“Эрдэнэс тавантолгой” хк-ийн хувьцааг буцааж эзэмших хүсэлт гаргасан 3375 иргэний өргөдлийн тухай танилцуулга

  • 2015 оны 02 сарын 18

Нэг. Өргөдлийн талаар

            Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд “Хувьцаа эзэмшигч, Хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” ТББ-аас “Засгийн газарт хувьцаагаа буцаан худалдах буюу нэг сая төгрөг бэлнээр авах хүсэлтээ гаргасан боловч мөнгө нь олгогдоогүй иргэд 1072 хувьцаагаа буцааж үнэт цаасны дансандаа байршуулахыг хүссэн” тухай өргөдлийг ирүүлсэн. Энэ тухай өргөдлийг тус төрийн бус байгууллагаар дамжуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өгсөөр байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 5800-д хүрсэн ч шийдвэрлэгдээгүй байна.

Хоёр. Судалсан байдал

            Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахтай холбогдуулан тусгай зөвшөөрлийг нь эзэмшигч төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулж тухайн компанийн хувьцааны 50 хүртэл хувийг Монгол Улсын иргэн, үндэсний аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах шийдвэрийг Монгол Улсын Их Хурал 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн №39 тоот тогтоолоороо гаргасан. Уг тогтоолд Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд тухайн хувьцааны 20 хувийг адил тэнцүү хэмжээгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр заасан.

            Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн, аж ахуйн нэгжийн хооронд худалдах, худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд тус компанийн 1072 хувьцааг 1 сая төгрөгтэй дүйцүүлэн тухайн хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоосон шийдвэрийг 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №181 тогтоолоор Засгийн газар гаргасан.

Мөн ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах, иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг Засгийн газар худалдан авах үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №201 тоот тогтоолын хавсралтаар баталсан.

УИХ, Засгийн газрын тогтоолын дагуу Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төв нь Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын нийт иргэдийн жагсаалт, Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газраас “Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн иргэд”-ийн жагсаалт, Засгийн газарт хувьцаагаа 1 сая төгрөгтэй дүйцүүлэн худалдахаар өргөдөл гаргасан иргэдийн жагсаалтыг тухай бүр хүлээн авч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны бүртгэлийг хийсэн байна.

Засгийн газрын 2011 оны №98, 2012 оны №116 тоот тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас насанд хүрсэн 2042768 иргэн, насанд хүрээгүй 815697 иргэн нийт 2858465 иргэдийн мэдээллийг, Засгийн газарт иргэдээс хувьцаагаа эргүүлэн худалдах өргөдөл гаргасан болон хишиг хувь хүртсэн 2111536 иргэний мэдээллийг Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газраас 2012 оны 8 дугаар сарын 01-ны өдрөөр тасалбар болгон бүртгэсэн байна. Үүнд:

  • 1072 ширхэг хувьцаа эзэмших эрх бүхий  757904 иргэн /Эзэмшиж байгаа/
  • 536 ширхэг хувьцаа эзэмших эрх бүхий 11585 иргэн тус тус байна.

            Оюутны сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалын хэлбэрээр хишиг хувь хүртсэн 766963 иргэний 820,196,312 ширхэг хувьцаа, хишиг хувь хүртсэн боловч үлдсэн мөнгөн дүнд хувьцаа эзэмших хүсэлтэй 201728 иргэний 54,411,096,528 төгрөгт ногдох 59,392,658 ширхэг хувьцааг тус тус хасч тоооцон үнэт цаасны бүртгэлийг хөтөлсөн байна. Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй 321973 иргэн 1 сая төгрөгийг олгосон.

            “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах, иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг Засгийн газар худалдан авах үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 3.5-д “Засгийн газарт хувьцаагаа худалдахаар өмнө нь хүсэлт гаргасан иргэн хувьцаа эзэмшихээр шийдсэн тохиолдолд энэ тухай хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд 2012 оны 8 дугаар сарын 1-ний дотор гаргаж болно.” гэж заасны дагуу өргөдлөө өгсөн иргэд хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байна.

            Иймд Засгийн газрын 2012 оны №201 тоот тогтоолоор батлагдсан ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах, иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг Засгийн газар худалдан авах үйл ажиллагааг зохицуулах журам”-д өөрчлөлт оруулах, хувьцаагаа нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлтэй гаргасан боловч мөнгөө аваагүй 1120285 иргэний хувьцааг буцаан олгож, дансанд байршуулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр байна.Эдгээр иргэдээс 3 375 иргэн Төрийн бус байгууллагаар дамжуулан Байнгын хороонд өргөдөл гаргасан.

Гурав. Санал дүгнэлт

            Засгийн газарт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаагаа буцаан худалдах буюу нэг сая төгрөг бэлнээр авах хүсэлтээ гаргасан боловч мөнгө нь олгогдоогүй иргэдийн хувьцааг буцаан олгох буюу үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн дансанд нь буцаан байршуулж эзэмшүүлэх, хөрөнгө оруулагчидтай байгуулах гэрээ, хэлэлцээрт жижиг хувьцаа эзэмшигчдийн /536, 1072 хувьцаа эзэмшсэн/ эрх ашгийг хамгаалах, хувьцааны үр өгөөжийг хүртэх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлийг Монгол Улсын Засгийн газарт өгөх нь зүйтэй гэж үзэв. /Тогтоолын төслийг хавсаргав/   

Илтгэгч УИХ-ын гишүүд: О.Баасанхүү, М.Зоригт