ажиллаж буй гэдэгт ямар ажлын байрууд хамаарахыг тодорхой болгох чиглэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй үзлээ.

Монгол Улсын Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 258 тоот тушаалаар баталсан “Нэмэгдэл олгох тухай” журамд өөрчлөлт оруулахыг Засгийн газарт чиглэл болгов.

Хуралдааны тэмдэглэлийг "Хавсралт файл" хэсгээс татаж авна уу.

Хавсралт файл