Туул голыг хамгаалах, тусгай хууль гаргах чиглэлд тууштай ажиллах болно.

  • 2017 оны 02 сарын 03

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Байнгын хорооны өнөөдрийн /2016.01.31/  хуралдаанаар Туул голыг хамгаалах асуудлаар Засгийн газарт дахин чиглэл өглөө?

-Өргөдлийн  байнгын хорооноос өнгөрсөн оны 11 дүгээр сарын 23-нд Засгийн газарт Туул голын сав газарт элс, хайрга олборлох үйл ажиллагааг зогсоох,хууль зөрчсөн хайгуулын 11, ашиглалтын 39 тусгай зөвшөөрлийг цуцлах, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлыг шуурхайлах, Туул голыг бохирдуулсан иргэн, аж ахуйн нэгжид хүлээлгэх эрүүгийн болон захиргааны хариуцлагыг чангатгах зэрэг чиглэл өгсөн. Үүнтэй холбоотойгоор Уул уурхай,хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж танилцуулгыг сонслоо. Байнгын хорооноос Туул голыг хамгаалах асуудлаар Засгийн газарт дахин чиглэл өглөө. Туул голыг бохирдуулагч гурван том хүчин зүйл бол төв цэвэрлэх байгууламж, арьс, шир боловсруулах үйлдвэрүүд, элс, хайрга олборлолтын үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд.  Үүн дээр нэмэгдээд  Туул голын эргэн тойронд үйл ажиллагаа явуулж байгаа 250 гаруй ААН-ийн асуудал байна. Эдгээр амралтын газрууд, машин угаалгын газрууд нь хог хаягдлаа Туул гол руу хаядаг эрэг орчмыг бохирдуулдаг, бие засах газрын асуудлаа шийдээгүй байдаг.

Өнөөдөр Нийслэл Улаанбаатар хотод хөдөө орон нутаг, гадаад улсаас ч Монголын Улсын иргэн бүр ямар нэг байдлаар ирдэг. Тиймээс ундны ус бол иргэн бүрийн эрүүл мэндтэй холбоотой асуудал. Бид энэ чиглэлд анхаарч, Улаанбаатарчуудынхаа ундаалдаг Туул голоо хамгаалахад онцгой анхаарах хэрэгтэй.

Төв цэвэрлэх байгууламж нь 78 хувь цэвэрлэсэн саарал ус Туул голд нийлүүлж байна. Цэвэрлээд гаргасан уснаас гэдэсний өвчин үүсгэгч савханцар лабораторийн шинжилгээгээр илэрсэн. Дээр нь усны нөөц нь багассан байна. Энэ нь эрэг орчмоос элс хайрга олборлож байгаатай холбоотойг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Иймээс Өргөдлийн байнгын хороо Туул голыг бохирдуулаг гурван том хүчин зүйлийг тус тусад нь хэлэлцээд явж байгаа.  Эхний ээлжинд  карьеарын асуудлаар мэдээлэл сонслоо. Дараа нь арьс шир, төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаарх явцыг сонсоно.

- Ашигт малтмал, газрын тосны газарт тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг төвлөрүүлэх асуудал байнгын хорооны хуралдааны үеэр хөндөгдлөө?

-Энэ асуудалтай холбогдуулан Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбооны асуудал хөндөгдөж байна. Асуудлыг бие бие рүүгээ түлхэх хандлага хуралдааны явцад ажиглагдаж байгаа биз. Энд байгууллагуудаа буруутгахаас илүүтэй хууль эрх зүйн орчин нь  тодорхойгүй байгаатай  холбоотой. 2014 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжсэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар элс хайрга олборлох тусгай зөвшөөрөл олгох  эрхийг  нийслэл, орон нутгийн удирдлагуудад шилжүүлсэн байна. Харин өмнө нь Ашигт малтмалын газрын өгч байсан тусгай зөвшөөрлүүдэд  хяналт тавьж, нөхөн сэргээлтээ хийгээгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах ажлыг зөвшөөрөл өгөөгүй орон нутаг хийх ёстой болчихоод байгаа юм байна. Хуулиараа  энэ зөвшөөрлийг нийслэл, аймгийн удирдлагууд цуцлах эрхтэй ч зөвшөөрөл өгөөгүй учраас зөвшөөрөл өгсөн Ашигт малтмалын газар нь цуцлах асуудлыг хөндөнө гэсэн байдлаар асуудалд хандаад байна. Тодруулбал, нийслэлээс “196 ААН-ийн тусгай зөвшөөрлийн асуудалд хэрхэн хандах тухай бүрэн эрхийг бидэнд шилжүүлээч ээ” гэсэн асуудлыг АМГазарт тавьжээ. Гэтэл Уул уурхай,хүнд үйлдвэрийн яамнаас хуулийн дагуу шийдэх бүрэн эрхтэй гэдгийг нийслэлд хэлж байх жишээтэй. Аймаг, нийслэл нь өмнө Уул уурхайн яамны харъяа Ашигт малтмалын газраас өгсөн зөвшөөрлийг цуцлах эрхтэй юу гэдэг асуудалд өнөөдрийг хүртэл итгэлгүй явж ирсэн байна. Тэгэхээр энэ дунд завшигч нь ААН-үүд болчихож байгаа биз. Хяналт байхгүй учраас нөхөн сэргээлтээ хийхгүй хууль зөрчөөд байна.

- Засгийн газарт өгөх  чиглэлийн төсөлд Туул голын ойролцоо хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл өгөхийг хориглох асуудлыг тусгалаа. Үр дүн хэрхэн гарах бол?

- Туул голын сав газарт элс, хайрга олборлох тусгай зөвшөөрөл олгоход ААН-үүдэд онцгой бүс буюу голын эргээс 200 метр,  энгийн бүс буюу голын эргээс 500 метрт үйл ажиллагаа явуулах хязгаар тогтоосон байдаг. Гэвч өнөөдөр энэ хуулийн заалт хэрэгжихгүй байна. Үүний хор уршгаар нийт монголчуудын 42,8 хувь Улаанбаатарчуудын 95,7 хувь ундаалдаг Туул голын усны нөөц,цэвэр тунгалаг байдалд эрсдэл үүсээд байна.Бид барилга,замын салбараа үгүйсгэхгүй.Гэхдээ барилга замын компаниудын ашгийг бодох уу. Нийт ард түмнийхээ эрх ашгийг бодох уу гэдэг асуудал урган гарч байна. Туул голын орчмоос бэлэн боловсруулагдчихсан элс хайрга ойрхон  зайнд тээвэрлэх нь ААН-үүдэд мэдээж ашигтай. Гэвч бид ундны усаа хамгаалж үлдэх хэрэгтэй байна. Дэлхий нийтийн жишиг энэ. Ундаалдаг усандаа хүрдэггүй. Тэр орчноо дархалдаг. Туул голыг тусгай хамгаалалтад авах хууль гаргах ёстой. Бид энэ ажлыг хийнэ. А.Сүхбат гишүүнээр ахлуулаад Өргөдлийн байнгын хороо, Байгаль орчны байнгын хороо хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг  УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын ажлын хэсэг болгосон. Бид Туул голын ойролцоо хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл өгөхийг хориглох хууль эрхзүйн орчин бүрдүүлэх чиглэлд ажиллаж байна. Гэхдээ хууль гарахыг хүлээгээд суухгүй. Одоо хаврын улиралд барилга замын ажил идэвхжинэ. Асуудал дахиад л  хүндэрнэ. Тиймээс л төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангаж асуудлыг шийдэх чиглэлийг Засагт байнгын хороо өглөө.

Үүний хор уршгаар нийт монголчуудын 42,8 хувь Улаанбаатарчуудын 95,7 хувь ундаалдаг Туул голын усны нөөц,цэвэр тунгалаг байдалд эрсдэл үүсээд байна.Бид барилга,замын салбараа үгүйсгэхгүй.Гэхдээ барилга замын компаниудын ашгийг бодох уу. Нийт ард түмнийхээ эрх ашгийг бодох уу гэдэг асуудал урган гарч байна.


- Нөхөн сэргээлт хийхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлэх гишүүд олон байна. Хуульд энэ асуудал ямар байдлаар тусгагдсан байдаг вэ?

-Олборлолтын ажлын төлөвлөгөөнд нөхөн сэргээлтийн ажлын төсөв тусгагдсан байдаг.  Нөхөн сэргээлтийг ажлын төсвийг тухайн орон нутгийн санд төвлөрүүлэх байдлаар хуульд тусгах хуулийн зохицуулалттай. Гэвч энэ хуулийн заалт хэрэгжихгүй байсаар өнөөдрийн эмх замбараагүй байдал үүссэн гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Нөхөн сэргээлт орхигдсноос байгаль орчны байдал зарим газар гамшгийн хэмжээнд оччихоод байна.

Нөхөн сэргээлтийн ажил хийгдээгүйгээс болж Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн Г.Отгонбаатарын 10 настай хүү амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Туул голын орчимд карьеарын үйл ажиллагаа явуулсан нүхэнд тогтсон борооны усанд  унаж амь насаа алдлаа. Үхэр мал эдгээр нүхэнд унаж байгаа асуудал бол өчнөөн. Сонгино, Био, Шувуун фабрикийн иргэд шөнө оройн цагаар явах ямар ч боломжгүй болсон. Барилга замын ажил эхлэхтэй зэрэгцэн шороо тоос босдог. Энэ хавийн оршин суугчид бүгд уушиг амьсгалын зам, харшлын өвчтэй болсон гэдгээ уулзахад хэлдэг .

Иймээс энэ парламент,энэ засаг асуудлыг эцэслэн шийдэх ёстой. Туул голыг тусгай хамгаалалтад авах хуулийг батлах ёстой. Хэрэв энэ ажлыг хийхгүй, үүргээ биелүүлэхгүй бол бид ирээдүйд үр хүүхдийнхээ өмнө цаазын тавцанд зогсоно. Яагаад  гэвэл тэднийг амьсгалын замын, харшлын өвчтэй, дээр нь уух усгүй үлдээх нь. Тийм учраас өнөөдрийн Засгийн газар болоод парламентын хийх ёстой хамгийн том ажлуудын нэг Туул голыг тусгай хамгаалалтад авах юм. Уйгагүй ажиллана. Энэ бол залхах мартах, ямар нэг шүүмжлэл дарамтаас айх ёстой ажил биш.

Нөхөн сэргээлтийн ажил хийгдээгүйгээс болж Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн Г.Отгонбаатарын 10 настай хүү амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Туул голын орчимд карьеарын үйл ажиллагаа явуулсан нүхэнд тогтсон борооны усанд  унаж амь насаа алдлаа. Үхэр мал эдгээр нүхэнд унаж байгаа асуудал бол өчнөөн.

-Өргөдлийн байнгын хороо бол иргэдтэй хамгийн ойр ажилладаг байнгын хороо гэж ойлгодог. Одоогоор танай байнгын хороонд хичнээн өргөдөл ирээд байна вэ?

-Зөвхөн Туул голтой холбоотойгоор 5648  өргөдөл ирсэн.  Бусад асуудлаар байнгын хороонд хаягласан 94 мянган өргөдөл ирээд байна.

-Өргөдлүүдтэй танилцаж амжиж байна уу?

-Танилцана аа. Өргөдлийн байнгын хороо бол 2012 сонгуулийн үр дүнд УИХ-д шинээр байгуулагдсан байнгын хороо. Иргэд, сонгогчидтой хамгийн ойр, амьд харилцаатай байдаг чухал байнгын хороо учраас хариуцлагатай ажиллах ёстой.

-Иргэд ихэвчлэн ямар асуудлаар өргөдөл ирүүлж байна вэ?

-Өргөдлийн 90 шахам хувь нь хувийн асуудлаа шийдвэрлүүлэхийг хүссэн байдаг. Өнөөдөр нийгмийн амьдрал хүнд байна. Иргэд асуудлыг нь шийдээд өгөх болов уу гэдэг үүднээс манай байнгын хороонд ханддаг. Харамсалтай нь Өргөдлийн байнгын хороонд тэр мөнгө нь байхгүй юм. Гэхдээ бид нэг ч иргэний өргөдөлд “дүлий” ханддаггүй. Хариуцсан байгууллагуудад өргөдлийг нь хүргүүлээд хариуг нь тухайн хүндээ бичгээр хүргүүлдэг.

-Төр халамжийн бодлогод хэтэрхий анхаарал хандуулж иргэдэд бэлэнчлэх сэтгэлгээ суулгаад байгаа тал ажиглагддаг. Үүний нэг жишээг иргэд хувийн асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлтээ танай байнгын хороонд буюу төрд хаяглаж байгаагаас харж болох юм?

-Хувь хүнийхээ хувьд бэлэнчлэх сэтгэлгээг дэмждэггүй. Миний хувьд багаас минь хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгуулж ирсэн  болохоор “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг сургаалийг эрхэмлэдэг. Энэ үүднээс таны тавьж байгаа асуудлыг дэмжиж байна. Гэхдээ өнөөдрийн Монголын нийгэмд баян ядуугийн ялгаа их,дээр нь ядуу нь давамгайлсан байдалтай байна. Ажилгүй хүн олон байна. Төр ажлын байраар хангах үүргийг иргэдийнхээ өмнө хүлээх ёстой.  Энэ үүргээ биелүүлж ажлын байр, амьдрал ахуйд нь хүрэлцэх цалин хангамж, амар тайван орчинд амьдрах  нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ бүгд нь бүрдээгүй өнөөгийн нөхцөлд халамжийн бодлого хэрэгжүүлэхээс аргагүй гэж үзэж байна.

Төр ажлын байраар хангах үүргийг иргэдийнхээ өмнө хүлээх ёстой.  Энэ үүргээ биелүүлж ажлын байр, амьдрал ахуйд нь хүрэлцэх цалин хангамж, амар тайван орчинд амьдрах  нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.

-Долоо хоногийн эхэнд эрх баригч хүчний нэг гишүүн Засгийн газарт 100 сая төгрөг хандивласан үйл ажиллагаа олон нийтийн анхаарлыг татаад байна. Нэг талаар талархууштай үйл явц боловч Монгол Улс иргэдээсээ тусламж гуйх хүртлээ хэцүү байдалд орчихсон уу гэх асуулт гарч ирээд байна. Олон нийтийн сүлжээнд ч энэ байр суурийг илэрхийлэх хүмүүс байна?

- Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд, гадаад өр дааж давшгүй болчихсон энэ үед 76 гишүүний нэг нь ийм санаачлага гаргаж байгаа нь сонсоход баярлаж, талархмаар үйл явдал. Олон нийтийн хандлагыг харахад баярлаж хүлээж авч байгаа нь  бага бололтой юм.  Нөгөө талд нь үнэхээр Монгол Улс маань ард түмнээсээ хандив хүсэхээр байдалд орчихсон уу? гэсэн асуултад хариулт нэхэж байна. Бид ирэх гуравдугаар сарын 21-нд “Хөгжлийн банк”-ны шугамаар авсан Евро бонд буюу 580 сая ам. долларыг төлнө. Энэ бол МАН, АН-тай хамтарч Засаг барьж байхдаа тавьсан зээл. Нэг ч цент үрэлгүйгээр АН-ын Засгийн газарт бид шилжүүлсэн мөнгө. Бага хүүтэй энэ зээлийг улсын төсөв нөхөхөд бус бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд авсан урт хугацааны зээл юм.

Нэг ч цент үрэлгүйгээр АН-ын Засгийн газарт бид шилжүүлсэн мөнгө. Бага хүүтэй энэ зээлийг улсын төсөв нөхөхөд бус бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд авсан урт хугацааны зээл юм.

-Ерөнхий сайдын зүгээс иргэдийн хандивын мөнгийг өр төлөхөд зориулахгүй гэж мэдэгдсэн байна. 580 сая ам.долларыг хэрхэн төлж барагдуулах талаар намын бүлэг дээр яригдсан зүйл байгаа юу?

-МАН-ын бүлгийн хурал дээр Ерөнхий сайд маань зээлээ хугацаанд нь төлнө. Ингэхдээ Монгол Улсынхаа тусгаар тогтнолд эрсдэл учруулахгүйгээр асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа тухай мэдээлэл бидэнд өгсөн. Бүлэг дээр энэ зээлийг  урт хугацааны маш бага хүүтэй хөнгөлөлттэй зээл авч төлөх эсвэл зээлийнхээ хугацааг сунгуулах замаар асуудлыг шийдэх санал санаачлага ч гарсан. Бид нэг их ил гаргаад ярихгүй байгаа ч энэ асуудалд маш их анхаарал хандуулж байна. Ирэх сарын 21-нд Евро бонд буюу 580 сая ам. долларын зээлийн өрийг ямар нэг байдлаар шийдвэрлэнэ гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн гэдгийг дахин хэлье.  Бүлэг дээр уриалга гаргаж ард түмнээс хандив цуглуулах  асуудал яригдаагүй. Тийм шаардлага гарвал монголчууд маань бүгдээрээ зүгээр суухгүй,байгаа боломжоороо хандив өргөх нь дамжиггүй. Уриалга болон шаардлага гарвал  би ч гэсэн өөрийн хэмжээнд улсдаа хандив өргөхөд бэлэн байна.