Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

  • 2016 оны 04 сарын 14

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан өнөөдөр /2016.04.14/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Тэрээр, "Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг”-аас олон нийтэд дэлгээд буй мэдээллээс Монгол Улсад хамааралтай хэсгийг албаны эх сурвалжаас тодруулан, баталгаажуулсны дараа Өргөдлийн байнгын хороо мэдээлэл хийнэ гэдгийг дуулгав. Түүнчлэн хууль сахиулах байгууллагын мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудлаар иргэдээс Өргөдлийн байнгын хороонд хандан өргөдөл, хүсэлт олныг ирүүлдэг болохыг тэрээр онцлоод, хууль сахиулах байгууллагаас явуулж буй зарим мөрдөн шалгах үйл ажиллагаатай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.

Иргэдээс ирүүлсэн гомдол, өргөдлийн дагуу хоёр асуудлаар тодруулга, уулзалт зохион байгуулсан талаар Байнгын хорооны дарга Ж.Батзандан сэтгүүлчдэд танилцууллаа. Уг арга хэмжээний үр дүнд айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар тооцон 7700 иргэнийг хохироогоод буй 83 байгууллагын нэрийг олон нийтэд зарлав. Мөн орон сууцны метр квадратыг стандарт бус аргаар тооцож, иргэдээс үндэслэлгүйгээр илүү төлбөр авсан барилга угсралтын компаниудтай холбоотойгоор ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу холбогдох байгууллагууд, мэргэжлийн хүмүүстэй уулзалт зохион байгуулсан. Үүний үр дүнд холбогдох байгууллагуудын дүгнэлтийн дагуу иргэдийг хохироосон 44 компанийн нэрийг танилцууллаа. Өргөдлийн байнгын хороо цаашид холбогдох байгууллагуудтай хамтран хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр анхаарч, дээрх байгууллагаас иргэдэд учруулсан хохирлоо барагдуулах хүртэл ажиллана гэлээ.

Мөн иргэдээс тус Байнгын хороонд ирүүлсэн өргөдөл, мэдээлэлд үндэслэн хэд хэдэн асуудалтай холбоотойгоор хуулийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллахаар төлөвлөөд байгаа талаараа мэдээлэв. Тодруулбал, “хоногийн зээл” нэрээр хууль бус санхүүгийн үйлчилгээ явуулж, иргэдийг хохироож байгаа асуудалтай холбоотойгоор ойрын хугацаанд Өргөдлийн байнгын хороо ажиллан, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр ажиллана гэв. Хэвлэлийн хурлын төгсгөлд Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө