"Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

  • 2016 оны 12 сарын 26

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /2016.12.26/ Төрийн ордонд “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл удирдан явуулсан бөгөөд хэлэлцүүлэгт тус байнгын хорооны гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яам, Нийслэлийн удирдлагууд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шинжлэх ухааны академи болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл үг хэлсэн.  Тэрбээр, “Улсын маань нийслэл Улаанбаатар хотод 1990-ээд оноос хойш утааны асуудал эхэлсэн бөгөөд өнөөдөр нийслэлээс хальж, зарим аймаг орон нутгийн хувьд ч тулгамдсан асуудал боллоо. Утааны гамшгийн төв нь Улаанбаатар хот гэдэг нь нэгэнт тодорхой. Улаанбаатарт агаарын бохирдол хүлцэх түвшнээс хэдийнэ хальж, дэлхийн дунджаас даруй 5-6 дахин их байна.

Нийт утааны 80 гаруй хувь нь гэр  хорооллын нүүрс түлдэг айл өрхийн хэрэглээнээс, 20 шахам хувь нь авто машины шатах, тослох материал болон бусад шалтгаанаас үүсэлтэй гэж үздэг. Монгол Улсын иргэд, тэр дундаа улаанбаатарчууд жилийн 365 хоногийн тэн хагаст утаан дунд амьдарч байна...Товч мэдээлэл өгөхөд түүхий нүүрсний хэрэглээ, авто машины түлшний дутуу шаталт, үйлдвэрийн болон барилгын тоосжилт зэргээс үүсдэг PM 2.5 буюу үл үзэгдэгч тоосонцрууд тортог, хүнд металлтай барьцалдан амьсгалын замын эрхтэнүүдээр дамжин хүний биед нэвтэрч, уушгийг гэмтээж, улмаар зүрхний цусан хангамжийн дутагдалд оруулж, амь насанд аюул учруулдаг юм байна. Бензопирин хэмээх хорт хавдар үүсгэгч бодис утаанд хүлцэх хэмжээнээс 14 дахин их байдгийг Хятадын эрдэмтэд тогтоожээ.

Бид утааны асуудлыг шийдэх бодлого боловсруулж ирсэн ч тодорхой үр дүнд хүрээгүйг өнөөдрийн бодит байдал тодорхой харуулна.

Өнөөдрийн нээлттэй хэлэлцүүлгийн гол зорилго бол гамшгийн хэмжээнд хүрсэн утааныхаа асуудлыг монголчууд бид хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт тодорхой шийдэлд хүрэх санал санаачилга өрнүүлэхэд чиглэнэ. Энэ бол төр, иргэн, бүх талын оролцоонд тулгуурлаж үр дүнд хүрэх ажил. Утаа нь хариуцлагатай холбоотой гэдгийг бид хүлээн зөвшөөрөх учиртай. Иргэд төр засгаас онцгой шийдвэр хүлээж байна” хэмээн хэллээ.

Хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол “Агаарын бохирдлыг бууруулах талаар хийсэн ажлууд, тулгарч буй асуудлууд, шийдвэрлэх арга зам, Эрчим хүчний сайд П.Ганхүү “Гэр хорооллын шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлт авах арга хэмжээ, хүндрэл”, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга  Д.Очирбат “Эрүүл мэнд ба агаарын бохирдол шийдвэрлэх арга зам” илтгэл тавилаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол илтгэлдээ агаар бохирдуулагч бодис Улаанбаатарт хүлцэх хэмжээнээс их буюу стандартаас давсан гэдгийг онцоллоо. Тэрбээр мөн “Авто машины тоормоз гишгэх тоолонд агаар бохирдуулагч бодис ялгаруулдаг. Улаанбаатар хот ийм хуучин машины цуглуулгын газар болсон” гэлээ. Агаарын бохирдлыг бууруулахын тулд цаашид сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, үнэ тарифыг бууруулах, айл өрх цахилгаанаар халаалтаа шийдэж байгаа тохиолдолд шөнийн цахилгааны урамшуулал олгох, авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Евро 4, 5 стандартад нийцсэн сайн чанарын шатахууны импорт, хэрэглээг дэмжих, 7-оос дээш насжилттай авто машины импортыг үе шаттай хязгаарлах, авто машины улсын үзлэгийн оношлогооны чанарыг сайжруулж, хорт утаа үйлдвэрлэдэг авто машиныг нийслэлд явуулахгүй байх, Улаанбаатарын дугуй, хуучин муу гутал түлдэг эмзэг бүлгийн зорилтот айл өрхийг сайжруулсан зуух, боловсруулсан түлшээр хангах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай. 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн шөнийн эрчим хүчний тарифыг тэглэхээр Засгийн газраас шийдвэр гаргасан. Энэ боломжийг иргэд зөв ашиглах ёстой. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийг яаралтай хийж, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, түүхий нүүрсний үнийг бууруулах, шаталт сайн нүүрсээр хангах шаардлагатай байна” хэмээн илтгэлдээ дурьдлаа. Түүнчлэн агаарын бохирдолттой тэмцэх тодорхой хөрөнгийн эх үүсвэр байх ёстойг хэлсэн. Үүнд агаарын бохирдлын төлбөр зэрэг тодорхой нэр төрлийн татвараас төвлөрч буй мөнгийг бүгдийг агаарын бохирдлыг бууруулах зориулалтаар нь зарцуулах шаардлагатай хэмээсэн юм.

Дараа нь Эрчим хүчний сайд П.Ганхүү илтгэлдээ “21.00-06.00 цаг хүртэл буюу шөнийн тарифыг тэглэхэд хамрагдах гэр хорооллын хэрэглэгчдийн тоо өнөөдрийн байдлаар УБЦТС-тэй гэрээ байгуулснаар 146 мянга байна. Шөнийн тарифыг тэглэхэд одоо үзүүлж буй 50 хувийн хөнгөлөлтийн 3.2 тэрбум төгрөгийн алдагдал дээр нэмж 25.8 тэрбум төгрөгийн алдагдал үүсэхээр байна. Тарифыг тэглэснээр эрчим хүсний системд үзүүлэх сөрөг нөлөөлөл гарна. Түгээх сүлжээнд хүндрэл үүсэх магадлал өндөр учраас галын аюулаас урьдчилан сэргийлсэн нийтэд чиглэсэн арга хэмжээ авах, хяналтын тогтолцоог сайжруулах, бүтэц орон тоог нэмэх ажлууд хийгдэнэ. Үнэгүй юм гээд хязгааргүй хэрэглэх ойлголт огт байж болохгүй. Цахилгааныг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах нөөц, чадал байхгүй учир үүнийг иргэд онцгой анхаарах шаардлагатай. Ард иргэдтэй хамтарч энэ ажил үр дүнтэй болно. Агаарын бохирдлыг бууруулах үүргийнхээ дагуу эрчим хүчний салбар ажиллана” хэмээлээ.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатын илтгэл оролцогчдын анхаарлын төвд байсан. Тэрбээр илтгэлдээ дэлхийд жилдээ 3.2 сая хүн агаарын бохирдлоос болж нас бардаг гэсэн судалгааны дүнг танилцуулав. Манай улсын хувьд хүн амын өвчлөлийн тэргүүлэх таван шалтгааны нэгдүгээрт амьсгалын тогтолцооны өвчин орж байгаа бөгөөд өвчлөлийн үзүүлэлт  Улаанбаатарын утаа хамгийн ихтэй Сонгинохайрхан дүүрэгт өндөр хувьтай гарч байгааг танилцууллаа. Агаарын бохирдол амьсгалын замын өвчлөлөөс гадна нөхөн үржихүйн өвчлөлийг нэмэгдүүлж байгааг хэлэв. Судлаачдын судалгаагаар уушгины хатгалгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн 80 хувь нь өвлийн улиралд, үүнээс 53 хувь нь агаарын бохирдолттой холбоотой болох үзүүлэлтийг мөн танилцуулгадаа дурьдлаа. Мөн өвөлд ургийн гаж хөгжил, зулбалт 3.6 дахин их байгаа судалгаа гарсныг хэлсэн. Өвчлөлийг бууруулахын тулд пневмококкийн вакциныг дархлаажуулалтад үе шаттай нэвтрүүлж байгааг танилцууллаа.

Илтгэлийн дараа Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл “Агаарын бохирдолтой тэмцэхэд тодорхой санал гаргах хэлэлцүүлэг учраас оролцогчдын үгийг сонсох ёстой. Иргэд биднээс онцгой шийдвэр хүлээж байгаа. Ямар шийдвэр гаргах бол гэж харж байна. Иргэд, олон нийт бохирдлыг гамшгийн хэмжээнд хүрсэн гэж байна. Харин ажил хариуцсан хүмүүс юу хэлэх вэ. Хэрвээ нэгэнт гамшгийн хэмжээнд хүрсэн бол онцгой байдал зарлах ёстой юу” гэлээ.

Ингээд  хэлэлцүүлэгт оролцогчид үг хэлж, зарим асуултад Засгийн газрын гишүүд болон нийслэлийн удирдлагууд хариулт өглөө.

“Монголын байгал орчны иргэний зөвлөл” төрийн бус байгууллагын  гүйцэтгэх захирал Г.Эрдэнэцолмон “Агаарын бохирдол өвчлөлийг маш их нэмэгдүүлж байна. Хамгийн их утаатай Бээжингээс Улаанбаатарын агаарын бохирдол 5 дахин их гарсан. Цаашид ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гэр хорооллыг орон сууц болгох, ялангуяа түрээсийн орон сууцыг олноор барих, гэр хорооллын айл өрхүүд дулааны алдагдлаа бууруулах бүх арга хэмжээг авах хэрэгтэй” хэмээн саналаа хэллээ.

