Байнгын хорооны дарга өрхийн эмнэлгийн төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсов

  • 2016 оны 01 сарын 19

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нар өнөөдөр үдээс хойш /2016.01.19/ нийслэлийн зарим дүүргийн өрхийн эмнэлгийн дарга нарыг хүлээн авч уулзаж, санал хүсэлтийг нь сонсов.

 

Өргөдлийн байнгын хороо энэ долоо хоногийг эмч нараа сонсох, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцах долоо хоног болгож, энэ хүрээнд өчигдөр Баянзүрх дүүргийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан бол өнөөдөр үдээс өмнө эмнэлгүүдийн удирдлагуудтай уулзаж санал бодлыг нь сонслоо. Учир нь байнгын хороонд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн ихэнх нь эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай холбоотой байгаа, нөгөө талаар Улсын Их Хуралд өргөн баригдаад байгаа Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах үүднээс шат дараалсан ийм уулзалт, арга хэмжээ авч байгааг тус байнгын хорооны дарга Ж.Батзандан уулзалтын эхэнд хэллээ.

 

Уулзалтад нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Налайх дүүргийн зарим хороодын өрхийн эмнэлгийн дарга нар оролцож, өрхийн эмнэлгийн өмнө тулгамдаж буй асуудал, төр, засгаас цаашид авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээ, эрх зүйн орчныг сайжруулах арга замын талаар санал бодлоо хуваалцсан юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн “Энх элбэрэл” өрхийн эмнэлгийн дарга Ч.Өнөрсайхан өрхийн эмнэлгүүд нь төр-хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр гүйцэтгэлийн гэрээтэй ажилладаг. Гэвч төрөөс үзүүлэх дэмжлэг туслалцаа хангалтгүй байна. Санхүүжилт, хүний нөөцийн дутагдалтай байдлаас болоод өрхийн эмнэлгүүд хэвийн ажиллах, эмч нарынхаа мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулахад гол бэрхшээл тулгардаг. Хот өргөжиж шинэ хороолол нэмэгдэж хүн амын тоо жил ирэх бүр өсч байхад нэг иргэнээр тооцдог тусламж үйлчилгээний жишиг зардлыг нэмэхгүй байгаа нь өрхийн эмнэлгийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгааг анхаарах зайлшгүй шаардлагатай байгааг хэлэв. Мөн Хан-Уул дүүргийн “Манал үйлс” өрхийн эмнэлгийн дарга Б.Сарантуяа нэг иргэнд ногдох эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг 14 мянган төгрөгөөр тооцож байгааг зайлшгүй нэмэх хэрэгтэй байна. Байрны халаалт, гэрэл цахилгаан, усны төлбөр, эм тариа, ороох боох материалын зардал, цалин хөлс, бензин шатахуун гээд бүх зардлаа бид өөрсдөө хариуцдаг. Гэтэл харьяалах хорооны иргэддээ эмнэлгийн багц үйлчилгээ үзүүл гэсэн шаардлагыг дээрээс тавьдаг. Иймээс санхүүжилтийн арга хэлбэрийг эргэж харах, өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нарын цалинг нэмэгдүүлэхэд анхаарахыг санал болгов. Энэ саналтай холбогдуулан Баянгол дүүргийн “Учрахуй” өрхийн эмнэлгийн дарга Б.Батболор манай хорооны тухайд 0-5 насны нэг хүүхэд жилд 34 удаа өрхийн эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг, тусламж үйлчилгээнд хамрагдахад 24 мянган төгрөгийн зардал гаргасан тооцоо байгаа. Иймээс нэг иргэнд ногдох зардлын хэмжээг 50 мянган төгрөгт хүргэвэл өрхийн эмнэлгүүд хэвийн ажиллаж, үйл ажиллагааны зардлаа нөхөх боломжтой гэж үзэж буйгаа хэлэв. Түүнчлэн Налайх дүүргийн “Амьд эрдэнэ” өрхийн эмнэлгийн ахлах эмч Д.Намжилмаа алслагдсан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн эмнэлгийг тоног төхөөрөмжөөр хангах, өрхийн эмнэлэгт ажиллагчдыг тэтгэвэрт гарахад нь бусад салбарт ажиллагсдын адил нэг удаагийн тэтгэмж олгодог байхад анхаарахыг санал болгов.

 

Уулзалтад оролцсон өрхийн эмнэлгийн дарга нар нэг иргэнээр тооцож өрхийн эмнэлгүүдэд олгодог зардлыг нэмэх, Эрүүл мэндийн даатгалаас өрхийн эмнэлгүүдэд тодорхой хэмжээний санхүүжилт олгодог байх, төлбөртэй болон нэмэлт үйлчилгээ үзүүлэх боломжийг нээж өгөх, шинээр төрөх хүүхдийн тоог нэг иргэнээр тооцох зардалд шингээж өгдөг байх, дадлагажигч оюутнуудын цалинг улсын төсвөөс олгодог болох зэрэг саналууд гаргалаа.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, байнгын хорооны дарга Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нар удахгүй хэлэлцэх гэж байгаа Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөлд өрхийн эмнэлгийн санхүүжилтийг боловсронгуй болгоход чиглэсэн зарим заалтууд тусгагдсаныг өрхийн эмнэлгийн удирдлагуудад дуулгаад тэдний тавьсан санал хүсэлтийг анхаарч судлан хэлэлцэгдэж байгаа хуулийн төслүүдэд тусгах, салбарын яаманд уламжилж бодлогын шийдвэр гаргуулах, байнгын хорооны тогтоолоор холбогдох байгуулагуудад чиглэл өгөх зэргээр анхаарч ажиллахаа илэрхийллээ