УИХ-ын 2015 оны намрын чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хорооноос хийх ажлын төлөвлөгөөг батлав

  • 2015 оны 10 сарын 14

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2015.10.14/ хуралдаанаар Баг, хороодын эрх зүйн байдлыг сайжруулах асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх, Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах мөн Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы завсарлагааны хугацааны өргөдөл шийдвэрлэлтийн мэдээ сонсох гэсэн 3 асуудал байлаа.

Эхний асуудлыг хэлэлцэхээс өмнө Байнгын хорооны дарга О.Баасанхүү гишүүдэд тайлбар хийв. Тэрээр Засаг захиргааны анхан шатны нэгж болох баг, хорооны Засаг дарга, ажилтнуудаас тэдгээрийн эрх зүйн байдлыг тодорхой болгох, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож бэхжүүлэх, баг, хороодод төсөв, хөрөнгө хуваарилах зэрэг санал, хүсэлт гаргасан өргөдлүүд Байнгын хороонд ирүүлсэн. Иймд Өргөдлийн байнгын хорооны дүрмийн 3.4-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан нарт хуваарилан, дүрмийн 5.2.3-т заасны дагуу асуудлыг судлан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулж байна гэлээ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан хуралд оролцож байгаа ажлын хэсгийг танилцуулсны дараа Байнгын хорооны дарга О.Баасанхүү Баг, хороодын эрх зүйн байдлыг сайжруулах асуудлаар ирүүлсэн өргөдлийн талаар товч танилцуулав. Тэрээр Баг, хорооны эрх зүйн байдлыг Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Төрийн албаны тухай, Төсвийн тухай хуулиудаар зохицуулж байгаа. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 1-д “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна” гэж хуульчилсан. Үндсэн хуулийн энэ заалтыг тодорхой болгох, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд баг, хорооны чиг үүрэг, эрх хэмжээг нарийвчлан тогтоох хэрэгтэй байна хэмээн онцлон тэмдэглэв.

Үүний дараа Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хорооноос хийх ажлын төлөвлөгөөг батлав. Ингээд Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы завсарлагааны хугацааны өргөдөл шийдвэрлэлтийн мэдээг Байнгын хорооны дарга О.Баасанхүү танилцуулав.

Тэрээр Улсын Их Хуралд 2015 оны хаврын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд 793 өргөдөл ирүүлсний 181 нь Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн байна. Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн нийт өргөдлийн 33 буюу 18.2 хувь нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарах нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 148 буюу 81.8 хувь нь бусад байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудлаар хандсан өргөдөл байна.

Энэ хугацаанд 103 хүсэлт буюу 56.9 хувийг судлан шууд хариу өгч, 58 хүсэлт буюу 32 хувийг харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн байна. Нийт 161 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 20 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд судлагдаж байна. Тайлант хугацаанд Өргөдлийн байнгын хорооноос 95 албан бичиг явуулж, 78 албан бичиг хүлээн авч шийдвэрлэсэн байна.