О.Баасанхүүг Өргөдлийн байнгын хорооны даргаар сонгохыг санал нэгтэй дэмжив

  • 2015 оны 01 сарын 14

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /15.01.14/ хуралдаан 57.1 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Байнгын хорооны гишүүд хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжсэний дараа Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн саналыг тус бүлгийн дарга Н.Батцэрэг танилцуулсан юм.

Тэрээр, “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд ярилцаад байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн, хуульч өмгөөлөгч мэргэжилтэй, парламентад орж ирэхээсээ өмнө мэргэжлээрээ ажиллаж байсан Октябрийн Баасанхүүг сонгуулахаар нэр дэвшүүлж байна.

Өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд О.Баасанхүү гишүүн Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнд орж ажиллаж байсан. Дээрх хугацаанд нэлээн олон хуулийн төсөл санаачлах болон ажлын хэсгүүдэд орж ажиллаж байсан туршлагатай гишүүн. Өнгөрсөн хуралдаанаар зарим ойлголцлын зөрүү, мэдээллийн дутмаг байдлаас улбаалж байнгын хорооны даргыг сонгож чадаагүй өнөөг хүрсэн юм хэмээв.

Нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн байгаагүй бөгөөд М.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүд үг хэлсний дараа “Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүг байнгын хорооны даргаар сонгохыг дэмжье” гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.