“Да хүрээ” Техникийн худалдаа үйлчилгээний төв болон тэнд худалдаа эрхлэгчдийн өргөдлийн дагуу иргэд, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах уулзалт зохион байгуулав

  • 2016 оны 04 сарын 21

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо иргэдийн өргөдлийн дагуу иргэд, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах уулзалтыг өнөөдөр /2016.04.20/ Төрийн ордон дахь Нээлттэй сонсголын танхимд зохион байгуулав.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны дарга Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Ө.Энхтүвшин нар оролцлоо.

 

Байнгын хорооны дарга Ж.Батзандан уулзалтыг нээж үг хэлэхдээ, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19.2.4-т “Өргөдлийн байнгын хороо нь өргөдөл гаргагч, гэрч, шинжээчийг сонсох, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар гаргасан таван өргөдлийн дагуу иргэдийг сонсох, албан тушаалтнаас тайлбар авах ээлжит уулзалтыг зохион байгуулж байна гээд иргэдээс ирүүлсэн өргөдлийг танилцуулав.

Тэрээр,  “Да хүрээ” техникийн зах болон захын эргэн тойронд БЗД-ийн 8, 9, 16, 17, 24-р хорооны 6000 гаруй иргэд зогсоол, дэлгүүр, цайны газар зэрэг жижиг бизнес эрхэлдэг бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгө, хүчээр бий болгосон бизнесээ хэвийн явуулж байхад Авто худалдааны цогцолбор нэрийдлээр улсын үйлдвэрийн газар байгуулж төрийн нэрийг барин бизнесийн орчин байхгүй, бүрэн тохижоогүй, улсын комисс хүлээж аваагүй газарт нүүхийг шаардаж байгааг болиулах, шинэ Авто худалдааны цогцолбор нь газар зүйн хувьд цэвдэг ихтэй, хотын цэвэрлэх байгууламийн салхин дор байгаа нь Үндсэн хуулиар баталгаажсан эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг зөрчихөөр байгаа талаар тус байнгын хороонд өргөдөл, гомдол ирүүлсэн тул өнөөдөр өргөдөл гаргагч иргэдийн төлөөллийг сонсох, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авахаар энэхүү уулзалтыг зохион байгуулж байна гэлээ.

Өргөдөл гаргагч иргэдийг төлөөлж “Да хүрээ трэйд” ХХК-ийн захирал Ц.Алимаа, Монголын жижиг, дунд үйлдвэр, худалдаа, ахуйн үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Г.Дүгэрээ, “Нийтийн эрхийг хамгаалах холбоо” ТББ-ын тэргүүн О.Мөнх-Эрдэнэ нар байлцсан ба дараахь нэмэлт тайлбарыг хийсэн юм.

 

Үүнд, “Да хүрээ” захын эргэн тойронд жижиг бизнес эрхэлж буй 6000 гаруй иргэдийн цаана гэр бүл гээд олон мянган хүний амьжиргааны эх үүсвэрийн асуудал яригдаж байгаа тул “Да хүрээ” захыг нүүлгэхгүйгээр “Авто худалдааны цогцолбор”-той зэрэгцэн ажиллах боломжийг Нийслэлийн холбогдох төлөвлөгөөнд тусгуулах, “Да хүрээ” техникийн захад байрлаж байсан Техникийн худалдаа үйлчилгээний төвийн төвлөрсөн цэгийг татан буулгасан Зам, тээврийн яамны шийдвэрийг хүчингүй болгож, тоо бүртгэл, шилжилт хөдөлгөөний нэг цэгийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хөндсөн юм.

Энэ удаагийн уулзалтаар тус байнгын хороонд хандаж ирүүлсэн дээрх өргөдөлтэй танилцан, эдгээр иргэдийн өргөдлийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар холбогдох албан тушаалтнуудын тайлбарыг сонсож, энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан юм. Тухайлбал, Зам, тээврийн яамны Хяналтын хэлтсийн дарга С.Дорждагва “Авто худалдааны цогцолбор”-ын үйл ажиллагаа жигдэртэл “Да хүрээ” техникийн захын авто тээврийн бүртгэлийн үйл ажиллагааг сэргээсэн төдийгүй цаашид Зүүн бүсийн аймгийн иргэдэд үйлчлэх Авто тээврийн төв болгон хөгжүүлэх чиглэлийг тус яамны сайд өгсөн гэлээ.

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ц.Шаравдорж, “Да хүрээ” техникийн захын асуудлаар тус газраас ажлын хэсэг ажилласан бөгөөд Нийслэлээс хяналтын ерөнхий газрын нүүлгэн шилжүүлэх тухай албан шаардлага болон Улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус хүчингүй болгосон. Энэ нь Газрын тухай хуулийн зарим заалтуудыг зөрчсөнтэй холбоотой юм гэтэл “Да хүрээ” техникийн зах тус заалтуудыг зөрчөөгүй болно.

 

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний хяналтын зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч А.Номин, “Да хүрээ” техникийн захыг Зүүн бүсийн аймгийн иргэдэд үйлчлэх авто тээврийн хэрэгслийн бүртгэл, даатгал, сэлбэгийн худалдаа зэрэг цогцолбор төв байгуулахад тус газраас татгалзах үндэслэл байхгүй гэсэн албан бичиг “Да хүрээ” захын удирдлагад хүргүүлээд байна гэлээ.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүд албан тушаалтнуудад асуулт тавьж, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нэг талын эрх ашгийг барихгүйгээр “Да хүрээ” захыг нүүлгэхгүйгээр “Авто худалдааны цогцолбор”-той зэрэгцэн ажиллах боломж байгаа эсэх талаар тодруулсан бол УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хэлэхдээ, хоёр талын тайлбарыг сонссоны үндсэн дээр “Да хүрээ” захыг нүүлгэх шаардлага байхгүй байна гэлээ.

 

Ингээд байгын хорооны гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан өргөдөл гаргагч иргэн болон холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, тодруулсны дараа Байнгын хорооны дарга Ж.Батзандан Улсын Их Хурлын гишүүдийн саналыг тусган өргөдлийг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох албан тушаалтнуудад чиглэл өгөв

Мэдээ мэдээлэл

Санал асуулга

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах “Ноён уул”-ыг ашигт малтмал олборлох зорилгоор ашиглахгүй хэвээр үлдээж, уул, усаа унаган төрхөөр нь хадгалж, дархан цаазат газар болгохыг хүсч байна.
Санал өгсөн: 409
Дэмжиж байна
81.9% (335)
Дэмжихгүй байна
17.1% (70)
Санал өгөх Үр дүн харах