Өргөдлийн байнгын хороо иргэд, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах ээлжит уулзалт зохион байгуулав

  • 2016 оны 02 сарын 23

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо иргэдийн өргөдлийн дагуу иргэд, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах уулзалтыг өнөөдөр /2016.02.23/ Төрийн ордон дахь Нээлттэй сонсголын танхимд зохион байгуулав.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны дарга Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Сарангэрэл нар оролцлоо.

Байнгын хорооны дарга Ж.Батзандан уулзалтыг нээж үг хэлэхдээ, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19.2.4-т “Өргөдлийн байнгын хороо нь өргөдөл гаргагч, гэрч, шинжээчийг сонсох, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар гаргасан таван өргөдлийн дагуу иргэдийг сонсох, албан тушаалтнаас тайлбар авах ээлжит уулзалтыг зохион байгуулж байна гэлээ.

Эдгээр таван өргөдөл нь /1/ Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, 24.7 дахь хэсгийн хэрэгжилтийн байдал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгтэй хэрхэн уялдуулах талаар тайлбар авах, авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах.

/2/ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5, 9 дүгээр зүйл, Нийгмийн даатгалын санагаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар бүлгийг тайлбарлах, Нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу аль тааламжтай тэтгэврийн хэлбэрийг сонгох боломжтой эсэхийг тодруулах, иргэдийг мэдээллээр хангах, хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх талаарх мэдээллийг Улсын Их Хурлын гишүүдэд өгөх.

/3/ Өргөдөл гаргагч Богд уулын дархан цаазат газарт хамаардаг ХУД-ийн 11-р хороонд 1960-аад оноос хойш амьдарч байгаа бөгөөд 2015 онд тус хорооны 2, 3, 4, 5, 6-р хэсгүүдийн газрыг иргэдэд ашиглуулах шийдвэр гарсан боловч 1-р хэсгийг хамруулаагүй тул амьдарч байгаа газраа ашиглах гэрчилгээ гаргаж өгөхийг хүссэн. Иймээс иргэдэд газар ашиглах гэрчилгээ олгохгүй байгаа шалтгааныг тодруулах, шийдвэрлэх боломжийн талаар тайлбар авах.

/4/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нэхмэлийн 12, 13, 17, 18 дугаар байруудыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 0207100-889 тоот дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсныг тогтоож нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга /2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №А-660/ 2014 онд гаргасан. Гэвч одоог болтол тухайн байруудыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх компани олдохгүй байгаа. Оршин суугчдын зүгээс ашигтай байрлалтай бусад байруудын хамт тендер зарлаагүйгээс Нийслэлийн Засаг даргын дээрх шийдвэр хэрэгжихгүй байгаа. Ашиглалтын шаардлага хангахгүй байранд амьдарч байгаа иргэд хохирч, албан тушаалтнууд ямар ч арга хэмжээ авахгүй байна гэсэн гомдолд тайлбар авах.

/5/ Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хороонд байрлах Хайрцагны 24-р байр 1965 онд ашиглалтад орсон. Улсын онцгой байдлын алба, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас удаа дараа хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт гарч мэдэгдэл өгсөн. “Их наран өргөө” ХХК-тай тухайн байрны ард 77 айлын орон сууц барин түүндээ 24-р байрны оршин суугчдыг оруулж, тус байрны газар дээр дахин барилга барих тухай 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр оршин суугчидтай гэрээ байгуулсан. Уг 77 айлын орон сууцыг 2015 оны IV улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан ч ажлын явц удааширч тус компани оршин суугчидтай дахин гэрээ хийх санал тавьсан. Дахин байгуулахаар санал болгож байгаа гэрээнд өмнөх гэрээний нөхцөлийг дордуулсан байдлаар зааж байгааг иргэд зөвшөөрөхгүй байгаа. Холбогдох эрх зүйн актуудад зааснаар дахин барилгажуулах Гурван талт гэрээ байгуулаагүй зөвхөн компани, иргэдийн хооронд гэрээ байгуулсан байгаа. Иймд “Их наран өргөө” компани, иргэдийн хооронд 2013 онд байгуулсан гэрээний нөхцөлийг дордуулахгүй байх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх. Энэ асуудалд дүүрэг, нийслэлээс дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасан болно.

Энэ удаагийн уулзалтаар тус байнгын хороонд хандаж ирүүлсэн дээрх таван өргөдөлтэй танилцан, эдгээр иргэдийн өргөдлийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар холбогдох албан тушаалтнуудын тайлбарыг сонсож, энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан юм. Тухайлбал, СХД-ийн иргэн Ц.Батмөнх Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24.7-д “Шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 04-ний 104 дүгээр захирамжаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Гэтэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасны дагуу 60 нас хүрээгүй гэсэн шалтгаанаар одоог хүртэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадалгүй хохирч байгаа талаар тус байнгын хороонд ханджээ. Иймээс уулзалтад өргөдөл гаргагч Ц.Батмөнх болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн холбогдох албан тушаалтнуудыг байлцуулан нэмэлт тайлбар, мэдээлэл сонсов.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Батбаатар энэ асуудлын талаар Нийгмийн даатгалын тухай багц хуульд өөрчлөлт оруулахаар тусгагдсан байгаа. Энэхүү хууль батлагдсанаар шүүгчийн тэтгэвэртэй холбоотой асуудал шийдвэрлэгдэнэ гэв.

Ингээд байгын хорооны гишүүд уг асуудалтай холбогдуулан өргөдөл гаргагч иргэн болон холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, тодруулсны Байнгын хорооны дарга Улсын Их Хурлын гишүүдийн саналыг тусган өргөдлийг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох албан тушаалтнуудад чиглэл өгөв

Мэдээ мэдээлэл

Санал асуулга

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах “Ноён уул”-ыг ашигт малтмал олборлох зорилгоор ашиглахгүй хэвээр үлдээж, уул, усаа унаган төрхөөр нь хадгалж, дархан цаазат газар болгохыг хүсч байна.
Санал өгсөн: 409
Дэмжиж байна
81.9% (335)
Дэмжихгүй байна
17.1% (70)
Санал өгөх Үр дүн харах