Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хууль эрх зүйн зохицуулалт, ажлын явц байдлын талаарх хэлэлцүүлэг болов

  • 2015 оны 05 сарын 28

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсэг өнөөдөр /2015.05.28/ Төрийн ордны “В” танхимд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хууль эрх зүйн зохицуулалт, ажлын явц, тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа мөн нийслэлийг төлөөлөн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг болон төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжийн удирдлагууд оролцож санал бодлоо солилцов.  


2014 оны 6 дугаар сарын 8-нд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо Гэр хорооллын нөхцлийг сайжруулах, төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийг хохироосон тухай өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тогтоол гаргасан юм.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан энэ асуудлаар Өргөдлийн байнгын хороо хоёр дахь удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж байгааг онцлон тэмдэглэсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжийн удирдлагууд гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцад учирч байгаа гол хүндрэл, бэрхшээлүүдийн талаар санал бодлоо хэллээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан хэлэхдээ, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэл бэрхшээл болон үнэхээр иргэдийг хохироосон эсэх талаар мэдээлэл байгаа бол эдгээр асуудлыг ирэх долоо хоногт төлөвлөгдсөн Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд танилцуулна гэв.


Төсөл хэрэгжүүлж буй компаниудын зүгээс тавьж буй гол асуудал нь “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д хууль эрх зүйн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсэж байлаа. Учир нь уг журмын дагуу дахин төлөвлөлт хийх байршилд иргэдээс санал авах тоог 75 хувиас доошгүй гэж заасан байдаг. Харин нөгөө үлдсэн 25 хувь нь  хүмүүсийн эрх ашгийг зөрчихгүйн тулд газар чөлөөлөх асуудал дээр ихээхэн хүндрэл учирч байна гэв. Тухайлбал, тухайн иргэд газраа чөлөөлж өгөхгүйн улмаас тус газар төлөвлөгдсөн инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламжийн барилга угсралтын ажил гацах эсвэл иргэд өөрийн эзэмшлийн газар, үл хөдлөх хөрөнгөө хэт өндрөөр үнэлэх гэх мэт асуудлууд байгааг  тайлбарлав.


Эцэст нь Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч  Ж.Батзандан, хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг ирэх долоо хоногийн байнгын хорооны хуралдаанд танилцуулах учир өмнө нь бичгээр ирүүлэх хэрэгтэйг анхааруулав. 


Дашрамд дурдахад нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх үйл ажиллагаа нь Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон НИТХ-ын “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-тай  холбогдуулан батлагдсан тогтоолуудыг төсөл хэрэгжүүлэгч нар мөрдөн ажиллаж байна. 

Өнөөдрийн байдлаар 1189 нэгж талбарын 62.34 га талбайг чөлөөлөн эхний ээлжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд Нийслэлийн хэмжээнд 2014 онд 4023 айлын орон сууцны барилга угсралтын ажил эхлүүлснээс 528 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан байна. 2015 онд 2492 орон сууцны барилгыг ашиглалтад оруулж, 6999 айлын орон сууцны барилгыг шинээр эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.  
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдах инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламжийн барилга угсралтын ажлыг улс, нийслэлийн төсөв, бондын хөрөнгө оруулалтаар барьж байгуулж байгаа бөгөөд 2013-2014 онд нийслэлийн төсвийн санхүүжилтээр 147,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол 2015 онд 18,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр баталжээ