2015 оны намрын чуулганы тайлан.

  • 2016 оны 03 сарын 07

ДӨРӨВ. ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРОО

Өргөдлийн байнгын хороо нийт 4 удаа хуралдаж, 10 асуудлыг хэлэлцэж, 2 удаа салбарын сайдын мэдээлэл сонсов. Байнгын хорооны хуралдаанаас 4 тогтоол гаргаж, 3 хуралдааны тэмдэглэлээр хуулийн хэрэгжилтийг хангах, зөрчлийг арилгуулах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөв.

Улсын Их Хуралд 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 27407 иргэнээс 1152 өргөдөл /нийслэлийн иргэдээс 705 буюу 61,2 хувь, хөдөө орон нутгийн иргэдээс 447 буюу 38.8/ ирүүлсэн байна. Үүнээс 93 буюу 9,4 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 819 буюу 91.7 хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байна. Улсын Их Хурлын гишүүний нэр дээр гарт нь хаягласан өргөдөл 183 байна.

Өргөдлийн байнгын хороонд 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 304 өргөдөл ирүүлсэн байна. Энэ хугацаанд 4509 иргэний өргөдлийг 3 удаа багцлан Байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, 184 хүсэлт буюу 60.1 хувийг судлан шууд хариу өгч, 75 хүсэлт буюу 24.5 хувийг харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн байна. Нийт 259 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 45 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна.

Тайлант хугацаанд Өргөдлийн байнгын хорооноос 145 албан бичиг явуулж, 188 албан бичиг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 3 ажлын хэсэг ажиллалаа. Үүнд:

  • Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатараар ахлуулсан 2 ажлын хэсэг:

    • Бэлчээрийн талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлаар санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг;

    • Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаарх иргэдийн өргөдлийг судлан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг;

  • Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүгээр ахлуулсан 1 ажлын хэсэг:

    • Газрын тосны тухай хууль тогтоомж, бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн талаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг.

Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн нийтийн эрх ашгийг төлөөлсөн 7 өргөдлийг Өргөдлийн байнгын хорооны дүрэмд заасан хуваарийн дагуу судлан ажилласан. Үүнд:

  • Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах өргөдлийг Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нар судалж Байнгын хорооны хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэлээ.

  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд нөхөн төлбөр олгуулах асуудлаар ирүүлсэн багц өргөдлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Сарангэрэл нар судалж, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нар Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлээд байна.

  • Малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх насны хэмжээг эрэгтэй 55, эмэгтэй 50 нас болгон бууруулах тухай асуудлаарх өргөдлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, Д.Хаянхярваа нар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрох, хөдөлмөр эрхлэх эрхийг хангах тухай өргөдлийг Улсын Их Хурлын гишүүн М.Зоригт, Д.Сарангэрэл нар, Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, өөрчлөх тухай асуудлаарх өргөдлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг, Ш.Түвдэндорж нар, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг өөрчлөхийг эсэргүүцэж буй тухай өргөдлийг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Сарангэрэл нар эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг сайжруулах асуудлаар ирүүлсэн өргөдлүүдийг тус тус судалж холбогдох Байнгын хороодын ажлын хэсэгт санал хүргүүлээд байна.

1. Байнгын хороогоор хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар

Байнгын хорооны хуралдаанаас 2015 оны намрын чуулганы хугацаанд нийт 4 тогтоол, 3 хуралдааны тэмдэглэл гаргаж, иргэдийн өргөдлөөр тавигдсан асуудлыг шийдвэрлэсэн байна. Үүнд:

  1. Монгол Улсын хууль, Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй үндэслэлээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод хариуцлага тооцож, албан тушаалыг өөрчлөх тухай Байнгын хорооны 13 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөв;

  1. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгийн мэдээллийг хэлэлцээд Тост, Тосон бумбын нуруу орчим нутгийн байгалийн унаган тогтолцоо, шим ертөнцийн бүрэн бүтэн байдал, дэлхийд ховор ан амьтан, ургамал, экосистемийн бүрдлийг хадгалах зорилгоор тус газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахыг Байнгын хорооны 15 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл болгож, Улсын Их Хурлын тогтоолоор тус газрыг тусгай хамгаалалтад авав;

  1. Баг, хороодын эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцээд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөрөвдүгээр бүлгийн 13, 57 дугаар зүйлд өөрчлөлт оруулах саналыг Улсын Их Хурлын “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-т хүргүүлэх, хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох, хороодын дэд бүтцийг сайжруулах, орон нутгийн хөгжлийн сангийн үр ашигтай болгох, иргэд, баг хороонд хүртээмжтэй болгох зэрэг саналуудыг Байнгын хорооны 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 05, 06 дугаар хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт хүргүүлэв;

