Байнгын хороо иргэдийн өргөдлийн талаарх салбарын сайд нарын мэдээллийг сонсов

  • 2015 оны 12 сарын 01

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2015.12.01/ хуралдаан 15 цаг 08 минутад 51.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Өмнөговь аймгийн 1059 иргэнээс Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах талаар ирүүлсэн өргөдлийн талаарх Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгийн мэдээллийг сонссон юм.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах судалгааны ажлыг 2013 онд ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдаар гүйцэтгүүлэн хилийн заагийг тогтоож, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллажээ. Мөн энэ газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хэсэгчлэн олгогдсон байгааг судалж, тэдгээрийг улсын тусгай хамгаалалтад авах талбайгаас гарган хилийн заагийг тогтоосон байна. Дээрх газрыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 619 941,24 га-гаар, тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь 2,3 хувиар нэмэгдэх юм байна.

Тост, Тосон бумбын нуруу нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт оршдог. Алтайн нурууны зүүн төгсгөл, Говийн Алтайн нурууны салбар болох Тостын нуруу нь Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан номонд орсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай идээшин амьдардаг цөөн нутгийн нэг бөгөөд судлаачдын үзэж буйгаар энэ нутаг нь дэлхийн хэмжээнд цоохор ирвэсний амьдрах гол орчин юм. Иймээс экологийн эмзэг, өвөрмөц орчин болсон газар нутгаа хамгаалах асуудалд орон нутгийн засаг захиргаа, иргэд онцгой анхаарал тавьж Гурвантэс сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар Тост, Урт, Гоёот багийн нутаг болох 658912 га талбайг “Орон нутгийн хамгаалалтай газар” болгожээ. Гэвч Тостын нуруу нь сүүлийн үед уул уурхайн нөлөөнд хүчтэй өртөж байгаа тул цоохор ирвэсний амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн хийдэг гол нутгийг хамгаалах зорилгоор ангилал дээшлүүлэн улсын тусгай хамгаалалтад оруулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа аж. Энэ үндсэн дээр энэ газар нутгийн улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг салбарын яамнаас тавьж, 2014 онд Засгийн гарын хуралдаанаар хоёр удаа хэлэлцсэн ч тодорхой шийдэл гаргалгүй хойшлуулж ирсэн байна.

Харин уг асуудлыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцүүлэх үеэр энэ газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах нь зүйтэй гэдгийг гишүүд зарчмын хувьд дэмжиж байсан ч энд нүүрс, газрын тосны чиглэлийн тусгай зөвшөөрлийн лиценз олгогдсон, тэр дундаа бүтээгдэхүүн хуваах гэрээтэй хоёр ч талбай байгаа учраас эдгээртэй холбоотой асуудлыг нягталж, тооцоо судалгааг гүйцэд хийж бэлтгэлийг хангасны үндсэн дээр дахин хэлэлцэхээр тогтож, нээлттэй үлдээсэн гэдгийг салбарын сайд мэдээллийнхээ үеэр онцлов.

Хамгаалалтад авахаар санал болгож буй нутаг нь Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газар болон Говийн их дархан цаазат газартай хил залган оршдог тул аргаль хонь, янгир ямаа, цоохор ирвэс болон бусад ховордсон туурайтан амьтдын нүүдэллэх экологийн коридор нутаг болох бөгөөд амьтдын нуүдэллэх, тогтвортой өсөх боломжийг бүрдүүлнэ. Түүнчлэн дэлхийн ховор амьтдын бүртгэлд орсон цоохор ирвэс, аргаль хонь, янгир ямаа болон Монгол орны улаан номонд бүртгэгдсэн 15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, 7 зүйлийн шувуу, 10 зүйлийн ургамлыг хамгаалах нөхцөл бүрдэж, ховор амьтдын амьдрах орчин, экологийн тэнцвэр хадгалагдан үлдэхээр барахгүй зарим нь нөхөн сэргээгдэх тул тэдгээр нэн ховор амьтад мөхөж сүйрэх аюулаас аврагдана. Улмаар эдгээр ховор амьтдыг хамгаалалтад авч амьдрах орчных нь экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөхөн үржлийг нь хангах арга хэмжээ авах боломж бүрдэнэ гэж салбарын яам үзэж байгаа. Тост, Тосон бумбын нурууг байгалийн цогцолбор газарт хамааруулж улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг салбарын яам анхаарлынхаа төвд байлгаж, Засгийн газрын тодорхой шийдвэр гаргуулах талаар цаашид ч ажиллах болно гэдгээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг хэллээ.

Тост, Тосонбумбын нуруу нь судалгаа шинжилгээний лаборатори-эталон нутгаар сонгогдож гадаад, дотоодын хэд хэдэн байгууллага хамтран цоохор ирвэсний удаан хугацааны цогцолбор судалгааны ажлыг 2008 оноос өнөөг хүртэл олон улсын түвшинд амжилттай хэрэгжүүлж ирвэсний судалгааны суурин төв болон тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа аж. Гурвантэс сумын нутаг нь уул уурхайн нөлөөнд хүчтэй өртөх хандлагатай байгаа тул хамгаалалтад авахаар санал болгож буй газарт ашигт малтмалын 21 лиценз байгааг хянан үзэж хугацаа дууссаныг нь цуцлах, цаашид үргэлжлүүлэн сунгахгүй байх талаар шаардлагатай арга хэмжээг цаг алдахгүй авах зөвлөмжийн дагуу "Ирвэс хамгаалах сан", Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,: Гурвантэс сумын Засаг даргын Тамгын газраас анхаарал хандуулсны үр дүнд 5 лиценз нь албан ёсоор цуцлагджээ. Иймээс энэ чөлөөлөгдсөн талбайг санал болгож буй газрын хилд оруулаад байгаа аж. Харин үлдсэн хайгуулын 13, ашиглалтын 3 тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

Иргэдийн өргөдлийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, М.Батчимэг, О.Баасанхүү нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан саналаа хэллээ. Мөн Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах талаар тус байнгын хороонд хандаж өргөдөл ирүүлсэн иргэдийн төлөөлөл болох Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга болон ирвэс хамгаалах нийгэмлэг, малчдын зарим төлөөлөл байнгын хорооны хуралдаанд оролцсон юм.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж үзэж, тогтоолын төсөл боловсруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Уг тогтоолын төсөлд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг энэ оны 12 дугаар сард багтаан шийдвэрлэж, энэ тухай тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ.

Байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын 2015 оны 75 дугаар тогтоолын талаар ирүүлсэн 3000 иргэний өргөдлийн дагуу Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн мэдээллийг сонсов.

Манай улс олон улсын байгууллага, хөрш орнуудаас мал, амьтны халдварт өвчнөөр тайван статус авч чадахгүй байгаа учраас цаашид тайван статусыг бүсчлэн авах, зорилтот зах зээл болох улстай мал амьтны хорио цээрийн хэлэлцээр байгуулах үүднээс Халх голын бүс нутгийг чөлөөт бүсийн хэлбэрээр хөгжүүлэх шаардлагыг харгалзан Улсын Их Хурлаас тогтоол гаргаж хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүсийг байгуулах эрх зүйн зохицуулалт бий болгоод байгааг салбарын сайд мэдээллийнхээ эхэнд онцлов. Энэхүү чөлөөт бүс байгуулагдсанаар мал амьтны хорио цээрийн дүрэм журмыг тогтоож, нутгийн зүүн бүсээс мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой болох юм. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт маш бага байгаа нь чөлөөт бүсийг хөгжүүлэх нэг гол үндэслэл болж байна. Учир нь одоогийн байдлаар арилжааны банкуудын зээлийн дөнгөж 2.5 хувь нь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 0.04 хувь нь энэ салбарт зарцуулагдаж байгаа нь тун хангалтгүй үзүүлэлт юм. Энэ нь хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтын нөхцөл тийм ч таатай биш байгааг харуулж байна гэдгийг хэллээ.

Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулагдсанаар чөлөөт бүсийг мал, амьтны халдварт өвчнөөс тайван байлгах, мөн ургамлын хорио цээрийн тусгай дэглэмийг тодорхойлж хэрэгжүүлэх, харьцангуй богино хугацаанд харилцагч орнуудтай хорио цээрийн хэлэлцээр хийж бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэнэ. Гаалийн хялбарчилсан бүрдүүлэлтийг чөлөөт бүсэд хийх учир бүтээгдэхүүн импортлох, экспортлоход илүү дөхөм болно. Нэг салбарын олон аж ахуйнууд чөлөөт бүсэд төвлөрснөөр шинэ технологи, мэдээллийг хурдан шуурхай түгээж, инноваци бий болгох нөхцөл, нэг цонхны бодлогоор бүтээгдэхүүн экспортлох, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломж бүрдэнэ.

