Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн хэрэгжилтийн талаарх танилцуулга

  • 2014 оны 04 сарын 16

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04 тоот тогтоолоор иргэдийн өргөдлийн дагуу Нийгмийн даатгалын тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах, холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар судлан дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Ж.Батзандан, Н.Батцэрэг, Д.Арвин нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Ажлын хэсэг болон дэд хэсэг 2014 оны 01 дүгээр сарын 21, 4 дүгээр сарын 11-ний өдрүүдэд тус тус хуралдаж, дараах санал, дүгнэлтийг боловсруулан Байнгын хороонд танилцуулж байна. 

Нэг. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиуд 1994 онд батлагдсан бөгөөд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2010 онд нэмэлт, өөрчлөлт оруулснаар цэргийн алба хаасан болон даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцохтой холбоотой дараах зохицуулалтыг хийсэн байна:

“6 дугаар зүйл. Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаа

2.Цэргийн алба хаасны тэтгэвэр авагч өөрөө хүсвэл цэргийн алба хаасан болон даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоож болно.

3.Цэргийн албан хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно.

4.Цэргийн албан хаагчийн иргэний байгууллагад ажилласан нэг жилийг 6 сар цэргийн байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.”

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 55-60 нас хүрсэн бол өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байна.

Цэргийн албан хаагч нь цэргийн алба хаасан жилээс хамааран эсхүл Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан насны дээд хязгаарт (45-55 нас) хүрсэн бол цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авна.

Гэтэл цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон иргэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан (55-60) насанд хүрч байж Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу иргэний байгууллагад ажилласан нэг жилийг 6 сар цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцуулж байна. Өөрөөр хэлбэл энэ заалт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгоход л үйлчлэхээр байна.

Хоёр. Санал, дүгнэлт

1. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь цэргийн тэтгэвэр тогтоолгож буй иргэний хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан шалгуурыг ханган өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүртэл хугацаанд буюу 5-10 жилийн хугацаанд иргэний байгууллагад ажилласан жилээ тооцуулан тэтгэвэр тогтоолгох боломжгүй байгаа нь иргэнд хохиролтой байна гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд дараах чиглэлээр нэмэлт, өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:

а/ Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Цэргийн алба хаасны тэтгэвэр авагч өөрөө хүсвэл цэргийн алба хаасан болон даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр, эсхүл энэ хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болно.” гэж,

б/ Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Цэргийн албан хаагчийн иргэний байгууллагад ажилласан нэг жилийг 6 сар цэргийн байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож, энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болно.” гэж тус тус өөрчлөх.

Байнгын хорооны шийдвэрийг эндээс үзнэ үү.

АЖЛЫН ХЭСЭГ