  1. Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүсийг байгуулах тухай Улсын Их Хурлын 2015 оны 75 дугаар тогтоолын асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн мэдээллийг хэлэлцээд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулахтай холбогдсон эрх зүйн орчинг бүрдүүлэх, малчид, орон нутгийн иргэдийн хэвийн ажиллаж, амьдрах болон малын бэлчээрийн нөхцөл байдал, зэрлэг ан амьтдын амьдрах орчин нөхцөлд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх арга хэмжээ авч ажиллахыг Байнгын хорооны 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар тэмдэглэлээр Засгийн газарт үүрэг болгов.

2. Хяналт шалгалтын ажлын талаар

Архангай, Баянхонгор, Ховд аймгуудаас ирүүлсэн иргэдийн өргөдлийн дагуу холбогдох компаниудын ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаар хяналт шалгалт хийлгэв.

Байнгын хорооны 2015 оны 09 дүгээр тогтоолоор байгуулагдсан Газрын тосны тухай хууль тогтоомж, Бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн талаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, 2015 оны 6 дугаар сард Дорнод аймагт “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн газрын тосны олборлолтын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, мэргэжлийн байгууллагуудаар хяналт шалгалт хийлгэв. Мөн тус компани нь зам тавих талаар гэрээгээр хүлээсэн үүргээ 25 жилийн турш биелүүлээгүй байсныг хэрэгжүүлэх шаардлага тавьж, замын ажлын 50 хувийг гүйцэтгэсэнтэй 2015 оны 11 дүгээр сард газар дээр нь эргэн танилцав.

3. Хэлэлцүүлэг зохион байгуулсан талаар

Тайлангийн хугацаанд иргэдийн өргөдлийг судлах хүрээнд дараах хэлэлцүүлгүүдийг хариуцсан яам, агентлаг, төрийн болон бус байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулсан:

  • “Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжиж ажиллахад баг, хороодын үүрэг” сэдэвт хэлэлцүүлэг;

  • Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг.

4. Мэдээлэл сургалт, сурталчилгаа, бусад ажлын талаар

Иргэдээс Улсын Их Хуралд өргөдөл гаргах боломжийг бүрдүүлэх, хөнгөвчлөх, төрийн байгууллагуудын өргөдөл шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, олон нийтэд нээлттэй, ил тод байх, иргэдээс өргөдөл шийдвэрлэлтийн ажиллагаанд хяналт тавих, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжийг бүрдүүлсэн Өргөдлийн байнгын хорооны мэдээллийн удирдлагын систем буюу вэбсайт, дотоод программ хангамжийн системийг хөгжүүлж байна.

Өргөдлийн байнгын хорооны мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх, сурталчлан таниулах зорилгоор 40 нүүр бүхий танилцуулгын сэтгүүлийг 2 удаа нийт 6000 хувь, иргэдэд өргөдөл гаргах талаарх зөвлөмж болон Байнгын хорооны үйл ажиллагааны товч танилцуулга бүхий гарын авлага, нугалбарыг шинэчлэн 2 удаа хэвлүүлж нийслэлийн болон орон нутгийн иргэдэд тарааж мэдээллээр хангаж ажилласан.

Улсын Их Хурлын гишүүдэд тойрогтоо ажиллахад нь зориулан Өргөдлийн байнгын хорооны мэдээллийн багцыг /танилцуулгын сэтгүүл, плакат, гарын авлага, нугалбар/ бэлтгэн тараасан.

Байнгын хорооны үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлан танилцуулах, өргөдөл гаргах талаар зөвлөмж өгөх, өргөдөл хүлээн авах үйл ажиллагааг 2015 оны 10,11 дүгээр сард Дорнод, Орхон аймгийн зарим сумдад зохион байгуулсан.

Байнгын хорооны үйл ажиллагааг urgudul.parliament.mn, www.facebook.com/Urgudliin.baingiin.khoroo, www.twitter.com/Urgudul1 цахим хуудас, Өдрийн сонин, Зууны мэдээ сонин, Малчин телевиз, ТВ-9, ТВ5 телевиз зэрэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байна. Байнгын хорооны 3 төрлийн теле-сурталчилгааг Хууль зүйн үндэсний хүрээлэн, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын теле-дэлгэцээр тогтмол нэвтрүүлж байна.