2014 оны хаврын чуулганы тайлан

  • 2014 оны 07 сарын 09

ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРОО

Өргөдлийн байнгын хороо 2014 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд нийт 6 удаа хуралдаж, 19 асуудлыг хэлэлцэж, 2 удаа салбарын сайдын мэдээлэл сонсов. Байнгын хорооны хуралдаанаас 6 тогтоол гаргаж, 4 хуралдааны тэмдэглэлээр хуулийн хэрэгжилтийг хангах, зөрчлийг арилгах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөв. Төрийн байгууллагуудын иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагаа, түүний эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудлаар болон гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийг хохироосон тухай өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, шийдвэрийн төсөл боловсруулах асуудлаар 2 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Улсын Их Хуралд 2014 оны хаврын чуулганы хугацаанд давхардсан тоогоор 1024 иргэнээс 827 өргөдөл ирүүлсэн байна. Үүнээс 42 буюу 5 хувь нь Улсын Их хурлын бүрэн эрхэд шууд хамаарах асуудлаар гаргасан иргэдийн санал, 764 буюу 91 хувь нь ахуйн шинжтэй хувийн асуудлаар хандсан хүсэлт байна.

Энэ хугацаанд Байнгын хороо Улсын Их Хурлын гишүүд хамтран ажиллаж, 508 өргөдөл шийдвэрлэснээс 322 хүсэлт буюу 39 хувийг судлан шууд хариу өгч, 176 хүсэлт буюу 21 хувийг харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн байна. Нийт 323 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна.

Байнгын хорооны хуралдааны шийдвэрийн талаар:

1. ЗАСГИЙН ГАЗАРТ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТООЦОХ ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ.

Иргэн Б.Нямдаваагаас даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын орлогын дээд хэмжээний талаар гаргасан өргөдлийг Байнгын хорооны 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн 01 дүгээр тогтоол батлан шийдвэрлэв.

Энэ талаар зохицуулсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйл 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөгдөж, нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын орлогын дээд хэмжээг Үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газраас жил бүр тогтоохоор заасан байна. Засгийн газар 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолоор шимтгэл төлөх сарын орлогын дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоож, өнөөдрийг хүртэл мөрдөж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн жил бүр тогтоох тухай заалтыг хэрэгжүүлээгүй байна.

Иймд уг тогтоолоор Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ авч, Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолд өөрчлөлт оруулан 2014 оны 2 дугаар улиралд багтаан тус Байнгын хороонд танилцуулахыг Засгийн газарт чиглэл болгов.

Уг тогтоолыг хэрэгжүүлснээр иргэдээс нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын орлогын дээд хэмжээг эдийн засгийн холбогдох үзүүлэлтүүдтэй уялдуулан жил бүр шинэчлэн тогтоох тухай хуулийн үзэл баримтлал хэрэгжиж, шимтгэл төлөгчдийн эрх ашгийг хамгаалах, шаардлагатай бол хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлыг шуурхай шийдвэрлэх боломжийг бүрдүүлнэ.

2. ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ ОЛГОХ ХУУЛИЙН ЗААЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАРТ ӨГЛӨӨ.

Иргэн Г.Цэдэнбалжир, Ц.Сарантуяа, Д.Дашдаваа, М.Хуандаг, Н.Гансүх нараас төрийн албан хаагчийн эмчилгээний зардалд төрөөс дэмжлэг үзүүлэх талаарх Төрийн албаны хуулийн заалт хэрэгжихгүй байгаа талаар өргөдөл ирүүлснийг Байнгын хорооны 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн 03 дугаар тогтоолоор шийдвэрлэв.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалтад төрийн албан хаагчийн хувьд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах ба холбогдох журмыг Засгийн газар баталж мөрдөхөөр заасан. Гэтэл холбогдох журмыг Засгийн газар батлаагүйгээс гадна шаардагдах зардлын төсөвгүй гэсэн шалтгаанаар төрийн байгууллагууд хэрэгжүүлэхгүй явж ирсэн байна.

Иймд Байнгын хорооноос Төрийн албаны тухай хуулийн 27.1.8 дахь заалтыг хэрэгжүүлэх журмыг батлан мөрдөх, үүнд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсвийн тухай хуульд тусган батлуулж байх, төрийн албан хаагчдаас энэ талаар гаргасан гомдлыг судлан үзэж, барагдуулах арга хэмжээ авч ажиллан 2014 онд багтаан эргэж танилцуулахыг Засгийн газарт чиглэл болголоо.

