ӨБХ: Банкууд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах иргэний хүсэлтийг ямар ч нотолгоо шаардахгүйгээр шийдвэрлэнэ

  • 2020 оны 04 сарын 16

Өргөдлийн байнгын хороо өнөөдрийн /2020.04.15/ цахим хуралдаанаараа Монголбанкнаас гаргасан хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр арилжааны банкуудад хэрэгжихгүй байгаа талаар иргэдийн ирүүлсэн өргөдлийн дагуу Монголбанкны мэдээлэл сонсох, мөн Байнгын хорооны 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай гэсэн хоёр асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаан 12.33 цагт эхлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Ковид 19 цар тахлын халдварын улмаас үүсч байгаа эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан Монголбанкнаас гаргасан хэрэглээний, ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэрийг хэрэгжүүлэх журам, үүрэг даалгавар арилжааны банкуудад ирээгүйн улмаас шийдвэр хэрэгжихгүй байгаа болон иргэдэд ойлгомжгүй байдал үүсгэж хүндрэл учруулж буй талаар, мөн үндсэн зээлийн төлөлтийг хойшлуулах, хэрэглээний зээлийн хүүг тодорхой хугацаагаар тэглэх, чөлөөлөх, хойшлуулах, бууруулах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдлийг иргэдээс ирүүлж буй тул Монголбанкны мэдээллийг сонсохоор төлөвлөснийг танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг мэдээлэл хийв.

Тэрбээр, Ковид 19 цар тахлын үед Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулахдаа зээлийн эргэн төлөлтөд нь 2020.01.31-ний өдрөөс хойш доголдол үүссэн 8% болон 5%-ийн ипотекийн зээлтэй иргэдийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэг удаа 6 хүртэлх сараар хойшлуулж, тухайн хугацаагаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг уртасгах, 2020.04.01-ний өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20%-100% бууруулах,  хэрэглээний зээл хэлбэрээр иргэнд олгосон зээлд тогтоох хугацааны ангиллыг “Хэвийн” зээлийн хувьд 90 хүртэлх хоног болгон өөрчилж, зээлийн бүтцийг өөрчлөх буюу холбогдох зээлийн гэрээний нөхцөл, хуваарьт өөрчлөлт оруулах боломжийг банкуудад олгох,  эдийн засгийн өсөлт саарах хандлага үргэлжилж, инфляци тогтвортой байх төлөвтэй байгаа тул бодлогын хүү 11% байсныг Мөнгөний бодлогын хорооны 2 удаагийн шийдвэрээр нийт 2 нэгж хувиар бууруулах, хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 сар хүртэлх хугацаагаар 1 удаа сунгаж зээлийн сарын эргэн төлөлтийн хэмжээг бууруулах бодлогын багц шийдвэрийг гарган, хэрэгжүүлж байна гэлээ.

            Иргэд тус Байнгын хороонд ирүүлсэн өргөдөлдөө Монголбанкнаас гаргасан хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийг  хойшлуулах шийдвэрийн дагуу арилжааны банк дээр очиж уулзахад банкны зүгээс гэрээнд өөрчлөлт оруулна, хүүгээ төлнө, эсвэл бидэнд шийдвэр ирээгүй гэх мэт тодорхойгүй, ойлгомжгүй зүйл ярьж, хүндрэл учруулж байгаа талаар тусгасан байна.

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн иргэн Ц.Түвшин, “Монголбанкны гаргасан шийдвэрийн дагуу зээлээ хойшлуулах гээд банк дээр очиж хүсэлтээ өгөхөд зээлийн графикт өөрчлөлт оруулж 3 сарын хугацаанд үлдсэн зээлийн нийт дүнгээс хүү тооцож авахаар байгаа бөгөөд энэ нь эдийн засгийн тооцоолол хийж чадахгүй иргэдийг луйвардсан хэрэг болж байна. Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэрийг арилжааны банк хэрэгжүүлэхдээ өөрт ашигтай байдлаар тооцоо гаргаж иргэдийг хохироосон байдлаар шийдвэр гаргаж байна. Банкны эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлт өгснөөс зээлээ төлөхгүй алданги тооцуулах нь хэд дахин бага төлбөр төлөхөөр тооцоо гарч байна. Иймд энэ асуудлыг нэг мөр цэгцэлж иргэдэд бодит мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Жишээ нь 3 сая төгрөгний цалингийн зээлтэй хүн 3 сар зээлээ хойшлуулахад хуримтлагдсан хүү 180 мянган төгрөг болж нэмж төлөхөөр тооцоолол гарч байна” гэжээ.  

Мөн Улаанбаатар хотын иргэн Д.Равдан, “Ипотекийн зээлээ хойшлуулах хүсэлтээ банкинд өгсөн боловч банкны зүгээс 3 сарын хугацаагаар зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахтай холбогдуулан банк 3 сарын зээлийн хүүгээ тооцохдоо үлдсэн нийт зээлийн дүнгээс тооцож аваад хамгийн сүүлийн 3 сар дээр нэмж тооцно гэсэн мэдээлэл өгсөн. Би сард сая төгрөгийн ипотекийн зээл төлдөг. Хүүнд 800 мянга, үндсэн төлбөрт 200 мянган төгрөг ойролцоогоор төлж байгаа. Гэтэл энэ аргачлалаар бодоод үлдсэн зээлийн нийт дүнгээс нь 3 сарын хугацаанд хүү тооцож авна гэвэл ойролцоогоор 2,1 сая төгрөгийн хүү нэмж төлөхөөр байна. Иргэд бид зээлээ дуртайдаа хойшлуулах гэж байгаа юм биш, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын орлогынхоо тогтвортой байдлыг хангахын төлөө зээлээ хойшлуулах асуудлыг ярьж байхад банкны зүгээс иргэдийг хохироосон ийм шийдвэрийг гаргаж болохгүй” гэсэн өргөдөл гаргажээ.

Монголбанкны мэдээлэлтэй холбогдуулж  УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, М.Билэгт, А.Сүхбат, Д.Дамба-Очир, Б.Баттөмөр, Д.Мурат, Б.Ундармаа, М.Оюунчимэг нар асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, иргэд амьжиргааны түвшин муудаж, зээлийн эргэн төлөлтөө хийж чадахгүй боллоо гэх зэргээр Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн өргөдөлдөө тов тодорхой бичсэн байна, Яагаад иргэдийн хүсэлтийг шийдвэрлэхэд зөрчил үүсээд байна вэ хэмээн асуув. Энэ асуултад Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин хариулт өгөхдөө, өнөөдрийн байдлаар ипотекийн зээлтэй 97 мянган зээлдэгч байгаа. Зээлийн төлөлт хойшлуулах хүсэлтээ иргэд ирэх 5 дугаар сарын 01-нээс өмнө гаргана. Банкууд иргэдээс ямар нэг нотолгоо, баримт шаардахгүйгээр зээлийн төлөлт хойшлуулах хүсэлтийг нь хүлээж аваад шийдвэрлэнэ. Хэрвээ  чирэгдэл  учруулж байгаа бол Монголбанкнаас арга хэмжээ авна” гэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн М.Билэгт, А.Сүхбат нар санал хэллээ.

УИХ-ын гишүүн А.Сүхбат, төр засаг шийдвэрээ гаргадаг ч хэрэгжилт хангалтгүй байгаа талаар иргэд хэлж байна. Арилжааны банкууд шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байхын тулд нэгдсэн мэдээлэлгүй, тийм шийдвэр гараагүй гэх зэргээр мэдэн будилахгүй, хариуцлагатай хандах ёстой гэж байв.  

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны мэдээллийг сонссон нь төр засгаас гаргасан шийдвэрийн талаар иргэд, байгууллагууд нэгдсэн ойлголтгүй байгаа учир мэдээллийг цэгцтэй, тодорхой болгохыг зорьсон. Хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс гаргасан саналыг үндэслэн Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Монголбанкинд үүрэг, чиглэл өгч байна гэлээ.

Тухайлбал, хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулахтай холбоотой иргэдэд үүсэж буй хүндрэл, ойлгомжгүй байдлыг арилгах зорилгоор Монголбанк нэгдсэн  байдлаар дагаж мөрдөх журмыг гарган арилжааны банкуудаар мөрдүүлэх, хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах хугацаанд тооцох хүүгийн төлбөрийг иргэдэд хэт дарамт учруулахгүй байхаар аргачлалыг боловсруулж тус журамд тусгах, ипотекийн зээлтэй иргэд арилжааны банкуудад зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргавал банкуудад хэт ачаалал үүсгэхгүй, иргэдэд хүндрэлгүй байхаар оновчтой зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах саналыг УИХ-д ирүүлэх зэргээр ажиллахыг чиглэл болгожээ.

Байнгын хороон хуралдаанаар үргэлжлүүлэн Байнгын хорооны 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар баталлаа.