Хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх талаар Засгийн газарт чиглэл хүргүүлэхээр тогтов

  • 2016 оны 05 сарын 03

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны дарга Ж.Батзандан нээв. Тэрээр, Өргөдлийн байнгын хороо Засгийн газарт хоёр хэлбэрээр чиглэл өгч болно. Үүнд, байнгын хороо тогтоол гаргах эсхүл албан бичиг хүргүүлэх замаар Засгийн газарт чиглэл өгнө гэлээ. Ингээд хэлэлцүүлэгт оролцож буй өргөдөл гаргагч иргэн болон албаны хүмүүсийг танилцуулснаар хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэлийн хамт удирдан явуулав.

Хэлэлцүүлгийн эхэнд, Багахангай дүүргийн 1-р хорооны иргэн Д.Эрдэнэтуяа тус байнгын хороонд ирүүлсэн өргөдлөө танилцуулав. Тэрээр, “Тамбов-цэргийн химичид” ТББ 2012 онд Зэвсэгт хүчний жанжин штабтай гэрээ байгуулан алтны уурхайд ашиглаж байсан шаазан тигель гэх химийн бодистой 120 тн хаягдлыг Багахангай дүүргийн нутаг дэвсэрт байрлах хуучин оросын цэргийн ангийн ангаарт хадгалж байна. Энэхүү хог хаягдлыг анх 2013 оны 03 дугаар сарын 31-нд буулгасан, гэтэл 7 хоногийн дараа энэхүү гэрээ цуцлагдаад байхад химийн бодистой хог хаягдлыг нэмж буулгасан нь иргэдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцлийг алдагдуулаад байна. Ангаарыг чөлөөлөх албан тоот холбогдох яам, газраас удаа дараа хүргүүлээд байхад өнөөдрийг хүртэл арга хэмжээ авагдаагүй байна гэлээ.

Үүний дараа байнгын хорооны гишүүд холбогдох албан тушаалтнуудын байр суурийг сонсов. Тухайлахад, ЗХЖШ-ын Ар талын газрын мэргэжилтэн Г.Дүнжингарав, химийн бодистой хаягдлыг хадгалах төвлөрсөн байгууламж баригдаагүй тул өнөөдрийг хүртэл ангаарт хадгалагдаж байгаа гэсэн тайлбар хийв.

Харин Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Хяналтын газрын дарга Д.Цэрэндаш хэлэхдээ, бид Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай хамтран ажиллаж, өргөтгөсөн хуралдаан хийсний үр дүнд энэ хаягдлыг хадгалах аюулгүй байдлыг ханган ажиллах зөвлөмж өгсөн гэлээ.

Ингээд байгын хорооны гишүүд уг асуудалтай холбогдуулан асуулт асууж, тодруулсны дараа Байнгын хорооны дарга Ж.Батзандан, иргэдээс тавьж байгаа гомдол, албан тушаалтнуудаас өгсөн мэдээлэл, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналуудыг үндэслэн Засгийн газарт албан тоот хүргүүлэхээр болсныг танилцуулав.

Тухайлбал,

- Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах хүртэл аюултай хог хаягдлыг түр хадгалах зориулалтын байрны асуудлыг шийдвэрлэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган ажиллах;

- Аюултай хог хаягдлын улсын тооллого, үзлэгийг зохион байгуулж, тооллого үзлэгийн тайлан, дүгнэлтийг үндэслэн авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллах. Улсын тооллого, үзлэг явуулах санхүүжилтийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусган батлуулах;

- Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчин Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт хадгалж байгаа 120 тн химийн хортой хаягдлыг нүүлгэх асуудлыг шийдвэрлэх. 

Ийнхүү дээрх чиглэлтэй холбогдуулан нэмж тусгах санал гараагүй тул Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо

Мэдээ мэдээлэл

Санал асуулга

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах “Ноён уул”-ыг ашигт малтмал олборлох зорилгоор ашиглахгүй хэвээр үлдээж, уул, усаа унаган төрхөөр нь хадгалж, дархан цаазат газар болгохыг хүсч байна.
Санал өгсөн: 409
Дэмжиж байна
81.9% (335)
Дэмжихгүй байна
17.1% (70)
Санал өгөх Үр дүн харах