Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү байнгын хороонд иргэдээс ирүүлсэн өргөдөл, саналын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

  • 2015 оны 11 сарын 02

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр / 2015.11.02 / өнгөрсөн сарын хугацаанд тус байнгын хороонд иргэдээс ирүүлсэн өргөдөл, саналын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

 

2015 оны 10 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд Улсын Их Хуралд нийт 246 өргөдөл ирүүлсний 160 нь хувийн чанартай хүсэлт, 16 санал, 8 гомдол байна. Эдгээрээс нийтийн эрх ашгийг хөндсөн хэд хэдэн асуудлаар санал, хүсэлт ирүүлсэн Байнгын хорооны дарга багцлан танилцууллаа. Тухайлбал, “Хөдөө аж ахуйн Халхгол чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 75 дугаар тогтоолыг батлахдаа орон нутгийн иргэдээс санал аваагүй, нийгэм эдийн засаг, экологийн сөрөг нөлөөллийг тооцоолоогүй гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар Дорнод аймгийн Халхгол сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид болон тус сумын 1659 иргэнээс өргөдөл ирүүлсэн байна. Мөн донорын хүрээг өргөтгөж, цусан хангамжийг сайжруулах, тэдгээрийг урамшуулах, нийгмийн асуудлыг анхаарах асуудлаар хүсэлтийг Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлжээ. Мөн Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар нээлттэй сонсгол хийх, тэтгэвэр, тэтгэмжийн хуульд өөрчлөлт оруулан 1995 оноос өмнө, хойно тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэвэрийн зөрүүг ойртуулах, амьдралын гачигдалтай ахмад настанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх эрх зүйн орчныг сайжруулах зэрэг хүсэлтүүд ирүүлсэн байна.

 

2015 оны 10 дугаар сард иргэдээс ирүүлсэн нийт өргөдөл, хүсэлтийн 19.9 хувийг судлан, тодорхой хариу өгсөн бол 57.7 хувь судалгааны шатанд байгаа бөгөөд үүнээс 55 өргөдөл шийдвэрлэх шатанд байгаа болохыг Байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээллээ