Нийслэлийн Багахангай дүүрэгт Өргөдлийн байнгын хорооны гишүүн ажиллалаа

  • 2016 оны 03 сарын 24

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны гишүүн Д.Сарангэрэл тус байнгын хорооны ажлын албаны хүмүүсийн хамтаар өнөөдөр /2016.03.24/ Нийслэлийн Багахангай дүүрэгт ажиллалаа.

 

Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллах үеэр Засаг дарга С.Эрдэнэбаяр, ИТХ-ын дарга Б.Батнасан нар дүүргийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийв. Засаг дарга С.Эрдэнэбаяр, ”Нутгийн хөгжил, иргэдийн сайн сайхан” хөтөлбөрт үндэслэн Багахангай дүүрэгт хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Монгол гоёл, Монгол соёлоороо бахархах, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдээ дэмжих зорилгоор сар бүрийн эхний долоо хоногийн Даваа гарагийг “Монгол гоёлын өдөр” болгосон. Түүнчлэн, Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг үндэслэн дүүргийнхээ иргэдэд, төрийн албан хаагчдад зориулж мэргэшлийн сургалтуудыг амжилттай зохион байгууллаа гэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл үргэлжлүүлэн тус дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа. Тус төв нь өнөөдрийн байдлаар 4000 гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 15 ортой хэвтэн эмчлүүлэх стационартай, түргэн тусламжийн хоёр автомашинтайгаар үйлчилгээ үзүүлж байгаа талаар тус төвийн дарга Х.Ганбат танилцуулсан юм. Тэрээр, тулгамдаж буй асуудлуудын талаар, эмнэлэгийн барилгын даацын болон даацын бус хийц бүтээц эвдэрч гэмтсэн тул барилгыг цаашид хэвийн байдлаар ашиглах боломжгүй гэж нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гарсан гэлээ. Түүнчлэн, нарийн мэргэжлийн боловсон хүчний тоог нэмэх, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй, түргэн шуурхай, чанартай хүргэхэд нэн шаардлагатай зарим тоног төхөөрөмжүүд хэрэгтэй байгаа талаар дуулгалаа.

 

Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл тус дүүрэгт улаанбурхан өвчний дэгдэлтийн талаар лавлаж, мөн Монгол Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулган эхлэхэд Байнгын хороогоороо дамжуулан нэн яаралтай шийдвэрлэвэл зохистой дээрх асуудал, зөвлөмжийг нэгтгэж холбогдох газарт нь танилцуулна гэлээ.

 

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл тус дүүргийн иргэдтэй уулзалт хийж, Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль, тогтоолууд, эдийн засгийн зарим асуудлууд, мөн хөдөө aж aхуйн салбарын талаар танилцуулж, мэдээлэл хийсний дараа иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

 

 

 

 

Уулзалтын төгсгөлд, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны гишүүн Д.Сарангэрэл Монгол Улсын Их Хурал, түүний Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн өргөдлийг саналын хайрцгаар дамжуулан хүлээн авч буйг дуулгаж, энэхүү саналын хайрцгийг Багахангай дүүргийн ИТХ-ын дарга Б.Батнасанд хүлээлгэн өглөө