Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн 2014.10.15-ны өдрийн хуралдааны тойм

  • 2014 оны 12 сарын 15

Байгаль орчны тухай хууль тогтоомжийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсэг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 13.00 цагаас Төрийн ордны 334 тоот өрөөнд хуралдлаа.

 

Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Өргөдлийн байнгын хорооны ахлах зөвлөх С.Заяадэлгэр, зөвлөх Э.Баярмаа, референт Х.Баттөгсөх, Х.Энэбиш, Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, ахлах мэргэжилтэн Д.Отгонлхагва, мэргэжилтэн Х.Наран-Эрдэнэ, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэл, технологи, бэлчээрийн ашиглалт хариуцсан мэргэжилтэн Н.Бямбадорж, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн Д.Шижирболд, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн н.Саранцэцэг, Ашигт малтмалын газрын дарга Б.Үүрийнтуяа, Геологийн албаны дарга Д.Болд, Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар, Уул уурхайн хэлтсийн дарга С.Баттулга, Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүх, Хяналт шинжилгээ, үнэлгээний статистик мэдээллийн хэлтсийн дарга С.Цогзолмаа, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга н.Алтанцог, Эрх зүйн тасгийн дарга С.Дашдаржаа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлалын хяналтын хэлтсийн дарга Д.Цэрэндаш, Геологи, уул уурхайн улсын ахлах байцаагч Д.Чилхаажав, Геологи, уул уурхайн улсын байцаагч Ц.Мөнхцэцэг, Байгаль орчны хяналтын улсын байцаагч У.Өлзийцэцэг, Монголын агуй судлалын холбооны тэргүүн, докторЭ.Авирмэд нар оролцов.

 

Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны гишүүн С.Ганбаатарын ахалсан хяналт шалгалтын ажлын хэсгийн Дорноговь аймагт байрлах Цагаан дэлийн агуй, Хутаг уул, Чандмань уулын нутаг дэвсгэрт хийсэн хяналт шалгалтын ажлын талаар Байнгын хорооны ажлын албанаас товч танилцуулга хийсний дараа Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар болон тухайн асуудалтай холбогдуулан ирсэн яам, агентлагийн албан тушаалтнууд саналаа хэллээ.

 

Уг асуудалтай холбогдуулан Уул уурхайн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, эрдэмтэн судалаачдыг оролцуулсан ажлын дэд хэсгийг байгуулан ажиллахаар болж энэ өдрийн хуралдаан 16.40 цагт өндөрлөлөө.

 

ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА