Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэрүүдийг хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, засаг дарга нарт даалгалаа

  • 2015 оны 01 сарын 22

Иргэдийн өргөдлийн дагуу Байгаль орчныг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Соёлын өвийг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийг шалгаж, Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хүрээнд Монгол улсын хэмжээнд газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан шийдвэрүүдийн хууль ёсны байдлыг шалгасан билээ.

Газрын тухай хуулийн 20.1.3-т зааснаар газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох бүрэн эрхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлэхээр заасан боловч Ашигт малтмалын газрын судалгаагаар гарснаар улсын хэмжээнд орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан шийдвэр нь зөрчилтэй гэх 1738 газар байна.

Үүнээс тусгай хэрэгцээнд авах зорилго тодорхойгүй 374, шийдвэр гаргах эрхгүй байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргасан 545, тусгай хамгаалалтад авах хугацаа заагаагүй зөрчилтэй 819 шийдвэр байна.

Тусгай хэрэгцээнд авсан газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл давхардуулан олгох, иргэд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашиг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс газрыг тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэрүүдийг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд Ашигт малтмалын газарт бүртгүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, Өргөдлийн байнгын хороонд эргэн мэдэгдэхийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт өгөв.