Хэлэлцүүлэгдэж буй өргөдөл: 6946, 7833, 8486

Тайлбар:

Тус Байнгын хороонд 2014-2015 оны хугацаанд маш олон иргэдийн өргөдөлд тухайн газар орны гадаргын ус ширгэн, булаг шанд нь татарч байгаа тухай болон Туул голын урсац бүрэлдэх газарт ашигт малтмалын болон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлүүд олгогдсоноос голын ус бохирдож буй талаар дурдагдсан мөн Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга Д.Амарсанаа нараас усний нөөцийн хамгаалалт, нөөц ашигласны төлбөрийн тухай асуудлаар өргөдөл ирүүлснийг хүлээн авсан.

Тус байнгын хорооны 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаарх иргэдийн өргөдлийг судлан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатараар ахлуулан Д.Сарангэрэл, Х.Баттулга нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулаад байна.

Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах хүрээнд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Туул голын сав газрын захиргаа, Барилгын хөгжлийн төв, Ус сувгийн удирдах газар, Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо ТББ, Хөгжлийн төв ТББ, Монголын ус ариун цэвэр, эрүүл ахуйн дэвшлийн төв ТББ нарын төлөөлөлт оролцон санал солилцов.

Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс илтгэл тавин оролцлоо.

Товч утга:
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох
Өргөдөл:

Усны зохистой хэрэглээ, хамгаалал, усны нөөц ашигласны төлбөрийн төвлөрүүлэлт, зарцуулалт, иргэдийг эрүүл, аюулгүй ундны усаар хангах асуудалд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавихыг хүссэн