Түүнчлэн чөлөөт бүсэд хүнс, хөнгөн үйлдвэрийн боловсруулах үйлдвэрүүд байгуулагдсанаар мал, малын гаралтай бүтээгдэхүүнээ борлуулах шинэ зах зээл бий болно. Орон нутагт эрчимжсэн аж ахуй, боловсруулах үйлдвэр, үйлчилгээний байгууллага, сургалт үйлдвэрлэлийн төвүүд бий болсноор иргэдийн ажиллаж, сурах боломж нэмэгдэнэ. Боломжит зах зээл томорч, мал аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатaй нөөц (тэжээл, үржлийн ажил, мал эмнэлэг, ус) сайжирснаар малчид аж ахуйгаа эрчимжүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулахад дөхөмтэй болох давуу талтайг салбарын сайд тодотголоо.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, М.Батчимэг, Ж.Батсуурь нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлэв. Мөн өргөдөл гаргасан иргэдийг төлөөлж өмгөөлөгч Д.Жамц, иргэн Ц.Шинэбаяр нар үг хэлсэн юм.

Салбарын сайд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, газар ашиглалттай холбоотой зөрчил, зөрүүтэй дүн мэдээлэл их байгаа учраас байнгын хорооны чиглэлийн дагуу орон нутагт газар дээр нь очиж танилцсан. Халх голын бүс нутагт газар тариалангийн зориулалтаар 30 мянган га талбай ашиглуулахаар Засгийн газрын тогтоол гарсан байдаг. Гэтэл орон нутгийн удирдлагууд хадлан, тариалан, аялал жуулчлалын зэрэг зориулалтаар 200-гаад мянган га газрыг иргэн, аж ахуйн нэгжид дур мэдэн олгосон нь илэрсэн тул хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчил дутагдлыг арилгуулах үүднээс холбогдох байгууллагуудад хандаад байгаа. Нутгийн иргэдийн эрх ашгийг зөрчсөн, нутаг бэлчээрийг нь хашиж хаах, хорьж хязгаарлах, нутгийн иргэд зөвшөөрөл авч байж нэвтрэх мэтээр ярьж байгаа нь буруу. Тийм зүйл огт байхгүй. Чөлөөт бүсийн талбайн 5 хувь нь мал эмнэлгийн эрүүлжсэн хорио цээрийн дэглэм бүхий бүс, 320 мянга орчим га талбай нь малын бэлчээр, хадлангийн талбай байх юм. Малын тэжээлийн ургамлыг сэлгэж тариалах, элдэншүүлэхгүй технологи хэрэглэхийг гол зарчим болгож байгаа гэдгийг хэлэв.

Мөн тэрээр “Халх гол” чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхэлснээр зүүн бүсэд мал амьтны гоц халдварт өвчнөөс ангид “Эрүүл чөлөөт бүс” бий болно. Газар тариалан эрхлэлт нэмэгдэж, бүс нутгийн эмзэг хөрсөнд тохирсон тэг технологийн дагуу сэлгэн тариалалт хийдэг болно. Ингэснээр гантай жилд ч зүүн бүсээс нэмэлтээр 100 гаруй мянган тн үр тариа хураан авах боломжтой болох юм. Улмаар мах боловсруулах үйлдвэрүүд бий болж, бүсийн дотоодын махны хэрэгцээг хангаад зогсохгүй жилд 400 сая ам.долларын мах экспортлох боломж бүрдэхийн зэрэгцээ 1000 гаруй ажлын байр нэмэгдэж, тэнд сургалт, үйлдвэрлэлийн төвүүд бий болох юм гэдгийг онцлов.

Түүнчлэн хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын 75 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлуулах чиглэлийг гурван яаманд өгсөн. Энэ үндсэн дээр ерөнхий төлөвлөгөөг боловсруулж Засгийн газраар хэлэлцүүлж батлуулахад салбарын яам анхаарч ажиллаж байна гэдгийг салбарын сайд хэллээ.

Салбарын сайдын мэдээллийг сонссонтой холбогдуулан хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүсийн үйл ажиллагаанд анхаарч хэрэгжүүлэх зарим асуудлын талаар байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтлоо