Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахыг хүссэн 1059 өргөдлийг Байнгын хороо хэлэлцэнэ

  • 2015 оны 11 сарын 16

Төрийн ордонд өнөөдөр /2015.11.16/ Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Өмнөговь аймгийн Гурвантэс сум, бусад аймаг, сумдын оршин суугч иргэдээс Монголд төдийгүй дэлхийд ховордсон амьтан, ургамалтай байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахыг хүссэн 1059 өргөдлийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон УИХ-ын гишүүдэд ирүүлснийг Өргөдлийн байнгын хороо хүлээн авч танилцаад энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэж хариуг иргэдэд болон тус Байнгын хороонд ирүүлэх тухай албан бичгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр явуулсан байна.

 

 

Үүний дагуу 8 дугаар сарын 17-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас албан бичгийн хариуг ирүүлсэн бөгөөд уг бичигт Тост, Тосон бумбын нуруу болон нэр бүхий 7 газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж хамруулахаар судалж, үндэслэлийг боловсруулан УИХ-д өргөн барихаар бэлтгэж буйгаа мэдэгджээ. Ийн мэдэгдсэнээс хойш гурван сарын хугацаа өнгөрөөд байхад Засгийн газар тодорхой арга хэмжээ аваагүй учир энэ асуудлыг ирэх долоо хоногт Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Мөн Өргөдлийн байнгын хороонд Гэр бүлийн хуультай холбоотой өргөдөл их ирсэн байна. Тухайлбал, жилд 9000 залуу гэр бүл гэрлэлтээ батлуулдаг ч 3000 нь салдаг байна. Үүнээс үүдэн хүүхдийн тэтгэмжээ төлдөггүй гэх гомдол их ирж байна. Тиймээс Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү ажлын хэсэгт дараах саналыг хүргүүлж байна. Үүнд:  Нэгдүгээрт хүүхдийн тэтгэмжээ өгдөггүй эцэг, эхийг албадан хөдөлмөрлүүлж, тэтгэмжийн мөнгийг нь хүүхдүүдэд нь гаргуулах, хоёрдугаарт “гэр бүлийн тогтворгүй этгээд” гэсэн нэр томъёог шүүхээр шийдвэрлүүлэн, торгууль тавих саналыг хүргүүлж байгаа юм байна. “Гэр бүлийн тогтворгүй этгээд” гэсэн нэр томъёонд гурав дахь хүнтэйгээ гэр бүл зохиож байгаа хүн хамаарагдах аж. Хэрэв энэ нь шүүхээр тогтоогдох юм бол улс төрийн болон төрийн албан тушаал хашихыг хориглох тухай санал гаргаснаа Байнгын хорооны дарга О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээллээ