2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хорооны хийж гүйцэтгэсэн ажлын тайлан

  • 2018 оны 08 сарын 10

Улсын Их Хуралд 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 17232 иргэнээс 14492 хуудас бүхий 1874 өргөдөл /нийслэлийн иргэдээс 1324 буюу 70,6 хувь, хөдөө орон нутгийн иргэдээс 550 буюу 29,3 хувь/ ирүүлсэн байна. Үүнээс 220 буюу 11,7 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 1365 буюу 72,8 хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байна. Улсын Их Хурлын гишүүний нэр дээр гарт нь хаягласан өргөдөл 289 байна.

            Өргөдлийн байнгын хороонд хандаж 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 435 өргөдөл ирүүлсэн байна. Энэ хугацаанд 9056 иргэний өргөдлийг 9 удаа багцлан иргэд, албан тушаалтнаас тайлбар авах хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийт 308 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 127 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна.

            Тайлант хугацаанд Өргөдлийн байнгын хорооноос 133 албан бичиг явуулж, 174 албан бичиг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

            Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбатаар ахлуулсан Туул голын бохирдлын асуудлаар судалж, шийдвэрийн төсөл боловсруулах, үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг Байнгын хорооны гишүүд сонсож хэлэлцлээ.

 

1. Байнгын хороогоор хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар

 

            Өргөдлийн байнгын хороо нийт 7 удаа хуралдаж, 11 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж 7 тогтоол, 1 зөвлөмж, 2 албан бичгээр Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгч иргэдийн өргөдлөөр тавигдсан асуудлыг шийдвэрлэсэн байна. Үүнд:

 

  1. Туул голын бохирдлын асуудлаар ирүүлсэн өргөдлийг Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбатаар ахлуулсан Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Д.Дамба-Очир, Г.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Б.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж Туул голыг хамгаалах, бохирдлыг бууруулах, Туул голын сав газрыг тусгай хамгаалалтад авах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж эхлэх, шийдлийг гаргах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар Байнгын хорооны 3 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл болгов;
  2. Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааны талаар ирүүлсэн өргөдлүүдийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Г.Солтан нар судалж Байнгын хорооны хуралдаанд танилцуулга бэлтгэн хэлэлцүүлж Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар Байнгын хорооны 04 дүгээр тогтоолоор Засгийн газарт чиглэл болгов;
  3. Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн асуудлаар ирүүлсэн өргөдлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, сонгон шалгаруулалтын журамд өөрчлөлт оруулах, сурагчдад эрүүл ахуйн шаардлага хангахгүй, чанаргүй бүтээгдэхүүн өгч байгаа зөрчлүүдийг арилгах арга хэмжээний талаар 7/6587 тоот албан бичгээр Засгийн газарт болон Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүргүүлэв;
  4. Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн мэргэжлийн ур чадвар олгох, хүн амын хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр иргэдийн саналыг нэгтгэн “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт 2016 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 7/5106 тоот албан бичгээр нийт 9 санал хүргүүлснээс 5 санал тусч батлагдсан.
  5. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар ирүүлсэн өргөдлүүдийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг, Д.Тогтохсүрэн нар судлан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох, хяналт, хариуцлагыг сайжруулах талаар холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл болгов.
  6. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр болон гамшгийн үед авах хойшлуулшгүй арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж батлах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, аймаг, нийслэлд эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглалтад оруулах ажлыг шуурхайлах, утааны эсрэг сургалт, сурталчилгаа явуулах, аж ахуйн нэгжүүдийн санал санаачлагыг дэмжих, төрийн байгууллага, албан тушаалтан, иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх зэрэг арга хэмжээ авахыг Байнгын хорооны 2017 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Засгийн газарт чиглэл болгов.

 

2. Хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулсан талаар

 

Тайлант хугацаанд иргэдийн өргөдлийг судлах хүрээнд дараах хэлэлцүүлгүүдийг хариуцсан яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулсан:

 

  • Туул голын бохирдлыг бууруулах асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу иргэд холбогдох албан тушаалтнаас тайлбар авах хэлэлцүүлэг;
  • “Ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлэг;
  • Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар авах хэлэлцүүлэг;
  • Агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, агаарын бохирдлын улмаас иргэд, ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирч байгаа талаар 2205 иргэнээс ирүүлсэн өргөдөл болон 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу Өргөдлийн байнгын хороо 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвтэй нээлттэй хэлэлцүүлгийг холбогдох яамд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулан хийж Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн;
  • Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн хувь тогтоосон тэтгэврийн хэмжээг бууруулсан, хассан асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар авах хэлэлцүүлэг хийсэн;
  • Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцах уулзалт хэлэлцүүлэг хийсэн;

 

3.Хяналт шалгалтын ажлын талаар

 

            Туул голын бохирдлын асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, шийдвэрийн төсөл боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Усны тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, Туул голын бохирдол, Төв цэвэрлэх байгууламж болон Харгиа цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, шинэчлэлийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, шалгаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн засаг даргад тодорхой үүрэг чиглэл өгч ажиллаа.

 

            “Ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан саналын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл сонслоо.

 

            Өргөдлийн байнгын хорооноос “Туул голын бохирдлын асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2016 оны 03 дугаар тогтоолын биелэлт, явцын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонслоо.

 

4.Мэдээлэл сургалт, сурталчилгаа, бусад ажлын талаар

 

            Иргэдээс Улсын Их Хуралд өргөдөл гаргах боломжийг бүрдүүлэх, хөнгөвчлөх, төрийн байгууллагуудын өргөдөл шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, олон нийтэд нээлттэй, ил тод байх, иргэдээс өргөдөл шийдвэрлэлтийн ажиллагаанд хяналт тавих, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжийг бүрдүүлсэн Өргөдлийн байнгын хорооны мэдээллийн удирдлагын систем буюу вебсайт, дотоод программ хангамжийн системийг хөгжүүлж байна.

 

            Өргөдлийн байнгын хорооны мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх, сурталчлан таниулах зорилгоор иргэдэд өргөдөл гаргах зөвлөмж болон Байнгын хорооны үйл ажиллагааны товч танилцуулга бүхий гарын авлага, нугалбарыг шинэчлэн хэвлүүлж нийслэлийн болон орон нутгийн иргэдэд тарааж мэдээллээр хангаж ажилласан.

 

ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА