2017 онд Өргөдлийн байнгын хорооны хийж гүйцэтгэсэн ажлын тайлан

  • 2018 оны 08 сарын 10

Улсын Их Хуралд 2017 онд 18849 иргэнээс 22007 хуудас бүхий 3263 өргөдөл /нийслэлийн иргэдээс 2089 буюу 63.8 хувь, хөдөө орон нутгийн иргэдээс 1174 буюу 36.2 хувь/ ирүүлсэн байна. Үүнээс 155 буюу 4.7 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 2643 буюу 80,9 хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байна. Улсын Их Хурлын гишүүний гарт нь хаягласан өргөдөл 465 байна.

 

            Өргөдлийн байнгын хороонд хандаж 2017 оны хугацаанд 671 өргөдөл ирүүлсэн байна. Энэ хугацаанд 8051 иргэний өргөдлийг 11 удаа багцлан иргэд, албан тушаалтнаас тайлбар авах хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийт 615 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 55 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна.

 

            Тайлант хугацаанд Өргөдлийн байнгын хорооноос 220 албан бичиг явуулж, 265 албан бичиг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

 

            Иргэдээс Улсын Их Хуралд өргөдөл гаргах боломжийг бүрдүүлэх, хөнгөвчлөх, төрийн байгууллагуудын өргөдөл шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, олон нийтэд нээлттэй, ил тод байх, иргэдээс өргөдөл шийдвэрлэлтийн ажиллагаанд хяналт тавих, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжийг бүрдүүлсэн Өргөдлийн байнгын хорооны мэдээллийн удирдлагын систем буюу вебсайт,  дотоод программ хангамжийн системийг хөгжүүлж байна. Байнгын хорооны үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд сурталчилж байна.

 

Нэг. Байнгын хороогоор хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар

 

            Өргөдлийн байнгын хороо нийт 11 удаа хуралдаж, 12 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж 4 тогтоол, 2 зөвлөмж, Хуралдааны тэмдэглэлээр 4  удаа Монгол Улсын Засгийн газарт үүрэг чиглэл өгч иргэдийн өргөдлөөр тавигдсан асуудлыг шийдвэрлэсэн байна. Үүнд:

 

1.Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд Туул голын бохирдлын асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж шийдвэрийн төсөл боловсруулан 2016 оны 03 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл болгосон билээ. Энэ хүрээнд Байнгын хороо 2017 оны 05 дугаар сард  Улсын Их Хурлын 2012 оны  “Малчид   үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоол, Байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоолуудын хэрэгжилтийн талаар  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонслоо. Энэ хүрээнд арьс, ширний үйлдвэрүүд стандартаас 2-5 дахин их бохир усыг Туул голд урсгаж байгаа талаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийн дагуу Байнгын хорооноос Улсын Их Хурлын 2012 оны “Малчид үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоолын 5 дугаар заалтын биелэлтийг хангуулах, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, санал дүгнэлт боловсруулж Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг  Байнгын хорооны 2017 оны  04 дүгээр тогтоолоор байгууллаа.

 

2.Арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх тухай  Улсын Их Хурлын  74 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх “Харгиа” цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, бохирдлыг бууруулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, арга хэмжээг авч ажиллахыг Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 03 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгов.

 

Хоёр. Хяналт шалгалтын ажлын талаар

 

1.Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төв, Өрхийн эмнэлгүүдэд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилт болон эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж ажиллаа.

 

2.Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо Улсын Их Хурлын 2012 оны 12 сарын 28-ны өдрийн “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоол болон байнгын хорооны 2016 оны 11 сарын 23-ны өдрийн “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгаж “Харгиа” цэвэрлэх байгууламж,  арьс ширний үйлдвэрийн бүс, арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос шилжүүлэн суурьшуулах, шинэ цэвэрлэх байгууламж баригдах Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутгийн заагт байрлах  “Эмээлтийн шар хоолой” дахь  50 га талбайтай үйлдвэрийн шинэ бүсийн талбайд Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, А.Сүхбат, Д.Мурат, Б.Энх-Амгалан холбогдох албан тушаалтнууд ажиллав.

 

Гурав. Хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулсан талаар

 

Тайлант хугацаанд иргэдийн өргөдлийг судлах хүрээнд дараах хэлэлцүүлгүүдийг хариуцсан яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулсан:

 

1.“Замын хөдөлгөөний аюулгүй байдал ба хүүхэд хамгааллын асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд, Өргөдлийн байнгын хороотой хамтран 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

 

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Замын цагдаагийн алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын холбогдох албан тушаалтнууд оролцож хүүхдийг зам, тээврийн осол, гэмтлээс сэргийлэх талаар санал бодлоо солилцсоны үндсэн дээр Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх” үндэсний хөтөлбөрийг холбогдох яам, газруудын оролцоотой боловсруулж батлах, Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох сургалтыг тусгах, хүүхэд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлан, таниулах, Ерөнхий боловсролын сургуулиудыг холбогдох техникийн нөхцөлийг хангасан, хүүхэд тээвэрлэх автобусаар хангах, сургууль орчмын аюулгүй байдлыг хангах, камержуулах, улсын болон орон нутгийн чанартай авто замд хяналт, шалгалтыг нэмэгдүүлэх зорилгоор байнгын пост болон хөдөлгөөнт эргүүлийн орон тоог нэмэгдүүлэх, орон нутагт олгосон жолооны эрхээр нийслэлийн замын хөдөлгөөнд оролцохдоо тусгай сургалтад суусан байх шаардлагыг тавих, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолоочийг илрүүлэх анхан шатны тандалтын багажийг нийлүүлэх зардлыг шийдвэрлэх, Төрийн албаны тухай хуульд иргэнийг ажилд шинээр томилох, дэвшүүлэхэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм журмын зөрчилгүй байх шалгуурыг тавих зохицуулалтыг тусгах асуудлаар зөвлөмж гаргаж Засгийн газарт хүргүүлсэн болно.

 

2.“Хотын статусыг тодорхой болгох, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлаар Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны гишүүн Д.Дамба-Очир судлан Байнгын хорооны хэлэлцүүлгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулсан.

            Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Хууль зүй, дотоод хэргийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Удирдлагын академи, Дархан-Уул, Говьсүмбэр аймаг, Багануур, Багахангай, Налайх дүүргийн холбогдох албан тушаалтнууд, эрдэмтэн судлаач, иргэдийн төлөөлөл оролцож санал солилцсон болно. Хэлэлцүүлэгт оролцогчид Үндсэн хуульд хот, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг тодорхойлж, түүний удирдлага, чиг үүрэг, санхүүжилттэй холбоотой зохицуулалтыг бусад хуулиараа зохицуулаад явах боломж байгаа талаар санал гаргасныг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт хүргүүлсэн болно.

3.Ус, цахилгааны тоолуур, төлбөр, үйлчилгээний асуудлаарх хэлэлцүүлгийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

            Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, холбогдох яам, агентлаг, нийслэл, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл  оролцож Засгийн газар, Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам болон холбогдох бусад байгууллагуудад хандан Сууц өмчлөгчдийн холбоог хуулийн этгээд болгох хууль эрх зүйн орчныг бий болгох асуудлыг судлах, боловсруулах тусгай зөвшөөрөл эзэмшигч, Сууц өмчлөгчдийн холбооны харилцан уялдаатай, хамтран ажиллах нөхцөлийг хангах, Ус сувгийн удирдах газрыг шинээр баригдаж байгаа орон сууцны усны шугам хоолой стандарт, чанарын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавих, барилга хүлээн авах комиссын бүрэлдэхүүнд оруулах асуудлыг шийдвэрлэх, иргэдэд цахилгааны төлбөртэй холбоотой хууль, журмын талаарх ойлголт, мэдээллийг хэвлэл мэдээллээр болон бусад хэрэгслээр дамжуулан олгох, монтёр, байцаагч нарын үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлагыг дээшлүүлэх, орон сууц ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн аудит хийлгэх, холбогдох хууль, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмж гаргаж Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн болно.

4.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх ажлын талаар хийгдсэн ажлууд, цаашид авах арга хэмжээний талаарх хэлэлцүүлгийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

            Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны гишүүд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, холбогдох агентлагууд, Үндэсний хөгжлийн газар, Монголын ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ахмадын холбоо, Монголын залуучуудын холбоо болон бусад иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцож саналаа илэрхийлсэн бөгөөд Байнгын хороо хэлэлцүүлэгт оролцогчдоос гарсан саналуудыг нэгтгэж Хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар яамд, төрийн байгууллагуудад салбар зөвлөл ажиллуулах, сул ажлын байр, мэргэшүүлэх сургалт, ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн хүмүүсийн талаарх мэдээлэл, холбогдох шийдвэр, ажлын байраар хангах асуудлын талаарх мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болох, харилцан уялдаа холбоотой ажиллах, холбогдох тайлан мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нэгтгэж, ерөнхий сайдад танилцуулдаг байх асуудлыг судалж нэвтрүүлэх, гадаадад ажиллах хүч гаргахад тухайн оронд эрхэлж байсан ажил, бизнесээ эх орондоо эргэн ирж үргэлжлүүлэн хийхэд нь дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээлэнд хамруулах асуудлыг бодлогоор дэмжих, Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасан хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн талаарх хуулийн заалтуудыг хэрэгжүүлэх, холбогдох журмыг гаргах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авахад тэтгэвэр /тахир дутуугийн тэтгэвэр/ барьцаалах боломжийг  бүрдүүлэх,  гадаадад ажиллах хүч гаргахад өрхийн амьжиргааг нь дэмжих зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүлийн гишүүнийг хамруулах, хүүхдэд үзүүлэх мэргэшсэн үйлчилгээг магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхэд анхаарч ажиллах, хүүхдийн асуудал хариуцсан сум, хорооны халамжийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтнуудыг мэргэжлийн байх шаардлагыг тавих, хараагүй иргэдэд тохирох ажлын байрыг бий болгох, ажлын байр дээр дасан зохицоход тусалж, дэмжих, сургах ажилтныг тодорхой хугацаанд ажиллуулах асуудлаар зөвлөмж гаргаж Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэв.

5.Сууц өмчлөгчдийн холбооны асуудлаар нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн иргэдээс өргөдөл ирүүлсэн байна. Нийслэлийн иргэдээс Сууц өмчлөгчдийн холбоодын эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, сууц өмчлөгчдийн холбоо болон Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн үйл ажиллагаа доголдолтой, төрийн зохицуулалт, хяналтын тогтолцоо, хууль хэрэгжүүлэх механизм уялдаа холбоогүй байгаа тул хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар иргэд голчлон өргөдөлдөө дурджээ.Сууц өмчлөгчдийн холбоодын эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Байнгын хороо хоёр удаа хуралдаж 2016 оны 12 дугаар сард Байнгын хорооны 04 дүгээр тогтоолоор Засгийн газарт чиглэл болгосны дагуу 2017 оны 04 дүгээр сард тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсож, Улсын Их Хурлын гишүүд болон  хуралд оролцогчдын саналыг хуралдааны тэмдэглэлээр  хүргүүлэв.

6.Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн талаар ирүүлсэн өргөдлийн дагуу  хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, сонгон шалгаруулалтын журамд өөрчлөлт оруулах, сурагчдад эрүүл ахуйн шаардлага хангахгүй, чанаргүй бүтээгдэхүүн өгч байгаа зөрчлүүдийг арилгах арга хэмжээний талаар Байнгын хорооны 7/6587 тоот албан бичгээр Засгийн газарт, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүргүүлсэн билээ. Энэ хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өгсөн чиглэлийн хэрэгжилтийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудын мэдээлэл сонсож Монгол Улсын Засгийн газарт албан бичгээр чиглэл хүргүүлэв.

 

 

 

ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА