Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийв

  • 2016 оны 01 сарын 04

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр /2016.01.04/ өнгөрсөн сар буюу 2015 оны 12 дугаар сард иргэдээс ирсэн өргөдлийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэрээр, Улсын Их Хуралд 2015 оны 12 дугаар сард нийт 240 өргөдөл ирүүлснээс 12 буюу 5 хувь нь иргэдийн санал, 169 ахуйн шинжтэй хувийн асуудлаар, 6 гомдол ирүүлсэн байна гээд үүнээс Улсын Их Хурлын дарга, гишүүдэд 199 өргөдөл, Өргөдлийн байнгын хороонд 41 өргөдөл ирүүлжээ гэв. Энэ хугацаанд иргэдээс 67 хүсэлт буюу 27.9 хувийг судлан тодорхой хариу өгч, 34 өргөдөл буюу 14.2 хувь нь судалгааны шатанд байгаагаас нийт 139 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна гэлээ.

Иргэдээс ирүүлсэн өргөдлийг агуулгаар нь ангилвал:

1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын асуудлаар 1,

2. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын асуудлаар 13,

3. Гадаад хэргийн асуудлаар 1,

4. Төсөв, санхүүгийн асуудлаар 7,

5. Хууль зүйн асуудлаар 32,

6. Барилга, хот  байгуулалтын асуудлаар 13,

7. Боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудлаар 9,

8. Уул уурхайн асуудал 1,

9. Хөдөлмөрийн асуудал 7,

10. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудлаар 84,

11. Хүнс, хөдөө аж ахуйн асуудлаар 1,

12. Эрүүл мэнд, спортын асуудлаар 9 өргөдөл тус тус ирүүлсэн байна гэж Байнгын хорооны дарга танилцуулав.

Мөн түүнчлэн тус байнгын хорооноос 2016 оны нэгдүгээр сард багтаан эрүүл мэндийн салбарыг хөндөж нээлттэй сонсгол зохион байгуулах гэж буй талаар дурдаад энэхүү нээлттэй сонсголыг нийслэл болон гурван аймгийн албаны хүмүүсийг оролцуулж анх удаа цахим хэлбэрээр давхар явуулах гэж байгаа хэмээн Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү онцлон тэмдэглэлээ.

Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв