Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн хэрэгжилтийн талаарх танилцуулга

  • 2014 оны 04 сарын 16

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04 тоот тогтоолоор иргэдийн өргөдлийн дагуу Нийгмийн даатгалын тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зарим зүйл заалтын хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах, холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар судлан дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Ж.Батзандан, Н.Батцэрэг, Д.Арвин нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Ажлын хэсэг болон дэд хэсэг 2014 оны 01 дүгээр сарын 21, 4 дүгээр сарын 11-ний өдрүүдэд тус тус хуралдаж, дараах санал, дүгнэлтийг боловсруулан Байнгын хороонд танилцуулж байна.

Нэг. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар

Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоожээ.

Гэтэл Улсын Их Хурал Нийгмийн даатгалын тухай хуульд “Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг Үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартайгаар тогтооно” гэсэн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмж оруулсан байна.

Өөрөөр хэлбэл хуулийн дээрх өөрчлөлтөөс өмнө нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг тогтоох журам, хэмжээг тус тус Засгийн газар тогтоохоор заасан байсан бол хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг тогтоох журмыг хуулиар зохицуулж, Засгийн газар хэмжээг тогтоохоор заасан тул Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолын үндэслэл өөрчлөгдсөн байна.

Түүнчлэн Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн в-д “2011.4.5-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1.080.000 /нэг сая наян мянган/ төгрөгөөр тооцох арга хэмжээ авахыг … Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайд нарт даалгасугай” гэж заажээ.

Мөн Засгийн газрын 2005 оны 22 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт “1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120.000 төгрөгөөр тооцсугай” гэж заасан буюу дээрх тогтоолын 2 дахь хэсгийн в заалттай адил зохицуулалт хийснийг Үндсэн хуулийн цэцийн 2005.12.14-ний өдрийн 02 дугаар тогтоолоор “... хууль гарснаасаа хойш үйлчлэх үндсэн агуулга болон хуулийн заалт нь тухайн зохицуулж буй харилцаанд оролцогчдын эрх ашгийг сөргөөр хөндөж байвал буцаан хэрэглэж болдоггүй тухай эрх зүйн ерөнхий зарчимтай зөрчилдөж, ингэснээр иргэдийг тэтгэвэрт гарсан он, сараар ялгаж Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, ...-ийн өмнө эрх тэгш байна”, 2 дахь хэсгийн “Хүнийг...нас, ...эрхэлсэн ажил, албан тушаалаар нь... ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” гэж үзэж хүчингүйд тооцсон байна.

Гэтэл Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолын 1 дэх хэсэг, Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн в заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан иргэний эрхэд халдаж байгаа тул Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолыг бүхэлд нь, Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн в заалтын үйлчлэлийг хэсэгчлэн хүчингүй болгож өгөхийг хүссэн иргэн Б.Нямдаваагийн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэцээс маргаан үүсгэж 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэж, Үндсэн хуулийн заалтыг зөрчөөгүй байна гэж шийдвэрлэжээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоож, ийнхүү хязгаарлах нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй гэсэн тайлбарыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас ирүүлсэн байна.

Хоёр. Санал, дүгнэлт

1. Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоол нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт нийцэхгүй буюу Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан заалт хэрэгжихгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Байнгын хорооноос Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах, хуульд нийцээгүй тул Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолыг өөрчлөхийг Засгийн газарт чиглэл болгох нь зүйтэй гэж үзэв.

АЖЛЫН ХЭСЭГ