“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулж Засгийн газарт хугацаатай үүрэг, чиглэл өгөхөөр тогтлоо

  • 2017 оны 05 сарын 18

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр (2017.05.17) “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 

Тус Байнгын хорооны гишүүд  өнгөрсөн онд Ерөнхий боловсролын сургуулиудаар явж, “Үдийн цай” хөтөлбөрийн чанар, хүртээмжтэй танилцсанаар 2016 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн тогтоолоороо Засгийн газарт чиглэл өгсөн юм. “Үдийн цай” хөтөлбөрт сургуулиас өдөр тутмын хяналт тавих боломжийг бүрдүүлэх үүднээс анхны хэрэгжиж байсан журмыг мөрдүүлэх талаар судалж, шийдвэрлэх, хөтөлбөрийн дагуу сурагчдад олгох үдийн цайны шим тэжээлийн бодис, илчлэгийн хэмжээ, чанар, стандартыг шинэчлэн сайжруулахад холбогдох арга хэмжээг авч ажиллах зэрэг чиглэлийг Засгийн газарт хүргүүлсний дагуу хийсэн ажлын талаар мэдээлэл сонсох, тайлбар авах зорилгоор өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгааг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат танилцуулав.

Хэлэлцүүлэгт тус Байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Н.Цэрэнбат, Г.Мөнхцэцэг, Д.Тогтохсүрэн, А.Сүхбат, Н.Учрал нар оролцлоо.

Засгийн газрын 2012 оны 106 дугаар тогтоолын дагуу 1-5 дугаар ангийн 288 мянга орчим сурагчид 600 төгрөгийн өртөгт багтаан үдийн цайгаар үйлчилж байгаа юм. Энэ хөтөлбөрт жилдээ улсын төсвөөс 27 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргадаг байна.

Хэлэлцүүлгийн эхэнд ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш, доктор, дэд профессор М.Пүрэвжав “Олон улс дахь сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ, “Үдийн цай” хөтөлбөрийн өнөөгийн байдал” сэдвээр мэдээлэл хийв. Тэрбээр мэдээлэлдээ “Манай улсад хүүхдийн хоол, шим тэжээлийн байдлыг төр анхааралдаа авах зайлшгүй шаардлага байна” гэдгийг онцлоод Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан, улс орнуудын тав хүртэлх насны хүүхдүүдийн шим тэжээллэг хоол хүнсний  хэрэглээний талаархи судалгааг танилцууллаа. Судалгаагаар монгол хүүхдүүд шим тэжээлээр хангалтгүй хоол хүнс хэрэглэдэг нь тогтоогджээ. Тиймээс “Үдийн цай” хөтөлбөрөөр дамжуулан хүүхэддээ зохих шим тэжээлтэй хоол хүнс өгөх бололцоог бүрдүүлэхэд төр засгаас зайлшгүй анхаарах болсон талаар саналаа танилцууллаа. Тэрбээр, “Өнөөдөр үүссэн асуудал мөнгөтэй холбоогүй. Нэг хүүхдэд өгөх хоолны зардлын мөнгийг нэмээд ч үр дүн гарахгүй. “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэт дураараа загнасан хүмүүс, эрх зүйн орчин бүрдээгүй байдал хүндрэл үүсгэж байна. Сургуулиуд гал тогоогүй, хооллох танхимгүй гэхчлэн эрүүл ахуйн болон технологийн талаас байнга зөрчил дутагдал гардаг. Энэ зөрчил дутагдлын цаана бид хүүхэддээ ямар хор өгч байгаад хяналт бараг байхгүй. Тиймээс энэ асуудлыг цогцоор нь шийдэж байж амжилтад хүрнэ” гэлээ.

 

Дараа нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар хийсэн танилцуулгадаа Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу журмыг мөрдөх, үдийн цайны чанарыг сайжруулах талаар ажилласныг  дурьдав.

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Боловсрол, эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд Өргөдлийн байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу  хөтөлбөр хэрэгжүүлдэг сургуулиудад хийсэн хяналт, шалгалтын дүнг танилцууллаа. Танилцуулгадаа сургуулиуд цайны газаргүй, хоол хүнс хадгалах агуулахгүй, стандарт мөрддөггүй, хоол хүнсэнд илчлэг тооцдоггүй, нүүрс ус давамгайлсан бүтээгдэхүүн хүүхдэд түлхүү өгдөг, тогооч нарын эрүүл хоол хүнсний мэдлэг муу, сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний зүйлийг сургууль дотор худалдаалсан зэрэг зөрчил дутагдал нийтлэг байгааг онцлов.

УИХ-ын гишүүд албан тушаалтнуудын танилцуулга, мэдээллийг сонссоныхоо дараа асуулт асууж, саналаа хэллээ. 

УИХ-ын гишүүн Н.Учрал, Г.Мөнхцэцэг, А.Сүхбат, М.Оюунчимэг, Н.Цэрэнбат нар хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухайн сургууль цайны газруудтай бие даан гэрээ байгуулж, сурагчдадаа үдийн цай өгдөг байсныг Нийслэлийн Засаг даргын 2014 оны захирамжаар хүчингүй болгож, Нийслэлийн өмчийн харилцааны газар сонгон шалгаруулах болсон нь байдлыг улам дордуулж, хүүхдээр бизнес хийх орчин бүрдсэнийг тэмдэглэлээ. Түүнчлэн, Байнгын хорооны 2016 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн тогтоолын дагуу тодорхой ажил хийгээгүй байгааг онцлон хэлсэн юм.

Төгсгөлд нь “Үдийн цай” хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэхдээ сурагчдад өгч буй үдийн цайны чанарыг нь сайжруулах талаар Засгийн газарт хугацаатай үүрэг, чиглэл хүргүүлэх, биелэлтийг хангаагүй тохиолдолд хариуцлагын асуудал ярихаар тогтож буйг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа

Мэдээ мэдээлэл

Санал асуулга

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах “Ноён уул”-ыг ашигт малтмал олборлох зорилгоор ашиглахгүй хэвээр үлдээж, уул, усаа унаган төрхөөр нь хадгалж, дархан цаазат газар болгохыг хүсч байна.
Санал өгсөн: 409
Дэмжиж байна
81.9% (335)
Дэмжихгүй байна
17.1% (70)
Санал өгөх Үр дүн харах