УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Өргөдлийн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив

  • 2016 оны 01 сарын 12

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2016.01.12/ 10 цаг 09 минутад 53.3 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

 

Хуралдааны эхэнд Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч уг асуудлыг энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхийг түр хойшлуулсан. Учир нь сонсгол зохион байгуулах тухай журам батлагдаагүй тул байнгын хорооны хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллаас хасах горимын санал Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Өргөдлийн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив

Ингээд байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагааны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.29 дэх заалт болон бүлгийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны санал хураалтын дүнг тус тус үндэслэн Өргөдлийн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Жалбасүрэнгийн Батзанданг дэвшүүлсэн талаар танилцуулав.

 

Танилцуулгын дараа байнгын хорооны даргад нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзанданг Өргөдлийн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжих нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 100.0 хувийн саналаар дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр болов.

Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтов

Үүний дараа иргэдийн өргөдөлд дүн шинжилгээ хийж боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх танилцуулгыг хуулийн төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар хийсэн юм.

 

Тэрээр, Өргөдлийн байнгын хороонд Баянхонгор, Дорноговь аймгийн 54 иргэнээс ирүүлсэн өргөдлийн дагуу Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Соёлын өвийг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийг хянан шалгаж, орон нутагт газар дээр нь танилцан, хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлын талаар хэлэлцүүлэг зохион байгуулан Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн 09 дүгээр тогтоолоор Засгийн газарт чиглэл өгснөөс гадна хуулийн зөрчил, хийдлийг арилгах болон тодорхой чиглэлээр хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзсэн гэлээ.

Тухайлбал, уул уурхайн компаниуд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлдэггүй, нутгийн иргэдийн олон жил шүтэж, тахиж ирсэн шүтлэгтэй, орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газартай давхцуулан ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг олгодог, нутгийн иргэдийн саналыг авахгүйгээр тусгай зөвшөөрөл олгодог, ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нутгийн иргэдийг хангалттай бүрэн мэдээллээр хангадаггүй зэрэг асуудлаарх өргөдлүүд Өргөдлийн байнгын хороонд тогтмол ирсээр байна.

Иймд төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны ажлын уялдааг хангах, хариуцлагыг сайжруулах, улс орны эрх ашигт хохирол учруулж болохуйц нөхцөл бүрдүүлсэн заалтуудыг эргэн харж өөрчлөх зорилгоор боловсруулсан энэ хуулийн төсөл 4 зүйлтэй бөгөөд хууль батлагдсанаар ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаатай холбоотой үүсч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлууд зохицуулагдах, хуулийн хийдэл, зөрчил арилж, ард иргэдийн эрх ашиг хамгаалагдах болно гэж УИХ-ын гишүүн С.Ганбаатар танилцууллаа.  

 

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү ажлын хэсгээс асуулт асууж тодруулах явцдаа хууль бус лиценз хичнээн байдаг талаар асуусан юм. Энэ талаар Уул уурхайн сайд Р.Жигжид өнөөдрийн хуралдаанаар уул уурхайн салбарын чухал асуудал хэлэлцэж буйг онцлон тэмдэглэхийн сацуу хууль бус тусгай зөвшөөрөл олгогдоогүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье хэмээв.

 

Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь дэмжсэн юм.

Өргөдлийн байнгын хорооны 2016 оны төлөвлөгөөг батлав

Дараа нь Өргөдлийн байнгын хорооны 2016 оны төлөвлөгөөг батлах тухай асуудал хэлэлцэв. Төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн гараагүй тул Өргөдлийн байнгын хорооны 2016 оны төлөвлөгөөг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувийн саналаар баталлаа