2013 оны хаврын чуулганы тайлан

  • 2013 оны 07 сарын 08

Өргөдлийн байнгын хороо (ӨБХ)-ноос 2013 оны эхний хагас жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил нь ӨБХ-ны ажиллах нөхцөл, Ажлын албаны бүтэц, орон тоог бүрдүүлэх, ажилтнуудыг авч, тэднийг сургах, эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн. Тус Байнгын хорооны ажлын алба нь Байнгын хорооны өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөгдөх дүрэм, журам болон түүнтэй холбоотой зарим хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах, УИХ-аас иргэдтэй харилцах, иргэдээс УИХ-д хандаж гаргасан өргөдлийг шийдвэрлэх үйл ажиллагааг бүхэлд нь шинэчлэх, хууль, УИХ-ын бусад шийдвэрийн биелэлтэд хяналт тавих чиг үүргийн хүрээнд нийтийн сонсгол зохион байгуулах болон бусад үйл ажиллагааг шинээр бий болгохтой холбоотой судалгааны ажлыг хийж, санал, дүгнэлт гаргаж ажиллав.

1.Эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр болон хууль тогтоолын төсөл дээр ажилласан талаар

Тайлангийн хугацаанд ӨБХ нь 2013.01.22, 2013.04.17-ны өдөр нийт 2 удаа, 3 цаг 10 минутын хугацаагаар хуралдав. ӨБХ-ны 2013.01.22-ны хуралдаанаар ӨБХ байгуулагдахаас өмнөх хугацаанд УИХ-д ирүүлсэн өргөдлийн шийдвэрлэлтэд хийсэн судалгааг танилцуулж, ӨБХ байгуулагдсанаас хойш 4 сар гаруй хугацаанд судалж, шийдвэрлэсэн нийт өргөдлийн агуулгыг танилцуулж, ӨБХ-ны дүрмийн төслийг танилцуулан, дүрмийг батлав. Байнгын хорооны 2013.04.17-ны хуралдаанаар ӨБХ-ноос 2013.03.19-ний өдөр зохион байгуулсан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн биелэлтэд хяналт тавих нээлттэй сонсголын талаар танилцуулж, нээлттэй сонсголтой холбогдуулан ӨБХ-ноос Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын төслийг баталж, ӨБХ-нд 2013 оны 01.01-04.15-ны хооронд иргэдээс ирүүлсэн өргөдлийн шийдвэрлэлтийн талаар танилцуулсан.

ӨБХ-ны хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулах тогтоолын төсөл бэлтгэж, ажлын хэсгийн ажиллах төлөвлөгөөг боловсруулж, энэ ажлын хүрээнд гадаад орны туршлага, дотоодын хууль тогтоомжийг судлах судалгааны ажлыг хийж гүйцэтгэв.

2.Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн биелэлтэд хяналт тавих ажлын талаар

1.ӨБХ-ноос УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөртэй холбогдуулан Засгийн газраас гаргасан 6 тогтоол, 1 тушаал, захирамж, санхүүжилтийн 2 гэрээ зэрэг баримт бичгийн судалгааг хийж, хөтөлбөрийн биелэлтийг хариуцсан байгууллагуудаас тайлбар, баримт гаргуулан авч, дүн шинжилгээ хийсэн. Түүнчлэн нээлттэй сонсголын бэлтгэл ажлын хүрээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талаас холбогдох байгууллагын удирдлагууд, сайд нар, ТНБД, захирлуудтай уулзалт зохион байгуулж, тайлбар авсан. Мөн хөтөлбөрт оролцогчийн талаас иргэдийн төлөөлөл 18 иргэн, хөтөлбөрт оролцогч 4 барилгын компанийн төлөөлөлтэй уулзаж, тайлбар, ярилцлага авсан.

