2015 оны хаврын чуулганы завсарлагааны хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг батлав

  • 2015 оны 07 сарын 01

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /2015.07.01/ үдээс хойш хуралдаж, хоёр асуудал хэлэлцэв.

Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, хариу өгөх үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар судлан санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцээд өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, хариу өгөх үйл ажиллагааг боловсронгуй болгох, мэдээллийн сан бий болгох талаар байнгын хорооны тэмдэглэлээр засгийн газарт саналаа хүргүүлэхээр тогтлоо.

 

Мөн Байнгын хорооны 2015 оны хаврын чуулганы хугацааны тайланг танилцуулж, чуулганы завсарлагааны хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг батлав.

 

 

Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах, байнгын хорооны ажлыг танилцуулах, санал хүсэлтийг сонсох уулзалт зохион байгуулах ажлыг нийслэлийн зарим дүүрэгт болон Өмнөговь аймагт зохион байгуулахаар төлөвлөлөө.

Өргөдлийн байнгын хорооны ажлын алба