"Чалко" компанитай байгуулсан зээлийн гэрээ маш муу хийгджээ

  • 2015 оны 06 сарын 23

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээний талаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн О.Баасанхүү өнгөрсөн амралтын өдрүүдэд /2015.06.20-21/ Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумдад ажиллалаа.

/Ханбогд суманд ажилласан талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү/

 

О.Баасанхүү: "Чалко" компанитай байгуулсан зээлийн гэрээ маш муу хийгджээ   

Өргөдлийн байнгын хорооны дарга, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээний талаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн О.Баасанхүү Ханбогд сумын аж байдалтай танилцсаны дараа “Эрдэнэс таван толгой” ХК-ын үйл ажиллагаатай танилцлаа. Байнгын хорооны даргыг Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга, тус компанийн уурхайн менежер болон албаны бусад хүмүүс угтан авсан юм.

Уулзалтын эхэнд “Эрдэнэс таван толгой” ХК-ын талаарх сүүлийн үеийн мэдээллийг уурхайн менежер Р.Нацагдаш байнгын хорооны дарга, ажлын хэсгийн гишүүн О.Баасанхүүд танилцуулав.

Өнөөгийн байдлаар Таван толгойн ордоос нийт 31 компани 6.2 сая тонн нүүрс олборлож 283.6 сая долларын экспорт хийсэн. Үүнээс “Эрдэнэс ТТ” компани 2.3 сая тонн нүүрс олборлож 111.5 сая долларын борлуулалт хийсэн нь нийт экспортын 40 хувийг эзэлж байна. “МАК” ХХК 1.1 сая тонн, “Энержи ресурс” 696 мянган тонн, “Өсөх зоос” ХХК 877 мянган тонн бусад жижиг компаниуд 20-100 мянган тонн нүүрс олборлон борлуулжээ. “Эрдэнэс ТТ” компанийн агуулахад 2.3 сая тонн нүүрс бэлнээр хадгалагдаж, 2 сая тонн нүүрсний хөрс хуулж олборлоход бэлэн болгосон бөгөөд энэ нь нийт 140 сая долларын үнэлгээтэй юм. 

Агуулахад байгаа болон хөрс хуулалт хийсэн 4.3 сая тонн нүүрсээр Чалко компанийн зээлийн үлдэгдэл 142 сая долларын өрийг төлөхөд бэлэн байгаа боловч Чалко компани, борлуулалт буурсан, цанхийн зүүн уурхайн ажил түр зогссонтой холбогдуулан цанхийн баруун уурхайгаас нүүрсээ авч байгаа бөгөөд "зээлийн гэрээ"-нд цанхийн зүүн уурхайгаас олборлосон нүүрснээс өрийг барагдуулахаар заасан учраас одоогийн авч байгаа нүүрсийг өрнөөс хасахгүйгээр, худалдан авч Хятадын зах зээлд эцсийн хэрэглэгчид борлуулж байгаа тухай хэлж байв. Тиймээс гэрээний дагуу үлдэгдэл өрнөөс 12 хувийн хүү бодогдож байна. Тус компани нүүрс биш, хүүгээ бодуулаад ажиллах нь нүүрсний зах зээлийн хямралын энэ үед ашигтай байхаар тооцоолж байх магадлалтай тухай таамаглалаа ч мөн танилцуулгадаа дурьдаж байсан.

Үүний дараа О.Баасанхүү гишүүн ил уурхайн талбайд очиж ажлын явцтай танилцан зарим асуудлаар тодруулга авч, компанийн цаашдын ажлын төлөвлөгөөний талаар мэдээлэл авсан.

Тус уурхайн менежер Засгийн газрын өргөн бариад байгаа гэрээний төслийн зарим асуудлаар байнгын хорооны даргын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгөхийн зэрэгцээ төсөлд одоо ажиллаж байгаа уурхайн ажилтнуудын талаар тодорхой бус заалтууд тусгагдсан талаар мэдээлэл өгсөн. Хэрвээ гэрээ батлагдсан тохиолдолд одоо ажиллаж байгаа ажилтнуудаас сонгон шалгаруулалт хийж авах бөгөөд энэ нь ажилтнуудын нийгмийн баталгаа хангагдахгүй байдал үүсэх нөхцөл болох тул уурхайд ажиллаж байгаа 490 гаруй ажилтнууд эрх ашгаа хамгаалахаар анхны ажлын хэсэгт саналаа хүргүүлж байсан. Мөн гэрээнд уурхайн үйл ажиллагаанд сорчилж олборлолт хийж байгаа эсэх зэрэг хяналт хийх боломжгүй байдлаар зохицуулагдсан зүйл, заалтууд тусгагдсан талаар ч дурьдаж байв.

Түүнчлэн Р.Нацагдаш менежер Чалко компанийн өрийг төлөх бүрэн боломж байгаа гэдгийг онцлоод Хятадын зах зээлд өрсөлдөх чадвартай болохын тулд  төмөр замтай болох нь хамгийн чухал асуудал юм хэмээн гишүүний асуултад тодруулга өгөхийн сацуу өөрийн байр суурийг илэрхийлж байсан.

Дараа нь орон нутгийн хэмээн нэрлэгддэг "Таван толгой" ХК-ын үйл ажиллагаатай танилцаж, орон нутгийн хөгжлийн талаар компанийн удирдлага болон Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга Б.Түвшинбаяр нартай харилцан санал солилцсон юм.

1966 оноос хойш 49 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа тус компани орон нутгийн 51%, хувьцаа эзэмшигчдийн өмч 49%-ийн өмчлөлтэй юм байна. “Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхай нь 6 нэгж алба бүхий үндсэн 204 ажилтантай. Туслан гүйцэтгэгч 800 орчим ажилтантай. Ордын хэмжээнд дотоодын зах зээлд борлуулалт хийдэг ганц компани. Ашиглалтын хугацаанд нийт 31 сая тонн нүүрс олборлон борлуулсан байдаг.

 

Таван толгой ордын өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, Эрдэнэс таван толгой, Таван толгой хувьцаат компаниудын удирдлагуудтай уулзсаны дараа О.Баасанхүү гишүүн, "Чалко" компанитай байгуулсан зээлийн гэрээ маш муу хийгджээ гээд энэ удаагийн томилолтын талаар ажлын хэсгийн гишүүдэд танилцуулж, ажлын хэсгийн дүгнэлт гаргахад өөрийн байр суурийг илэрхийлэх болно хэмээн мэдэгдсэн.

Ийнхүү Улсын Их Хурлын даргын үүрэг болгосны дагуу Өргөдлийн байнгын хорооны дарга, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээний талаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн О.Баасанхүү Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Таван толгой ордын ил уурхайн олборлолтын байдалтай газар дээр нь танилцаж, "Эрдэнэс таван толгой" болон "Таван толгой" ХК-иудын удирдлагуудтай уулзаж, мэдээлэл авлаа