Ийнхүү иргэдийн өргөдөлд дурдсан нөхцөл байдал, УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолын “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн биелэлтийг нарийвчлан судалсны үндсэн дээр ӨБХ-ноос 2013.03.19-ний өдөр уг хөтөлбөрийн биелэлтэд хяналт тавих, орон сууц зээл олгогдохгүй зогссон шалтгааныг тодруулж, үнэн зөв мэдээллийг хариуцсан албан тушаалтнуудаас авч иргэдэд хүргэх, шийдвэрлэх арга замыг олох зорилгоор нээлттэй сонсгол зохион байгуулсан. Сонсголын үр дүнд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудлыг 4 дүгээр сард ӨБХ-ны хуралдаанаар авч хэлэлцэж, Засгийн газарт хөтөлбөрийн хэрэгжилтийн улмаас хохирч байгаа 2720 иргэдийн асуудлыг яаралтай шийдвэрлэх чиглэл өгсөн тогтоол гаргахаар шийдвэрлэсэн.

2.Байнгын хорооны 2013.04.17-ны өдрийн хуралдаанаар “УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолын “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн биелэлтийг хангах, зөрчлийг арилгах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тухай” 02 тоот тогтоолыг гарган хохирч байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэх, хөтөлбөр хэрэгжихгүй болсон шалтгааныг судлан хариуцлага алдсан албан тушаалтан тогтоогдвол хариуцлага тооцохыг Засгийн газарт даалгаж, чиглэл өгсөн. Уг тогтоолын дагуу Засгийн газраас “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам батлах тухай” 2013 оны 200 тоот тогтоол гарган шинээр 8 (+-1) хувийн хүүтэй зээлийн журмыг баталсан. Үүний дагуу 2013.06.17-ны өдрөөс эхлэн 8 (+-1) хувийн хүүүтэйгээр урт хугацаатай орон сууцны зээлийг олгож эхэлсэн. ЗГХЭГ-аас тус Байнгын хороонд ирүүлсэн албан тоотод “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн дагуу зээл авч чадаагүй иргэдэд энэхүү шинэ зээлийн журмын дагуу зээл олгохоор болсон гэж мэдэгдсэн.

3.ӨБХ-нд иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу 114 гаруй байгууллагад өргөдөлд дурдсан асуудлаар хууль, УИХ-ын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахаар хугацаа, үүрэгтэйгээр албан тоот хүргүүлсэн. Үүний дагуу 65 гаруй байгууллагаас иргэдийн өргөдлийн дагуу хууль, УИХ-ын шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажилласан хариуг иргэд болон ӨБХ-нд эргэн мэдэгдсэн.

4.Бусад улс оронд парламентаас гаргадаг шийдвэр болон хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар судалж, Нийтийн сонсгол зохион байгуулах журмыг боловсруулах чиглэлээр өөрийн орны хууль тогтоомж болон гадаад орны (АНУ, Македон Улс, ХБНГУ) туршлагыг судалсан.

5.“Газрын тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийг хянан шалгах” холбогдох судалгааны ажлыг хийж байна. Иргэдийн өргөдлийн дагуу Нийслэлийн Засаг даргын газар эзэмшүүлэх, ашиглуулах захирамжуудтай Нийслэлийн Өмчийн Харилцааны газарт очиж танилцаж, холбогдох хэсгийг хуулбарлан авч, судалгаа хийв. Түүнчлэн эдгээр захирамжид дурдсан Газрын хуулийн зарим заалттай холбоотой гарсан Нийслэлийн Засаг даргаас иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглах эрх олгосон захирамжуудыг хүчингүй болгосон захиргааны хэргийн шийдвэрүүдийг түүж дүн шинжилгээ хийсэн.

6.Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Хонгор сумын хөрс, ус химийн бодист хордсон эсэхийг тогтоож, хүн амын эрүүл мэндийн баталгааг хангах асуудлаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтарч хяналт, судалгааны ажлыг хийж, ЭМЯ болон холбогдох мэргэжлийн байгуулагуудаас шаардан гаргуулахаар ажиллаж байна.

3.Бусад ажлын талаар

УИХ-ын дарга, гишүүд, Байнгын хороо, түр, дэд хороодод ирүүлсэн нийт 2332 өргөдлийг хүлээн авч бүртгэн, ангиллын дагуу картын бүртгэл хөтөлж, УИХ-ын ажлын алба болон холбогдох Байнгын хороодод хүлээлгэн өгч, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллав.

