Ашигт малтмалын болон байгаль орчны тухай зарим хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

  • 2014 оны 12 сарын 15

          Дорноговь, Баянхонгор аймгийн нэр бүхий 50 гаруй иргэний /800-аад иргэн дэмжиж гарын үсэг зурсан/ өргөдлийн дагуу Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатараас ахлуулсан УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсэг Дорноговь аймгийн “Цагаан дэлийн агуй”, “Хутаг уул”, “Чандмань хар уул”, Баянхонгор аймгийн “Хүслэнтэйн аман гол”-ын бүс нутагт ашигт малтмалын тухай болон байгаль орчны тухай зарим хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцан, өргөдөлд дурьдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар нутгийн иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, санал хүсэлтийг авч ажилласан байна.

Улмаар орон нутагт ажилласан дүнг Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанд танилцуулж, холбогдох мэргэжлийн байгууллагуудын илтгэлийг хэлэлцүүлсэн ба хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Уул уурхайн яам, Соёл, спорт аялал жуулчлалын яам, Хууль зүйн яам, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шинжлэх ухаанны хүрээлэн зэрэг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийн үеэр Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас хийсэн мэдээллээр, 2014 оны байдлаар улсын хэмжээнд уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаатай холбоотойгоор 19870.4 га газар эвдрэлд орсон, 138 аж ахуйн нэгжийн 242 тусгай зөвшөөрлийн талбайд учруулсан байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлыг 54.7 тэрбум төгрөг шаардагдана гэсэн тооцоо судалгааг гарсан байна. Мөн хамгаалах шаардлагатай чухал газар нутгийн экосистем, биологийн олон янз байдал, хөгжлийн хэтийн төлөвлөлттэй уялдуулан тодорхойлж уул уурхайгаас ангид байх газруудыг бий болгох, бүс нутгийн экосистемийн үнэлгээ хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх, уурхайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө тооцох эрх зүйн орчныг шинэчлэх, тусгай санд урьдчилан байршуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн саналыг БОНХЯ-наас дэвшүүлж байв.

 

Хэлэлцүүлэгт оролцсон байгууллага, иргэдээс дараах санал, дүгнэлтүүд гарч, холбогдох хууль, журамд тодорхой өөрчлөлтүүдийг оруулах шаардлагатай гэж үзсэн. Үүнд:

1.Ашигт малтмалыг олборлох, боловсруулах, тээвэрлэх, борлуулах зэрэг асуудлуудыг иж бүрнээр нь зохицуулах,

2.Ашигт малтмал баяжуулах, борлуулах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй явуулдаг болгох,

3.Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооход хариуцах эзэн, хэрэгжих хугацааг тодорхой тусгах, 

4.Гадаадын иргэдийг хуульд зааснаас илүү хэмжээгээр авч ажиллуулсан тохиолдолд ажлын байр тутамд төлөх төлбөрийг туслан гүйцэтгэгч мөн адил төлдөг болох,

5.Хайгуулын ажлын нэгжийн өртөг тооцох арга, зарчмыг тодорхой болгох, хайгуулын зардлын доод хэмжээг нэмэгдүүлэх, нэг талбайд хийсэн ажлын зардлыг буруу тооцсон буюу талбай хооронд шилжүүлэх, давхардуулах зөрчилд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл хариуцлага ногдуулдаг болох,

6.Ашигт малтмалын болон бусад хуулийн хэрэгжихгүй байгаа заалтуудыг нэн даруй хэрэгжүүлж, уул уурхайн үйлдвэрлэлээс улсын төсөвт орох орлогыг нэмэгдүүлэх механизм бүрдүүлэх,

7.Хууль зөрчсөн болон хууль хэрэгжүүлэхгүй этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог оновчтой бөгөөд тодорхой болгох,

8.Түүх, соёлын өв, үнэт зүйлсийг нэн тэргүүнд тавьж үнэлгээг бодитой тооцдог болох, тандалт судалгааг төрөөс хийж, хамгаалалтад авах. Зөвхөн эдийн засгийн үр ашигт анхаарсан өрөөсгөл бодлогыг залруулах, иргэдийн урт хугацааны тогтвортой амжиргааг дэмжих, уул уурхайн нөлөөллөөс малчдын ажиллаж амьдрах орон зай хумигдаж байгааг онцгой анхаарч, цөөн тооны томоохон төслүүд дээр төвлөрөх гэсэн саналуудыг гаргасан байна.

Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Өргөдлийн байнгын хороо 2014.12.16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх тов зарлагдсан байна.


ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА