Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан бүтээн байгуулалтын явцтай танилцлаа

  • 2016 оны 05 сарын 06

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан өнөөдөр /2016.05.06/ Зам, тээврийн яам болон Худалдан авах ажиллагааны газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж буй бүтээн байгуулалтын явцтай танилцаж, мэдээлэл авлаа.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ж.Батзандан, дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Багануур, Налайх дүүргүүдэд баригдах замын ажлын бэлтгэл хангагдсан эсэх талаар мэдээлэл авч, байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр, бүтээн байгуулалтын ажлуудыг яаралтай эхлүүлэх мөн тендертэй холбоотой маргааныг нэн тэргүүнд шийдвэрлүүлэх шаардлага бий болоод байгаа тул холбогдох байгууллагын албан тушаалтнуудтай уулзаж буйгаа уулзалтын үеэр онцлон тэмдэглэллээ.

Зам, тээврийн яам болон Худалдан авах ажиллагааны газрын албаны хүмүүс тус дүүргүүдийн бүсэд байршилтай “Хонхор”, “Городок”-ын зам тендерт шалгарсан ба ажил гүйцэтгэх компаниудтай гэрээгээ хийснээр замын ажил удахгүй эхэлж, хугацаандаа дуусна гэсэн тайлбар хийлээ.

Ийнхүү Байнгын хорооны дарга Ж.Батзандан иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу дээрх бүтээн байгуулалтын ажлуудыг шалгаж, чиглэл өглөө