Иргэдээс ӨБХ-нд ирүүлсэн нийт 541 өргөдлийг хугацаанд нь судлан, шийдвэрлэв. Хугацаа хоцорсон өргөдөл байхгүй.

Иргэдээс УИХ-д 2012 он болон 2013 оны эхний хагас жилд ирүүлсэн өргөдлүүдийг архивын нэгж бэлтгэн архивт хүлээлгэн өгсөн.

УИХ-д ирүүлсэн өргөдлийн тайлан, мэдээг сар бүр, эхний хагас жилээр гарган УИХ-ын Тамгын газрын удирдлагууд болон УИХ гишүүд, Байнгын хороодын дарга нарт танилцуулсан.

Өргөдлийг хүлээн авах, ангилах, хариу өгөх одоогийн УИХ-ын үйл ажиллагааг судалж, хүндрэлтэй, зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг гарган, шийдвэрлэх арга замын талаарх санал дүгнэлт, бүдүүвчийг гаргав.

ӨБХ-ны ажлын албаны орон тоо, бүтцийн төслийг судалгааны үндсэн дээр гаргаж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга болон УИХ-ын шинэ бүтэц боловсруулж байгаа ажлын хэсэгт хүргүүлэв.

ӨБХ-ны ажиллах нөхцөлд дэмжлэг хүссэн 1, УИХ-ын өргөдлийг хүлээн авах, ангилах үйл ажиллагааг сайжруулах чиглэлийн саналын талаарх 1 хариутай албан тоотыг бэлтгэн УИХ-ын дарга, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий бичгийн дарга нарт тус тус хүргүүлэв.

УИХ-ын одоогийн ашиглаж байгаа өргөдөл хүлээн авах, ангилах программыг сайжруулах, УИХ-ын вэб сайтанд ӨБХ-ны цэсийг сайжруулах, УИХ-ын вэб сайтанд өргөдлийг цахим хэлбэрээр хүлээн авах, цахим хэлэлцүүлэг явуулах боломжтой болгохоор шинэ программ, вэбсайтын загварын саналыг Герман, Австралийн ӨБХ-ны вэбсайтыг судалсны дагуу санал боловсруулав. ӨБХ-ны веб сайтын схемчилсэн загвар болон программын даалгавар боловсруулж, хамтран ажиллах компаниудыг сонгож, уг программын ач холбогдол, ажиллах журмын талаар танилцуулга бэлтгэж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга, ажилтнуудад танилцуулсан. Уг программ, веб сайтыг бий болгохтой холбогдон гарах хөрөнгө санхүүжилттэй санал, танилцуулгыг бэлтгэн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Санхүү, эдийн засгийн албанд албан тоотоор хүргүүлсэн.

“УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны /ӨБХ-ны/ үйл ажиллагааны чиглэл, цаашдын чиг хандлага” сэдэвт уулзалт-хэлэлцүүлгийг 2013.01.16-нд зохион байгуулж УИХ-ын ӨБХ-ны гишүүд, Ажлын алба, УИХ-ын Тамгын газрын хэлтсийн дарга нар, Захидал харилцааны ажилтнууд, УИХ-ын судалгааны төвийн зарим ажилтнууд, Бүгд Найрамдахчуудын хүрээлэнгийн Монгол Улс дахь хөтөлбөрийн захирал, ажилтан, УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахууд, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Өргөдлийн хорооны гишүүд, Ажлын алба, Нийслэлийн захирагчийн ажлын албаны өргөдлийн шийдвэрлэлт хариуцсан ажилтнууд, Ерөнхийлөгчийн Тамгын газар болон ЗГХЭГ-ын захидал харилцааны алба, иргэдийг хүлээн авах ажилтнууд, “1111” төвийн ажилтнуудыг оролцуулж санал солилцов.

Өргөдлийн байнгын хорооны Ажлын албанаас 2013.05.20-ны өдөр УИХ-д иргэд, хуулийн этгээдээс ирүүлэх өргөдлийн бүртгэл, хүлээн авч шийдвэрлэх этгээд, өргөдөл шийдвэрлэлтийн талаар нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор УИХ-ын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч, УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад зориулсан "УИХ-д иргэд, хуулийн этгээдээс ирүүлэх өргөдлийн ангилал, шийдвэрлэлт" сургалтыг зохион байгуулсан.

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо, ӨБХ-ны Ажлын албаны ажилтнууд, Нийслэлийн ИТХ-ын Өргөдөл, гомдлын хороо болон ХБНГУ-ын Бундестагийн Өргөдлийн байнгын хорооны 7 гишүүдтэй хамтарсан семинарыг 2013.06.18-нд зохион байгуулав. Семинарын үеэр ХБНГУ-ын Өргөдлийн байнгын хорооны болон манай улсын ӨБХ-ны үйл ажиллагааны онцлог, тулгардаг бэрхшээл, цаашид анхаарч ажиллах зүйлсийн талаар харилцан санал солилцож, цаашид илүү өргөн хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх арга замуудыг эрэлхийлэн ажиллахаар тогтлоо.

ӨБХ-ны Ажлын албанд шинээр томилогдон ажиллаж байгаа ажилтнуудыг дотоод сургалтад хамруулж, өргөдлийг судлах, дүн шинжилгээ хийх, өргөдлийн хариу бичих, иргэдтэй харилцах соёл зэрэг сэдвээр сургалт зохион байгуулав.

Нийтийн сонсголын өрөөний загварыг гарган Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлэв.

ӨБХ-ны үйл ажиллагааг иргэдэд таниулах, өргөдөл бичих загвар, өргөдөл бичих талаар иргэдэд зориулсан хөтөч, ӨБХ-ны танилцуулга зэргээр гарын авлага, товхимол хийж, телевизийн нэвтрүүлэг бэлтгүүлэх, олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгээх бэлтгэл ажлыг хийж байна.

ӨБХ-ны үйл ажиллагааг иргэдэд таниулах, өргөдөл бичих загвар, өргөдөл бичих талаар иргэдэд зориулсан хөтөч самбарыг Иргэдийн хүлээн авах байранд байрлуулав.

УИХ-д ирүүлж байгаа иргэдийн хувийн хүсэлт (гэр, орон сууц, сургалтын төлбөр хүссэн өргөдөл)-ийг агуулгаар нь судлах, гаргаж байгаа шалтгааныг гаргах, УИХ-аас хэрхэн шийдвэрлэж байх талаар бодлогын шийдэл гаргах судалгааны ажлын хэсгийг байгуулан, судалгааны ажлыг хийж гүйцэтгэв.

ӨБХ-ны эрх зүйн орчинг бүрдүүлэхтэй холбоотой дүрэм, журам, хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд дотоодын хууль тогтоомж, практик нөхцөл байдлыг судалж мөн гадаад улсын 88 орны парламентын судалгаатай танилцан ӨБХ-той 5 улс буюу ХБНГУ, Австрали, Шотланд, Англи, Энэтхэг Улсын ӨБХ-ны үйл ажиллагааг нарийвчлан судлав.

Байнгын хорооны гишүүд, ажлын албаны ажилтнуудыг бусад орны ӨБХ-ны үйл ажиллагаатай танилцуулах, богино хугацааны сургалтад хамруулах, туршлага солилцох болон ӨБХ-ны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлэх чиглэлээр НҮБ, Канад, Австрали, Швейцарь, АНУ, ХБНГУ, Солонгосын холбогдох байгууллага, албан хаагчтай уулзалт зохион байгуулж, зарим ажлуудыг эхлүүлээд байна. Тухайлбал, тус Байнгын хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс ардчилсан засаглалын салбарт 2013-2016 онд хамтран хэрэгжүүлэх төслийг албан ёсоор хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Гадаад, дотоодын байгууллага, иргэдэд тус Байнгын хорооны цаашдын үйл ажиллагааг урьдчилсан байдлаар танилцуулах зорилгоор төсөөлж гаргасан товч танилцуулга, Байнгын хороо ажиллах процедурыг схем байдлаар тус тус монгол хэл дээр бэлтгэн англи хэл дээр орчуулав.

ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРОО