Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл өнөөдөр /2016.12.27/ утаа, агаарын бохирдлын эсрэг жагсаал хийж, тэмцэж буй эцэг, эхчүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

  • 2016 оны 12 сарын 28

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл өнөөдөр /2016.12.27/ утаа, агаарын бохирдлын эсрэг жагсаал хийж, тэмцэж буй эцэг, эхчүүдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, санал сэтэгдлийг нь сонсон, өргөдөл, шаардлагыг нь хүлээн авлаа.

Утаа, агаарын бохирдол нялх балчир хүүхдүүдийн эрүүл мэндэд нөлөөлж, хүүхэд нь өвчлөн, өвчин нь хүндэрч байна гэж үзсэн эцэг, эхчүүд нэгдсэн бөгөөд тэдгээр эцэг, эхчүүдийн төлөөлөл ийнхүү уулзсан юм.

Уулзалтын эхэнд Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл “Үр хүүхдийнхээ төлөө ингэж нэгдэн зохион байгуулалтад орж, зөв зорилгын төлөө цаг заваа зориулан явж байгаа та бүхнээр маш их бахархаж байна. Цаг хугацааны хувьд та бүхний жагсаал манай байнгын хорооноос зохион байгуулсан “Агаарын бохирдал ба Улаанбаатарын утаа” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгтэй нэг өдөр давхацсан. Та бүхнийг Д.Сүхбаатарын талбайд жагсаал хийж байхад бид энд агаарын бохирдлын эсрэг нэг баг болж тэмцэх ёстой бүх талын төлөөллийг оролцуулан нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Нээлттэй хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газар, Нийслэлийн удирдлагууд, эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож, утаа үнэхээр гамшгийн хэмжээнд хүрсэн юм бол гамшгийн үеийн онцгой нөхцөл байдалд тохирсон богино хугацаанд үр дүнгээ харуулах ямар ажил хийх вэ гэдгийг ярилцсан. Нээлттэй хэлэлцүүлгээс зөвлөмж гарсан байгаа. Засгийн газарт чиглэл өгөх энэхүү зөвлөмжийн төслийг та бүхэнд танилцуулна. Өргөдлийн байнгын хороо Засгийн газарт зөвхөн чиглэл өгөх эрх мэдлийн хязгаартай. Шууд хөрөнгө мөнгө гаргаад ажил хийх боломж бидэнд байхгүй. Харин эцэг, эхчүүд та бүхэн Байнгын хорооноос өгсөн зөвлөмж, чиглэлийн дагуу ямар ажил хийгдэх вэ гэдэгт хяналт тавьж, ташуурдаж өгөх хэрэгтэй” хэмээн хэллээ.

Эцэг, эхчүүдийг төлөөлж Ц.Пүрэвхүү, Б.Бундхорол, Б.Алтангэрэл нарын найман хүн ирсэн бөгөөд тэд мөн үгээ хэлсэн юм.

Ц.Пүрэвхүү  “Арваад хоногийн өмнө хүүхдээ сахин эмнэлэгт хэвтэж байсан ээжүүд “Бид зүгээр суугаад байж болохгүй нь, ямар нэгэн юм хийх ёстой” гэж ярилцсан. Тэгээд санаачилгаараа нэгдэн эхний ээлжинд жагсаал хийхээр болсон юм. Жагсаал хийхээр боллоо гэхэд ээж, аавуудын хүчтэй дэмжлэг бидэнд ирсэн. Бидний жагсаал баярынх байгаагүй ч 5000 орчим ээж, аав ирсэн. Хүүхэд нь өвдөж, хүүхдээ асраад ирж чадаагүй үүнээс ч олон ээж, аав цаана нь бий. Утаа, агаарын бохирдлын аюулыг гэр бүл дээрээ мэдэрсэн 2000 гаруй эцэг, эх өргөдөл бичсэн байгаа. Үүнийг таньд өгье” гэлээ.  

Дараа нь Б.Алтангэрэл “Өчигдрийн жагсаал эцэг, эхчүүдийн санаачилгаар болсон. Бид агаарын бохирдлыг шийдэхдээ төр засгийг зоригтой алхмууд хийгээсэй гэж хүсч байна. Утаагүй зуух тараагаад найман жил болоход үр дүн гарсан уу, гараагүй юу гэхчлэн өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлангаа тавиасай гэж мөн хүсч байна. Биднийг хүлээж авбал Засгийн газарт энэ саналаа” хэлнэ гэв.

Б.Бундхорол “Бид гурван зүйлийн шаардлага тавьж байгаа юм. Нэгдүгээрт, Засгийн газар өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлын эсрэг ямар ажил хийсэн бэ. Үүнийгээ тайланг ард иргэдэд тавих. Хоёрдугаарт, Одоогийн нөхцөл байдлыг үнэлээд, гамшгийн хэмжээнд хүрсэн үү, хүрээгүй юу гэдгийг зарлах. Гуравдугаарт, одоо юу хийх гэж байгаагаа ард түмэндээ мэдээлээч гэж байгаа юм. Агаарын бохирдол аль нэг намынх биш. Утаанд баян, ядуугүй хордож байгаа” гэв. Энэ саналыг Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл талархан хүлээн авч, “Агаарын бохирдлоор улстөрийн өнгө аяс оруулан тэмцэл хийх үнэхээр хэрэггүй юм. Энэ тал дээр би та бүхэнтэй бүрэн санал нийлж байна. Утаа монгол хүн бүрийн эрүүл мэндэд аюул учруулж байгаа. Улаанбаатарт утаа 1990 оноос үүссэн. Тухайн үед 600 мянган хүн амьдарч байсан нийслэл хотод одоо сая 300 мянга, түр оршин суугчтайгаа нийлбэл үүнээс ч их хүн байна. Зүйрлэвэл 1 литрийн саванд 10 литр ус багтааж хийх гэж үзэхтэй адилхан болсон. Тиймээс улстөржүүлэх үнэхээр хэрэггүй гэж би хувь хүнийхээ хувьд боддог. Та бүхний тэмцлийг, зохион байгуулж буй үйл ажиллагааг ч гэсэн би бүрэн дүүрэн дэмжиж байна. Өчигдрийн хэлэлцүүлгээс утаатай тэмцэх урт хугацааны хөтөлбөрөөс гадна хэрвээ гамшиг болсон бол гамшгийн үед хэрэгжүүлэх богино хугацааны хөтөлбөр мөн гаргая гэж санаачилсан. Өчигдрийн хэлэлцүүлэгт утаа гамшгийн хэмжээнд хүрсэн үү гэдэг асуулт тавигдсан боловч хариултыг нь авч чадаагүй” хэмээн ярилаа.  

Уулзалтын төгсгөлд эцэг, эхчүүдийн бичсэн 2000 гаруй өргөдөл болон, шаардлагыг Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл хүлээн авахдаа “Энэ өргөдлүүд манай байнгын хороо түүхэндээ нэг дор хүлээж авч буй хамгийн их өргөдөл болж байна. Агаарын бохирдлын эсрэг бид ийм л их хүчээр ажиллах хэрэгтэй гэж энэ өргөдөл надад сануулж байх учиртай болохоор би баяртай хүлээн авч байна” хэмээн хэллээ.