Тогтоол батлагдсанаар Төрийн албаны тухай хуулийн 27.1.8 дахь заалтын хэрэгжилтийг хангах, төрийн албан хаагчид Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан нийгмийн баталгаагаар хангагдах, тэдгээрийн эрх ашгийг хамгаалахад зохих дэмжлэг үзүүлэх юм.

3. НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЫН ЗАРИМ ЗААЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ.

Иргэдээс Улсын Их Хуралд хандан ирүүлсэн нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээнд хамрагдах, орон гэртэй болох, хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг хүссэн өргөдлүүдийг Байнгын хорооны 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Байнгын хорооны 05 дугаар тогтоолыг батлав.

Энэхүү тогтоолоор Нийгмийн халамжийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэх хүрээнд дараах арга хэмжээ авч ажиллах чиглэлийг Засгийн газарт өгөв. Үүнд:

  • Хөдөлмөрт бэлтгэх сургалт, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, эмзэг бүлгийн иргэдийг хамруулах;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахад дэмжих;
  • Орон гэргүй иргэдийн түр хоноглох байр бий болгох;
  • Орон гэргүй, бусдын гэр түрээсэлж амьдардаг иргэдэд зориулсан гэрийн лизингийн үйлчилгээ нэвтрүүлэх боломжийг судлах,
  • Орон нутгаас нийслэлд шилжин суурьших хүн амын төвлөрлийг сааруулах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх;
  • Иргэдэд гэр олгохдоо оршин суух газрын асуудлыг шийдвэрлэх шаардлага гарч байгааг анхаарах;
  • Нийгмийн халамжийн сангаас иргэдэд гэр олгох ажлыг хүртээмжтэй, шударга, ил тод, хяналттай болгох.

Түүнчлэн Засгийн газрын 2002 оны 58 дугаар тогтоолоор батлагдсан “Орон сууц хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлан мэдээ гаргах журам”, “Ахмад дайчдын орон сууцны тухай” Засгийн газрын 2007 оны 250 дугаар тогтоолын хэрэгжилт, эмзэг бүлгийн иргэдийг орон байр сууцаар хангах чиглэлээр цаашид авах арга хэмжээний талаар тус Байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг даалгав.

Ингэснээр нийгмийн халамжийн үүлчилгээг үр ашигтай, хүртээмжтэй болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар авч буй арга хэмжээтэй уялдуулах, иргэдийн өргөдлийг төрийн байгууллагууд хооронд шилжүүлэн чирэгдэл, хүлээлт үүсгэх, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхэд шууд хамааралгүй буюу хориглосон асуудлаар өргөдөл ирүүлэх явдлыг бууруулах ач холбогдолтой болсон.

4. ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ, МОНГОЛ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧЛЭХ ТАЛААР ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ.

Нэр бүхий 107 иргэнээс Улсын Их Хуралд хандан эрүүл мэндийн салбарын асуудлаар ирүүлсэн өргөдлүүдийг Байнгын хорооны 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Байнгын хорооны 06 дугаар тогтоолыг батлав.

Тогтоолоор дараах арга хэмжээнүүдийг судлан авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгов. Үүнд:

  • Хүн амын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, аймаг, нийслэлд байгуулах нийгмийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг эрүүл мэндийн газрын үйл ажиллагаатай уялдуулан үр ашигтай зохион байгуулах, урьдчилан сэргийлэх үзлэгийг чанаржуулах, үр дүнг сайжруулах;
  • Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдийг бүтэц, үйл ажиллагааны стандартыг хангуулж ажиллуулах, нийгмийн эрүүл мэндийн төв, түргэн тусламжийн төв, клиникийн үйл ажиллагааны дүрэм, журам, стандартыг боловсруулан баталж мөрдүүлэх, шинэчлэх;
  • Эмчилгээний стандарт, удирдамжуудыг баталж, мөрдүүлэх ажлыг эрчимжүүлэх;
  • Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийг бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу ажиллуулах, дотор, хүүхэд, эх барих, эмэгтэйчүүд, ерөнхий мэс засал, шүд, мэдрэл, халдварт зэрэг 7-оос доошгүй чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг болгох, сум, өрхийн эмнэлэгт ерөнхий мэргэжлийн, ажлын туршлагатай эмч нар ажиллуулах;
  • Эмнэлгийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, цахимжуулах, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, мэдээллийн сан байгуулах, эмчилгээний чанар, аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг ил тод, иргэдэд хүртээмжтэй болгох;
  • Барьж эхлүүлсэн эмнэлгийн барилгуудыг шуурхай ашиглалтад оруулах, шинээр байгуулах эмнэлгүүдийг хүн амын суурьшлыг харгалзан төлөвлөх, эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, үнэ тарифын бодлого, эрүүл мэндийн даатгалын системийг боловсронгуй болгож уялдуулах;
  • Эмч, эмнэлгийн ажилтнуудыг бэлтгэх, мэргэшүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, сургалтын бааз, сургуулийн судалгаа шинжилгээний хүрээлэнгүүд байгуулж, хөгжүүлэхийг дэмжих, эмч, эмнэлгийн ажилтны цалин, хангамжийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах;
  • Эмч, эмнэлгийн ажилтнуудыг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хувийн эмнэлгүүдэд давхар ажиллахыг зогсоох, ажлын цагийн хуваарийг Хөдөлмөрийн хуульд нийцүүлэх арга хэмжээ авах;
  • Улсын эмнэлгүүдийн удирдлага, зохион байгуулалт, өмчлөлийн хэлбэрийг оновчтой болгох, хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх;
  • Мэргэжлийн салбар зөвлөлүүдийн ажиллах нөхцөл, эрх зүйн орчинг сайжруулан, шаардлагын түвшинд хүргэж ажиллуулах;
  • Тусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлагыг тодорхой болгох замаар хүнд суртал, чирэгдлийг арилгах;
  • Дээрх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлүүлэх, Эрүүл мэндийн салбарт зарцуулах төсөв хөрөнгийг нэмэгдүүлэх;
  • Шаардлагатай бол эмнэлгийн тухай болон эмч, эмнэлгийн ажилтны хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.

Тогтоол батлагдсанаар Эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог шинэчлэн сайжруулах, төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг дээшлэх талаар авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар тодорхой чиглэлүүдийг Засгийн газарт өгсөнөөрөө ач холбогдолтой болсон.

5. ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН АСУУДЛААР ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ.

Иргэн Ш.Одонгэрэл, Ж.Мягмаржав нараас цэргийн албан хаагчийн иргэний байгууллагад ажилласан жилийг цэргийн байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож өндөр насны тэтгэвэр тогтоолгох талаарх хуулийн заалт хэрэгжихгүй байгаа асуудлаар өргөдөл ирүүлснийг Байнгын хороо хэлэлцэн 01 дүгээр тэмдэглэлээр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн холбогдох заалтыг боловсронгуй болгох талаар судалж, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлөөр хэлэлцэн Байнгын хороонд танилцуулах чиглэлийг Засгийн газарт өгөв.

Ингэснээр иргэн энгийн байгууллагад ажиллан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилийг цэргийн албанд ажилласан жилд оруулан тооцсон нэмэгдлийг цэргийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох үедээ тооцуулан авах эрх зүйн орчин бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжтой болох юм.

6. МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧИЙН НЭМЭГДЛИЙН ЖУРМЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

Иргэн н.Дэлгэрмаагаас Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу мэргэшсэн нягтлан бодогчид сар тутам олгох мэргэжлийн зэргийн нэмэгдэлтэй холбогдуулан өргөдөл ирүүлснийг Байнгын хорооны 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн.

Байнгын хороо Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг үндэслэн Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 258 тоот тушаалаар баталсан “Нэмэгдэл олгох тухай” журамд уг нэмэгдлийг олгохдоо ажил олгогч байгууллагын ажлын байранд тавигдах шаардлагыг харгалзах, мэргэжлээрээ ажиллаж буй гэдэгт ямар ажлын байрууд хамаарах талаарх зохицуулалтыг тодорхой болгон өөрчлөлт оруулах чиглэлийг Засгийн газарт өгсөн.

Ингэснээр мэргэшсэн нягтлан бодогчид нэмэгдэл олгохтой холбогдсон харилцаа тодорхой болж, уг нэмэгдлийг авах эрх үүссэн иргэдээс гадна ажил олгогчийн эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлэх юм.

7. ТӨРИЙН ӨМЧИЙН СУРГУУЛЬД 25-ААС ДЭЭШ ЖИЛ АЖИЛЛАСАН ИРГЭДИЙГ НЭГ УДААГИЙН МӨНГӨН ТУСЛАМЖИД ХАМРУУЛАХ АСУУДЛААР ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

Иргэн О.Эрдэнэцэцэг, Г.Цогбадрах, Д.Дамдинсүрэн, С.Дэлгэрмаа нараас төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад 25-аас дээш жил ажилласан иргэнд нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохтой холбогдсон хуулийн заалт хэрэгжихгүй байгаа, мөн уг заалтад өөрчлөлт оруулах шаардлагатай тухай өргөдлүүд ирүүлснийг Байнгын хороо 2014 оны 05 сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ.

Боловсролын тухай хуулийн 43.1.4-т зааснаар төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын тодорхой албан тушаалд 25-аас дээш жил ажилласан иргэнд тэтгэвэрт гарах үед нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор заасан боловч дээрх шаардлагыг хангасан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох үедээ төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад ажиллаагүй гэсэн шалтгаанаар иргэдэд энэхүү мөнгөн тэтгэмжийг олгохгүй явж ирсэн байна.

Иймд Байнгын хорооноос Боловсролын тухай хуулийн 43.1.4 дэх заалтын хэрэгжилтийг хангаж, иргэдийг хохиролгүй болгох, мөн хуулийн 43 дугаар зүйлийн зарим заалтууд хоорондоо зөрчилтэй байгааг засаж залруулах, иргэдээс ирүүлсэн саналын дагуу хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой эсэхийг судлан шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулан өргөн мэдүүлэх чиглэлийг Засгийн газарт өглөө.

 

Ингэснээр Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалтыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс хохирсон иргэдийн хохирлыг барагдуулахаас гадна хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой болсон.

8. ЗАРИМ АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ АШИГ ЗӨРЧИГДСӨН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ 04 ДҮГЭЭР ТЭМДЭГЛЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон ашигт малтмалын 106 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн эрх ашиг зөрчигдсөн асуудлаар ирүүлсэн өргөдлийг Байнгын хороо 2014 оны хаврын чуулганы хугацаанд хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа.

Байнгын хороо Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх үед ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох шалгуур, шаардлага, зохицуулалтыг тодорхой болгох, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, төрийн байгууллага, албан тушаалтны хариуцлага, түүнд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр холбогдох заалтыг тусгах саналыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэв.

Мөн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг аж ахуйн нэгж тус бүрээр нарийвчлан авч үзэж, хууль, шүүхийн шийдвэрт нийцүүлэн сонгон шалгаруулалт явуулах, улсын төсөвт хүндрэл учруулахгүй байхад анхаарах, өмнө тухайн талбайд тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтад оролцох эрхийг нь хангах, тэдгээрийн оруулсан хөрөнгийг харгалзан хууль тогтоомжийн хүрээнд судлан шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт өгөв.

Бусад ажлын талаар:

Улсын Их Хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэж буй үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар төрийн байгууллагуудын төлөөлөлтэй 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр ажил хэргийн уулзалтыг зохион байгуулав.

Өргөдлийн байнгын хороо Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хороотой хамтран ажиллах санамж бичгийг 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгууллаа. Ингэснээр хууль тогтоомжийг боловсронгуй болгоход шүүгч, хуульчид, иргэдийн саналыг авах, хуулийн хийдэл, цоорхой, зөрчлийг судлан арилгахад хамтран ажиллах, шүүхийн нээлттэй танхимуудаар Өргөдлийн байнгын хорооны мэдээллийг иргэдэд хүргэх, тэдгээрийн санал, хүсэлтийг шууд хүлээн авах боломжийг бүрдүүлсэн.

Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хорооны гишүүдээс иргэдийг хүлээн авч уулзалт зохион байгуулах, мэдээлэл өгөх, санал хүсэлтийг шууд хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор уулзалтын өрөөг тохижуулан үйл ажиллагаандаа ашиглаж байна.

 

УЛСЫН ИХ ХУРЛЫН ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН

ХОРООНЫ АЖЛЫН АЛБА