Төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлүүд болон Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлүүдийн талаар хэлэлцлээ

  • 2015 оны 06 сарын 03

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /2015.06.03/ үдээс хойш хуралдаж, Төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлүүд болон Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлүүдийн талаар хэлэлцлээ.

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн асуудлаар холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах нээлттэй сонсголыг энэ оны 4 дүгээр сарын 29-нд зохион байгуулсан бөгөөд уг асуудлыг албажуулах зорилгоор байнгын хорооны хуралдаанаар оруулж буйг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү хуралдааны эхэнд танилцуулав.

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд хэлэлцүүлэхээр дараах асуудлуудыг оруулж хэлэлцүүлэв. Үүнд:

1.Төрийн албан хаагчийг улс төрийн албан тушаалтан томилж чөлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн хууль эрх зүйн орчныг төрийн алба улс төрөөс ангид байх зарчимд нийцүүлэн өөрчлөх чиглэлийг Засгийн газарт өгөх. Мөн Засгийн газар, яам, агентлагуудын хэмжээнд төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр чөлөөлсөн, хууль зөрчин томилсон шийдвэрүүдээ хүчингүй болгох, хуульд нийцүүлэх арга хэмжээ авч ажиллах.

2. Байнгын хорооны тэмдэглэлээр Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг, мэдээлдэг байгууллагууд болох Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт холбогдох хуулиудын хэрэгжилтэд хяналт тавьж, хариуцлага тооцож ажиллах.

Улсын Их Хурлын гишүүд санал, асуулга тавьж холбогдох албаны хүмүүсээс хариулт авсны эцэст Өргөдлийн байнгын хорооны танилцуулга, дүгнэлтийг Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, төрийн албаны шинэчлэлийг иж бүрнээр нь хийхтэй холбогдуулан санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэгээр ахлуулсан Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэгт хүргүүлэх тогтоолыг олонхын саналаар баталлаа.

Дараа нь Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэж Боловсролын тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар Байнгын хороонд ирүүлсэн өргөдлүүдийн дагуу хуулийн хэрэгжилтийг судлан байнгын хороонд танилцуулах ажлын хэсгийг байгуулсан талаар байнгын хорооны дарга О.Баасанхүү танилцуулав.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, саналаа хэлэв. УИХ-ын гишүүн С.Одонтуяа санал хэлэхдээ, “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого болон бусад холбогдолтой асуудлаар би ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Саяхан Хүүхэд  харах үйлчилгээний тухай хууль буруу орж ирсэн. Энэ үйлчилгээ нь улсын болон хувийн цэцэрлэгтэй өрсөлдөхүйц харагдаж байна. Монгол Улсад хамгийн сайн хөгжиж байгаа нь цэцэрлэг юм. Иймд энэ стандартаас ухрахгүйн тулд бид бүгдийг өөрчилсөн. Энэ тогтолцоог хөгжүүлэхийн тулд Хүүхэд харах үйлчилгээ нь аливаа цэцэрлэгийн өрсөлдөгч биш байхаар бид дахиж зассан. Өөрөөр хэлбэл, энэ үйлчилгээг аж ахуй нэгж биш зөвхөн иргэн хүн эрхлэхээр тусгасан байгаа бөгөөд нэг ангид дээд тал нь 3-5 хүүхэд байна. Мөн өдөр өнжүүлэх төвийн талаар ямар ч хуулийн зохицуулалт байхгүй. Иймээс энэ асуудлыг нэн яаралтай хууль, тогтоомжид тусгаж өгөх саналтай байна” гэв.

Ингээд Байнгын хорооны тогтоолын төслийн талаар гишүүдийн гаргасан саналыг төсөлд тусган тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж тус тогтоолыг олонхын саналаар баталлаа