Оффшор дансны талаар мэдээлэл хийв

  • 2016 оны 05 сарын 11

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан өнөөдөр /2016.05.11/ Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нийгэмлэгийн цахим хуудаст Панамын баримт бичиг хэмээх мэдээллийг олон нийтэд байрлуулсантай холбогдуулан хэвлэлийн мэдээлэл хийлээ.

Тэрээр, Панам Улсын Моссак Фонсека хуулийн фирмийн уг баримт бичигт Монгол Улсын улс төрийн болон төрийн захиргааны удирдах албан тушаалтнууд, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн эзэмшдэг оффшор дансны талаарх мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгуулах, бодит мэдээлэл өгөх, хариуцлага тооцоолуулах талаар иргэдээс санал, хүсэлт ирүүлж байна гэж мэдээллийн эхэнд тэмдэглэсэн юм.

 

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь хэсэгт Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах бөгөөд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Түүнчлэн, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Албан тушаалын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт”-ын 3.2.6-д хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картын үлдэгдэл /гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллагад байгаа бүх төрлийн данс, картын үлдэгдэл/-ийг мэдүүлэхээр заасан байгаа тул нийт төрийн албан хаагчид, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийн оффшор дансны мэдээлэл, түүнд хадгалагдаж байгаа хөрөнгийн хэмжээг хөрөнгө, орлогын мэдүүлэгт тусгасан байх шаардлагатай юм гэлээ.

Иймд, Авлигын эсрэг хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд Панамын баримт бичигт оффшор данс эзэмшдэг хэмээн дурдагдсан Монгол Улсын улс төрийн болон төрийн захиргааны удирдах албан тушаалтнууд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд, хамаарал бүхий этгээдүүдийн мэдээлэл албан тушаалтнуудын гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтэй нийцэж байгаа эсэхийг шалгаж, шаардлагатай тохиолдолд хэрэг үүсгэж мөрдөн шалгах, хариуцлага тооцох арга хэмжээг шуурхай авч ажиллах албан тоотыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

Мөн түүнчлэн, 2013 оны 01 дүгээр сард өргөн барьсан Оффшорын эсрэг хуулийн төслийг дахин хэлэлцүүлэгт оруулахаар болж байгааг Байнгын хорооны дарга Ж.Батзандан дуулгасан юм. Энэхүү хуулийн төсөлд төрийн өндөр албан тушаалтнууд оффшор-т мөнгө хадгалах, данс нээхийг хориглож өгсөн гэлээ