Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав

  • 2016 оны 05 сарын 23

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газарт өгсөн чиглэлийн хэрэгжилтийн талаарх асуудлаар холбогдох албан тушаалтнууд, иргэдтэй хийх уулзалт-хэлэлцүүлгийг өнөөдөр /2016.05.23/ Төрийн ордон дахь Нээлттэй сонсголын танхимд зохион байгуулав.

Уулзалтын эхэнд тус Байнгын хорооны дарга Ж.Батзандан иргэдээс ирүүлсэн өргөдлийн агуулгыг танилцуулав. Тэрээр, цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын талаар дөрвөн хуулийн төсөл Улсын Их Хуралд хэлэлцэгдэж байгаа. Иргэд хуулийн төсөлд тодорхой зүйл заалтууд оруулж өгөхийг хүссэн. Тодруулбал, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэргийн албан хаагчийн иргэний байгууллагад ажилласан нэг жилийг 6 сар цэргийн байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заасан.

Энэхүү заалт нь цэргийн албан хаагч нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгож болохоор заасан нь уг хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл учирч Нийгмийн даатгалын байгууллага болон цэргийн тэтгэвэр авагчдын хооронд маргаан үүсгээд байгаа юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэрийг дундаж цалингаас 45 хувиар тооцохоор хуульчилсан бол цэргийн алба хаасны тэтгэвэрийг 80 хувиар тооцдог мөн цэргийн албан хаагч нь шимтгэл төлдөггүй тул нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгох эрх зүйн үндэслэлгүй юм.

Иймд, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зарим зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэж, Засгийн газарт тодорхой чиглэл өгсөн.

Үүнд:

а/ Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Цэргийн алба хаасны тэтгэвэр авагч өөрөө хүсвэл цэргийн алба хаасан болон даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр, эсхүл энэ хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болно.” гэж,

б/ Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Цэргийн албан хаагчийн иргэний байгууллагад ажилласан нэг жилийг 6 сар цэргийн байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож, энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болно.” гэж тус тус өөрчлөх.

Үүнтэй холбогдуулан Хууль зүйн сайд, Батлан хамгаалахын сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан  тушаалаар Улсын Их Хурлын Байнгын хорооны шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн барихаар ажиллаж байна гэсэн хариу ирснийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцуулав.

Уулзалтад дээрх асуудлаар тайлбар, мэдээлэл өгөхөөр Батлан хамгаалах яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон өргөдөл гаргагч иргэдийн төлөөлөл оролцлоо. Мөн Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны гишүүн Д.Сарангэрэл оролцож, асуулт тавин хариулт авсан юм.

Ийнхүү Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн талаар Засгийн газарт өгсөн чиглэлийн хэрэгжилтийн талаарх асуудлаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Мөнхзул тайлбар хийлээ. Тэрээр, “Цэргийн албан хаагчийн иргэний байгууллагад ажилласан нэг жилийг 6 сар цэргийн байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэсэн заалт нь хуультай зөрчилдөж байгаа. Иймд энэ зөрчлийг арилгахын тулд хуулийн төсөлд “өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэснийг “цэргийн алба хаасны тэтгэвэр тогтооно” гэж оруулах нь зүйтэй гэлээ.

Батлан хамгаалах яам, Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга, Бригадын генерал Г.Сайханбаяр, иргэдээс ирүүлсэн саналтай холбогдуулан тус хуулийн зургаан заалтад өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажилласан. Энэхүү хуулийн төслийг Улсын Их Хуралд ойрын хугацаанд өргөн барихаар ажиллаж байна гэв.

Ингээд Байнгын хорооны гишүүд уг асуудалтай холбогдуулан өргөдөл гаргагч иргэдийн байр суурийг сонсч, холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, тодруулсны дараа Байнгын хорооны дарга Ж.Батзандан уг хуулийн төслийг Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулган өндөрлөхөөс өмнө өргөн барихыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгснөөр өнөөдрийн уулзалт өндөрлөсөн юм