Дараа нь “Гамшгийн эсрэг үндэсний төв” төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Ганбаатар “Сайжруулсан зуух тараалаа гэсэн. Гэвч тэр зуухнаас ялгаруулсан үнс нь буцаад агаарыг бохирдуулж байна. Хамтад нь шийдэх ёстой” гэсэн санал хэлэв.

“Монголын усны түншлэл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Басандорж “Амаар орсон утаанаас илүү уушгинд нэвтэрсэн утаа аюултай. Авто машиныг улсын үзлэгт торгууль төлөхгүй гэж оруулах бус агаарын бохирдлыг бууруулахын тулд оруулдаг байх ёстой” гэсэн бол Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга Б.Цогтбаатар “Хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг бууруулах, цаашид нэмэгдүүлэхгүй байх, насжилт өндөр, хуучин авто машиныг үзлэгт тэнцээгүй бол шууд хөдөлгөөнд оролцохыг хориглох хэрэгтэй” гэсэн санал хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг “Агаарын бохирдлыг бууруулах бодлогоо тодорхой болгохгүй бол ойлголтын зөрүү маш их байна. Сайжруулсан зуух тараагаад болно гэсэн нэг хэсэг байхад бүрэн шаталттай түлш хэрэглээд асуудал шийдэгдэнэ гэж үздэг хэсэг байна. Одоо газ ашиглая гэх санаачилга гарах ч юмуу. Энэ мэтээр ойлголтын зөрүүгээ цэгцэлж, бодлогоо тодорхой болгох шаардлагатай. Мөн бямба, ням гаригт цэвэр агаарт гарахыг уриалж, манлайллын ажил ч хиймээр байна. Иргэд яг өнөөдөр юу хийхийг хүлээж, харж байна. Амьдралд нийцсэн шуурхай шийдвэр гаргах хэрэгтэй” хэмээв.

“Монголын байгаль орчны иргэний зөвлөл” төрийн бус байгууллагын тэргүүн М.Оюунчимэг “Иргэдийн хот руу чиглэсэн их нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахад тухайн орон нутгийн захиргаа юу ч хийхгүй байна. Малаа зуданд алдаж амин зуулгагүй болсон иргэдээ орон нутагт нь мянгат малчдадаа даатгаад малжуулах гэхчлэн арга хэмжээ авч болно. Юу ч хийхгүй байхын зэрэгцээ зарим сум ой модоо огтолж төсвөө бүрдүүлж байна. Ийм байж болохгүй. Дулааны алдагдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрх, иргэдэд маш сайн мэдээлэл өгөх хэрэгтэй. Үүнийг ойлгуулахгүйгээр шөнийн тарифыг тэглээд үр дүнд хүрэхгүй” гэсэн санал хэллээ.

Ийнхүү хэлэлцүүлэгт оролцогч олон хүн санал хэлсэн.

Хэлэлцүүлэгт оролцсон Өргөдлийн байнгын хорооны гишүүн Н.Учрал, М.Оюунчимэг, Ё.Баатарбилэг, А.Сүхбат, Х.Нямбаатар, Д.Мурат, Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл нар үг хэлж,  байр сууриа илэрхийлсэн.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зарим саналтай холбогдуулан тодорхой мэдээллийг Засгийн газрын гишүүд өгсөн юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Өргөдлийн байнгын хорооны гишүүд, Засгийн газрын гишүүн П.Ганхүү, Д.Оюунхорол нар дүгнэн үг хэлэв. Мөн Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл хэлэлцүүлгийг хааж үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Нээлттэй хэлэлцүүлэгт 58 хүн оролцлоо. Агаарын бохирдлыг бууруулахад үгээ хэлэх шаардлагатай нь манай ажилтнууд нэгбүрчлэн тэмдэглэж авсан. Утаатай тэмцэх нь бүх нийтийн үйлс уриалга хэлэлцүүлгээс гарч байна. Утаатай, агаарын бохирдолттой тэмцэхэд улстөржсөн агуулгаар хандаж болохгүй  юм.

Та бүхний гаргасан нийслэл хот руу чиглэсэн хөдөлгөөнийг хязгаарлах, хорт утаа үйлдвэрлэдэг хуучин машиныг цэгцлэх зэргээр монгол хүний эрүүл мэндээр хэмжигдэх учир хатуу бодлого барих хэрэгтэй болж байна. Хөл хүнд ээжийн хэдэн сар тээсэн ураг утаанаас болж амьгүй болж, бяцхан үрс маань эмнэлгээс салахгүй байна гэдэг маш харамсалтай. Хэлэлцүүлгээс онцгой нөхцөлд шуурхай хэрэгжих зөвлөмж гаргаж Засгийн газарт чиглэл хүргүүлнэ. Мөн УИХ-аар агаарын бохирдолттой тэмцэх урт хугацааны хөтөлбөр батлана” хэмээн онцлон тэмдэглэлээ.