Бага, дунд ангийн багш нарын нийгмийн баталгааны талаар хэлэлцүүлэг болов

  • 2016 оны 05 сарын 26

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /2016.05.26/ бага, дунд ангийн багш нарын нийгмийн баталгааны талаар уулзалт-хэлэлцүүлэг зохион байгуулав.

Ерөнхий боловсролын сургуулийн бага болон дунд ангийн багш нарын цалингийн хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг анхаарах талаар багш нараас санал, хүсэлт тус байнгын хороонд ирүүлсний дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны холбогдох албан тушаалтнуудыг байлцуулж энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж буйгаа Байнгын хорооны дарга Ж.Батзандан уулзалтын эхэнд тэмдэглээд хүрэлцэн ирсэн багш нарын төлөөллийн саналыг сонссон юм.

Тус уулзалтад нийслэл болон хөдөө орон нутгийн багш нараас гадна өндөр насны тэтгэвэртээ суусан ахмад багш нарын төлөөлөл Төрийн албаны тухай, Боловсролын тухай болон Хөдөлмөрийн тухай хуулиудын зарим заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар саналаа хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Ерөнхий боловсролын сургуулийн бага болон дунд ангийн багш нар 25 жил ажиллаж байж 608 мянган төгрөгийн цалин авч байна. Хэдийгээр тухайн багшийн хөдөлмөрийн шинж чанар, мэргэжлийн онцлогт тохирсон цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, нөхөх олговор, шагнал урамшуулал авах зэрэг эрх зүйн орчин хуульд заасан байдаг хэдий ч энэ нь бодит амьдралд хүрэлцэхгүй байна. Иймд цалингийн доод хэмжээг нэмэгдүүлбэл багш нарын үндсэн цалингаас тооцох нэмэгдэл хөлсний хувьд тооцох мөнгөн дүн дагаад өснө гэсэн саналтай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, 1995 оноос өмнө өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон багш нарт нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгуулах талаар хүсэлт гаргасан юм.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ, сургууль, цэцэрлэгийн ялангуяа бага ангийн багш нар хүнд нөхцөлд ажилладаг төдийгүй бага насны хүүхдийг сурган хүмүүжүүлэхэд ур чадвар, туршлага шаардсан нарийн мэргэжил юм. Иймд, тэдний мэргэжлийн онцлогт тохирсон нэмэгдэл хөлс илүү өндөр байх ёстой гэсэн санал гаргасан юм. Түүнчлэн тус байнгын хороонд ирүүлж буй өргөдөлд багш нар илүү цагийн мөнгөө тогтоолгож чадахгүй байна гэсэн гомдол байгааг холбогдох албан тушаалтнуудаас тодруулга авлаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Нийслэлийн боловсролын газрын албаны хүмүүс тайлбарлахдаа, хууль тогтоомжид зааснаар сургуулийн өмнөх болон бага, дунд ангийн багш нар төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлд багтдаг. Иймд, хууль тогтоомжид бага ангийн багш гэсэн томьёлолыг албан ажлын онцгой нөхцөлд нэмж оруулбал тэтгэмж олгох бүрэн болоцоотой. Харин илүү цагийн нэмэгдлийн хувьд сургууль, цэцэрлэгийн багш, бусад албан хаагчдад үр дүнгийн урамшуулал олгогдож байгаа. Энэ нь 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэгдсэн заалт юм. Хэдийгээр бага ангийн багшийн зааж буй хичээлийн цаг нь цөөн мэт харагдаж байгаа боловч, тухайн багш анги хүлээлгэж өгөх, дэвтэр шалгах, дараа өдрийн хичээлийн хөтөлбөр бэлдэх зэрэг олон ажил байдаг бөгөөд энэ бүхнийг тооцож үзвэл өдрийн 12 цаг ажиллаж байгаа нь үнэн. Иймд яамны зүгээс энэ бүхнийг харгалзан үзэж нарийвчалсан судалгаа хийж байгаа гэлээ.

Ийнхүү багш болон абаны хүмүүсээс гаргасан саналыг сонссоны дараа Байнгын хорооны дарга Ж.Батзандан дүгнэлт хийж, илүү цагийн мөнгийг бодож тооцох аргачлалыг боловсронгуй болгох, урамшуулалын тогтолцоог тодорхой болгож шинэчлэх, 1995 оноос өмнө өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон багш нарт нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгуулах, мөн Боловсролын тухай хуулийн 43.1.7.а-д “сум, тосгон..” гэдгийн өмнө “нийслэл” гэдэг үг нэмж оруулах талаар Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтлоо